Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2015-11-20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

Монгол Улсад өнөөгийн байдлаар улсын 400 гаруй, хувийн хэвшлийн 1500 орчим эмнэлэг хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд манай улс эмнэлгийн тоо, орны хувьд дэлхийд өндөр нягтаршилтай орнуудын тоонд багтдаг. Өнөөгийн үйлчилж байгаа эрх зүйн хүрээнд төрийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагын бие даасан байдал хязгаарлагдмал, хэт төвлөрсөн загвар хэвээр хадгалагдсаар байна. Ялангуяа удирдлагын түвшинд санхүүгийн болон хүний нөөцийн менежмент хийх боломж муу байгаа нь байгууллагыг хөгжүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ удирдах ажилтнуудыг хариуцлагаас зайлсхийх байдлыг үүсгэж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 2011 онд батлагдсан шинэчилсэн найруулгаар төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд удирдах зөвлөлтэй байхаар заасан хэдий ч өнөөдрийн байдлаар хэрэгжихгүй байна. Иймд дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох зохицуулалтын асуудлыг энэхүү хуулийн төсөлд тодорхой зааж оруулсан гэдгийг танилцуулгад дурдлаа.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай  холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 95.7 хувийн саналаар дэмжлээ.

 

Үүний дараагаар  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.  2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дүгээр чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг баталсан бөгөөд уг протоколд Монгол улс нэгдэн орсныг УИХ 2008 онд соёрхон баталсан. Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Засгийн газрын 2013 оны 281 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тус тус заасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн тусламж, дэмжлэг болон эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх харилцааг голчлон зохицуулж байгааг өөрчилж, хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгахдаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хүний эрхэд чиглэсэн зохицуулалтыг үндэс суурь болгосон гэдгийг  салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

 

ХАХНХ-ын  сайд С.Эрдэнэ гишүүдийн  асуултад өгсөн хариултдаа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарсан, хамгаалсан, халамжилсан асран хамгаалагчийн хувьд төрөөс ямар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх асуудал зохицуулагддаг байсан. Мөн энэ хууль батлагдсанаар холбогдох хуулиуд дээр нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлэнэ. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн дэд бүтцийг яаж бий болгох, боловсрол, соёл, зам, тээвэр, орон сууц гээд маш олон асуудалд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор нэмэлт өөрчлөлт оруулах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн нийгмийн тэгш үйлчилгээ үзүүлэх нөхцлийг хангасан хуулийн заалтуудыг нэмж оруулах асуудал дээр ажиллах юм. Хамгийн гол нь эхлээд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн суурь хуулийг батлаад дараа нь үүн дээрээ тулгуурлаад холбогдох нэлээд олон хуулиудыг өөрчлөх шаардлага байгаа. Энэ чиглэлээр ажиллана гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт үр өгөөж нь наалдах ёстой. Энэ талаар тодорхой ямар зохицуулалт байна вэ. Хөгжлийн бэрхшээлтэй 110 гаруй мянган иргэдийн 34 мянга нь хүүхэд байгаа гэж байна. Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цэцэрлэг 3, сургууль 5, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нэг байдаг. Гэтэл цэцэрлэгт нь үндсэндээ 200 орчим хүүхэд явдаг юм уу үгүй юу мэдэхгүй, сургуульд нь зөвхөн хэл, ярианы бэрхшээлтэй 200 гаруй хүүхэд явдаг юм билээ гээд, 34 мянган хүүхдийг сургууль, цэцэрлэгт хэрхэн хамруулах зохицуулалтыг тусгасан бэ?

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:

 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал буюу нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй, тэдний хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцлийг сайжруулах арга хэмжээг хуулийн төсөлд тусгасан.

 

Өмнө нь цөөн тооны сургууль, цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах асуудлыг авч үздэг байсан бол одоо 30 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Хөгжлийн үндэсний төв”-ийг 60 гаруй орчим тэрбум төгрөгөөр барьж байгуулах ажил удахгүй эхэлнэ гэлээ.

 

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 93.3 хувийн саналаар дэмжсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
Zochin O:
Dvvrgiin emnelgvvdee shinjilgeenii tonog tohooromjtei bolgohgvi bol jiremsen shinjilgee ogoh eejvvdiig huwiin emneleg rvv yawuulahaa bolimoor bna.emdaatgal tolj bj huwiin emnelegt shinjilgee ogmoorgvi l bna shdee
2015-11-21
Зочин:
yaduu mongol shig tumen asuufaltai gazar heregjine gej baihgui.
2015-11-20