Хил хязгааргүй гэмт хэрэг
2015-11-23

 

2015 оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар нийт 31 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цахим луйвар, залилангийн гэмт хэргийн хохирогч болжээ. Тэдний нийт хохирлын хэмжээ ойролцоогоор 1.8 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ оны эхний арван сарын байдлаар нийт 15 иргэн секс сүрдүүлгийн гэмт хэргийн хохирогч болж ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэгдээд байна. Хохирогчдын хувьд 20-35 насныхан байгаа ажээ.

 

Албан мэдээнээс

 

Баримт 1

 

2012 долдугаар сарын 02. Манай улсад цахим шуудангийн луйвар, интернэт залилангийн хэргийн анхны тохиолдол бүртгэгджээ.

 

Баримт 2

 

Хөвсгөл аймгийн харьяат иргэн А 2014 оны гуравдугаар сарын 06-ны өдөр фэйсбүүкээр Англи улсын харьяат гэх хуурамч хаягтай хэрэглэгчтэй харилцаа тогтоожээ. Улмаар гэмт этгээд “Англи хэлийг чинь сайжруулж өгье” гэх халхавчаар хохирогчтой дотносч, бэлэг явуулах тухай яриа гаргасан байна. Ингээд хэд хоногийн дараа Малайз улсын холбогдох албанаас хэмээн утсаар ярьж, таны нэр дээр Англи улсаас илгээж байгаа ачаанд их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн, та үүнийг авахын тулд ийм хэмжээний төлбөрийг төлнө үү гэх зэргээр хууран мэхэлж 7850 ам.долларыг шилжүүлж авсан байна.

 

Баримт 3

 

2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын харьяат иргэн А нь мөн дээрх этгээдэд 2550 ам.долларыг шилжүүлж залилуулсан байна. Гэмт этгээд дээрх үйлдлийг хийхдээ Малайз улсад бүртгэлтэй утас, данс болон Western Union үйлчилгээг ашиглажээ.

 

Баримт 4

 

2013 дөрөвдүгээр сарын 09. Иргэн “А” нь интернэтийн секс сүрдүүлгийн гэмт хэргийн хохирогч болсон тухайгаа Цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Энэ нь манай улсад үйлдэгдсэн ийм төрлийн гэмт хэргийн анхны тохиолдол байв.

 

Баримт 5

 

2015 оны наймдугаар сар. Гэрэл зурагчин Ө гэгч фэйсбүүк хуудсаар дамжуулан охид бүсгүйчүүд рүү "Зургийг чинь дарж өгье. Фото модель болгоё. Уулзъя"  гэж мессэж бичдэг байжээ.

 

Энэ мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж гэрэл зурагчин Ө-д эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. Уг хэрэгт гурван хохирогч тогтоогдсон бөгөөд тэдний нэг нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.

 

Баримт 6

 

2014 оны нэгдүгээр сар. Дунд сургуулийн сурагч Н охин гар утсаа хулгайд алджээ. Утсыг нь хулгайлсан этгээд охины утсан дээр байсан угаалгын өрөөндөө цээж нүцгэн авсан зургуудыг нь цахим ертөнцөд тавьж шуугиан тарьжээ. Түүнээс болж Н охин хичээл сургуульдаа очиж чадахгүйд хүрч, сэтгэл санааны дарамтад орсон байна.

 

“Найз” маань намайг дээрэмдчихлээ!

 

Цүнх зүсдэг, халаас суйлдаг гэмт этгээдүүд хөгжлийн шинэ шатанд шилжжээ. Тэд одоо таны халаас, цүнхэн дотор, эсвэл ажлын өрөө, гэрийн тань хойморт залрах болсон. Та тэдэнтэй найзууд. Бас халуун дотноор дэмжигч нь. Ажлын цагаасаа хумслан, гэр бүлийнхэндээ зориулдаг цагаасаа ч илүү хугацааг та тэдэнтэй өнгөрүүлж, орондоо орохдоо ч  хамт байж, амин хувийн болоод албан хэргийн бүх сонин хачнаа хуваалцаж, сүүлдээ хулгай, залилан зэрэг хууль бус үйлдлийг нь өөгшүүлэн дэмжиж, хамтран зүтгэх болжээ. Харин энэ бүхний эцэст та салж хагацдаггүй найзынхаа халдлага, хүчирхийлэл, гэмт үйлдлийн хохирогч болж үлдэх нь харамсалтай бөгөөд хяслантай. Ийм эрсдэлд орсныхоо дараа л иргэд өнөөх “сайн найз”-ыгаа блоклож, цагдаа, хууль хяналтын байгууллагад ховлохоос өөр аргагүй болдог байна.

 

Ийм “сайн найз”-ууд олон нийтийн сүлжээнд хэдэн арваараа байх магадлалтай. Тиймээс фэйсбүүк, твиттэр, ви чаат, мэссэнжэр зэрэг олон нийтийн сүлжээг ашиглахдаа хянуур болгоомжтой байхгүй бол цахим халдлага, гэмт хэргийн золиос болох эрсдэл алхам бүхэнд тань отож байгаа. Сүүлийн үед цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргүүд ингэж хэлэхэд хүргэж байна. Интернэт сүлжээ бүх хүний өргөн хэрэглээ, ажил амьдралын салшгүй хэсэг болсон. Тэр хэрээр цахим ертөнцийн сүүдэр биднийг дагах болов. Энэ сүүдрийг хууль хяналтын байгууллагынхан хэд хэд ангилжээ.

 

Эхнийх нь цахим орчин дахь луйвар, залилан. Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдсэн. Гол төлөв гадаад худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ийм хэргийн хохирогч болдог байна. Тэд харилцагч талаасаа төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээж авснаар гэмт этгээдүүдийн урхинд ордог аж. Уг нь гадаадын харилцагчдынхаа төлбөрийн данс солигдсон тухай цахим шууданг хүлээн аваад үнэн эсэхийг харилцагч талаасаа утсаар тодруулж асуух, эсвэл ирж буй и-мэйл хаягийн зөв бурууг нягталж шалгачих юм бол гэмт үйлдлийн золиос болохгүй л дээ. Харамсалтай нь хуурамч цахим шууданд итгээд тэрхүү шинэчлэгдэж солигдсон данс руу мөнгөө шилжүүлчихдэг гэнэн итгэмтгий хүмүүс цөөнгүй гэнэ. Монголчуудын өртсөн ийм цахим залилан, луйврын хохирол хоёр тэрбум шахам төгрөгөөр хэмжигдэж байгаа нь кибер ертөнцөд гэнэн цагаан, гүндүүгүй монгол зан зохидоггүйг харуулж байна.

 

Цахим гэмт хэрэгт хил хязгаар гэж үгүй. Сүүлийн үед Малайз, Сенегал, Англи, Филиппин зэрэг гадаадын улс орнуудаас үйлдэж буй интернэт луйврын гэмт хэрэгт манай иргэд өртөж хохирох тохиолдол олон гарах болжээ. Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн фэйсбүүк орчныг ашиглан үйлдэгддэг байна. Гэмт этгээдүүд банкны данс ашиглахаас гадна Western Union, Moneygram, Swift зэрэг олон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг түгээмэл ашигладаг байна. Тиймээс интернэт орчинд үл таних гадаад иргэдтэй “сайн найз” болоод хэрэггүй. 

 

Хууль хяналтын байгууллагынхны ангилснаар цахим орчны өөр нэг ноцтой гэмт хэрэг бол секс сүрдүүлэг. Энэ төрлийн гэмт хэрэг нь фэйсбүүк болон бусад төрлийн сошиал сайтаар хохирогчтой танилцсанаар эхэлж, улмаар дотно харьцаанд орохыг хүсч, хохирогчийн хувийн чанартай зураг болон бичлэгийг хуулж авдаг. Үүний дараа олон улсын мөнгөн гуйвуулга болох Western Union, Moneygram үйлчилгээгээр тодорхой заагдсан хугацаанд шаардсан мөнгөн дүнг шилжүүлэхгүй бол эдгээр материалыг найз нөхөд болон олон нийтэд тараана хэмээн сэтгэл санааны дарамтанд оруулдаг байна. Мөн охид, бүсгүйчүүдийг хууран мэхэлж нүцгэн зургийг нь аваад уг зургуудыг нь олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж дарамтанд оруулсан тохиолдол нэг бус бүртгэгджээ. Ийм төрлийн гэмт хэрэгт өсвөр насны охид өртөх нь элбэг байгаа ажээ. Цаашилбал цахим орчинд зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр кино бүтээлүүдийг олон нийтэд түгээх гэмт хэрэг түгээмэл байгаа гэнэ. ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст энэ онд “Зүрхээр наадагч”, “Миний ах атаман”, “Чонон сүлд”, “Аав” зэрэг дөрвөн киног интернэт орчинд зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан гэх гэмт хэргүүд шалгагдсан байна. Садар самууныг сурталчлах гэмт хэрэг ч цахим орчинд идэвхжих болжээ. Энэ онд Монгол Улсын хэмжээнд садар самуун агууламж бүхий дүрс бичлэг, гэрэл зургийг бусдад тарааж, сурталчилж байсан дотоодын зургаан цахим хуудасны үйл ажиллагааг таслан зогсоож хариуцлага хүлээлгэсэн байна. Мөн гадаад улсад бүртгэлтэй садар самуун сурталчилж буй 35 сайтын Монгол Улсаас хийх хандалтыг хязгаарлажээ.

 

Цахим ертөнцөд цадигаа алдсан хүүхдүүд

 

Хүүхдийн оюун сэтгэхүй, бие бялдрын өсөлт хөгжилтөд хамгийн хүчтэй нөлөөлж буй зүйл бол орчин үеийн техник технологи, мэдээллийн хэрэгсэл. 2014 оны байдлаар Касперскигийн үйлчилгээг хэрэглэдэг нийт интернэт хэрэглэгч хүүхдүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 68 хувь нь хууль бус, хортой контентийн хохирогч болж байна гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсын хувьд цахим орчинд хүүхдийг шууд болон шууд бусаар сэтгэл зүй, хүмүүжлийн хувьд хүчирхийлэх, мөлжих явдал илэрч байгаа нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа, мөрдөн шалгаж байгаа хэргүүдийн тооноос харагдаж байна.

 

Хичээлийн даалгавраа интернэтээс татаж авч байна гэх нэрийдлээр хүүхэд маань хэдэн цаг компьютерийн өмнө суух юм гэх мэт зовлон тоочих эцэг эхийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Ихэнх эцэг эхчүүд хүүхэддээ интернэт ухаж олон цагаар суулаа, ядарна, хараа муудна, нуруу нь бөгтөр болно, хичээлээ давт гэсэн шаардлага тавьдаг. Харин тэд хүүхдүүдийнхээ үзэж сонирхож байгаа цахим ертөнцийнх нь агуулгыг тэр бүр сонирхдоггүй. Сонирхохыг хүслээ ч хүүхдүүд өөрсдийн фэйсбүүк, твиттер рүү эцэг эхийгээ оруулахгүй. Гэтэл хүүхдүүдийг хорхойсуулж донтуулан сонирхлыг нь татдаг тэрхүү цахим орчинд асар их хууль бус  үйлдэл өрнөж, сөрөг мэдээллийн үер давалгаалж байдаг билээ. Монгол Улсад хамгийн өргөн хандалттай вэб сайтуудын хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх сөрөг нөлөө их байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос онцолжээ. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийг зөрчин үйл ажиллагаа явуулдаг вэб сайтууд аль ч насны хүүхдүүд шууд нэвтрэхүйц садар самуун агуулгыг нээлттэйгээр дэлгэн тавьсан байдаг. Мөн шар мэдээ хөөцөлддөг вэб сайтууд хүүхдийн хүмүүжлийн болоод нийгмийн хариуцлагын асуудлыг огт харгалздаггүй бөгөөд нийтлэлийн тодорхой бодлогогүй, мэдээллийн агуулгын ихэнх хувийг нь элдэв цуу, хов жив, гэмт хэрэг, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, этгээд, гажууд мэдээлэл зэрэг эзлэх бөгөөд мэдээллийг зөв сонгох чадамжгүй хүүхэд, өсвөр үеийг онилон нийтэлдэг. Цаашид мэдээллийн агуулгын зааг, шалгуурыг тодорхой болгож хүүхдүүдэд сонгон үзүүлэхгүй бол тэдний оюун санаа, хүмүүжил, нийгмийн амьдралд хортой юм.

 

Олон нийтийн сүлжээнд хүүхдүүд өөрийн мэдээллийн буланг үүсгэж, хувийн мэдээллээ оруулдаг бөгөөд энэ нь тэдний аюулгүй байдалд тодорхой байдлаар аюул, занал учруулдаг. Нэгэнт тухайн хүүхдийн зураг, овог нэр, хаяг зэрэг хувийн мэдээлэл нууцлалгүй буюу нээлттэй байх нь төрөл бүрийн гэмт хэрэг, садар самуунд уруу татагдах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг бий болгож байгаа ажээ. Мөн зарын вэб сайтуудад төрөл бүрийн танилцах зарыг тодорхой шалгуургүйгээр байрлуулах нь биеэ үнэлэх, садар самуунд уруу татагдах зэрэг эрсдэлийг үүсгэдэг байна.

 

БСШУ-ы сайд Л.Гантөмөр Интернэт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өсвөр насны хүүхдийн хүмүүжилд нөлөөлж буй өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай мэдээллийг 2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байжээ. БСШУ-ы сайдын энэ мэдээллийн дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан байдаг. Цахим орчинд сэлгүүцсэн цадиггүй хүүхдүүд олширвол ирээдүйн иргэдийн маань хүмүүжил төлөвшил, сэтгэхүй, зан суртахуун ямархан хор хөнөөлд учрахыг бид өнөөдөр эртнээс тооцож, энэ талаар хууль эрх зүйн орчныг сайжруулах цаг болжээ. Номын сангууд эзгүйрч, интернэт кафе ачааллаа даахгүй байгаа нь энэ цагийн нэг шажуудал билээ.

 

Г.СОНИНБАЯР

 

Эх сурвалж:

 

Shuud.mn
Сонин хачин