“Шинэ жил“ төсөл
2015-11-24

940.5 тэрбумын алдагдалтай ч сахилга батжсан төсвөө баталж аваад Оюутолгойг дараа оны найдвар болгож  цагаан сарын сэдэвт үлдээгээд энэ оны эдийн засгийн асуудал үндсэндээ хаагдлаа. Одоо шинэ жилээ ярьцгаах боллоо доо. 

 

 

Тавантолгой дээр шампанск буудуулах хүлээлт байсныг түрдээ мартуулж  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оргилуун дарс буудуулья гэсэн “төсөл” санаачлага гараад ид дундаа явж байна. Хэдэн жил бэлдсэн гэх өөрчлөлтийн төслөө гэнэт өргөн барьсан нь яах аргагүй шинэ жилийн сюрприз болгох гэсэн хэрэг байх.

 

Үргэлж муулах түшээдийнхээ урмыг нь хугалалгүй “Улс төр”-ийн тусгалаар шинэ жил ямар байх төслийн төсөөллийг буулгацгаая. Дандаа бухимдаж уурлаад яахав. Давхар бас инээмсэглэцгээе дээ.

 

2015 оны 12-р сарын сүүлийн өдрүүд ... Төв Азийн цээжиндэх төвийг сахисан тусгаар Монгол улсын шинэ жил  ...

 

Цалин мөнгөн тэнгэртээ цагаан цасаар “Эх хууль” гэж  угалзлуулан бичих Телевизийн реклам айл бүхэнд  “Пууль ЭЧ ДИ ”- гээр гараад л. Араас нь Портуун гишүүний онгодоор асаасан галын наадам дундаас “Эх хууль” -тай болсон шинэ жилийн мэндийг дэндүү олон царайлаг бүсгүйчүүд хоршин уншаад л.  Жавартай үдшийн шоунд жаргалтай цасан охид нимгэн торкотой бүжиглээд л. Энд тэндээс нь камерийн гэрэл манас гялс гээд л. Тэгсэн дийлцэн камертай нэг  л хүн гялалзуулаад байх  нь М.Зоригт сайд байх ажгуу.

 

Ард нийтийн санал асуулга болж Үндсэн хуулийг өөрчилсөн байвал энэ шинэ жилд шинэ өнгө, гайхам сюрпризүүд дуусашгүй.  

    

Төрийн зарлиг гарч 99 гишүүнтэй болсны баярт 99 шампанскийг 99 тэнгэрт зориулан буудуулах нь Салют буудуулахаас ч сүртэй. Мөн их хурлаас баяр тэмдэглэх журманд өөрчлөлт оруулснаар энэ шинэ жилээс эхлэн 99 их буугаар 5 удаа л салют буудуулна.  Европ хэлбэртэй баярыг Монголжуулж засвар оруулж байгаа юм.

 

Гишүүн болох нь дахин соёрхогдсон  “жагсаалтын” гишүүд болоод дээд доод танхимд  багтах нь шинэ сонгуулийн хуулиар баталгаажсан элч нарт баяр хүргэх оргилуун дарстай мэндчилгээнүүд гахсаар. Үүнийг нэгэн жиргээч бөөгнүүлсээр “Шинэ цагийн уран үгсийн чуулган” хэмээх ном болгосноо зарлах юм.

 

Орон нутгууд тус бүрдээ хөлтэй бэлтэй шинэ жилээ хийнэ. Үндсэн хуулийн дээрдүүлсэн өөрчлөлтөөр бүгд бие даасан “хот улс” болох тул сүлд модны наадмаа илүү өргөн тансаг хийж таарна. Шинэ хотдоо өгөх нэрийг зөвхөн Чингис өвөөгийн үр ач нарын нэрнээс сонгож өгөхөөр тогтож нэр сугалах эрхийг оны шилдэг хүүхдэд шилжүүлэх байх. 

   

Дэлгүүрүүд дэндсэн гэмээр “сайл” зарлаж “Эх хууль” гэсэн зурагтай подбоолкыг жинхнээсээ  үнэгүй тараана. Ингэснээр татвараа төлдөггүй Маяа хүүхнийг шоудах сэдэвгүй болгочих юм.

 

Үүрэн утасны компаниуд  уралдан рекламаа цацаж  ард нийтийн санал асуулгад идэвхтэй оролцсоны талархалд ард түмнээ үнэгүй яриулж урамшуулах байх. Цаг арай ч хатуудсан морь ч уралдахгүй байх. Харин бөхөө бол барилдуулж ч магадгүй.

 

“Эх хууль болсоны өдөрт”  гэсэн ил захидалтай гарын бэлэг эхчүүд эмэгтэйчүүдэд ихээр ирэх биз дээ. Тодорхой. Илгээгч нь тойргийн депутаад гишүүн байж таарна.

 

“Бүү ай. Би тантай хамт” гэсэн ил захидалтай гэнэтийн бэлгийг дурсгүй Санта гэнэт гаргаад ирж магадгүй. Илгээгч нь бас тодорхой. Дараагийн сонгуульд парламентийн доод танхимд үзэх танай тойргийн нэр дэвшигч байж таарна.

 

“Оюутолгой хөдөллөө” гэж Ерөнхий сайд шампанск гаргангуут “ Гарын үсэг тоондоо хүрсэн шүү” гэж Уянга гишүүн нөөц шампанскаа гаргаад сэгсрэх юм. Хоёулаа л сүртэй буудуулалт болно.

Шинэ жил өөдрөг баяр. Хот хөдөөгийн залуус сэтгэл дэгэлзүүлэх сэдэв яриа ихтэй. “Оюутолгой явлаа. Доллараар цалинжинаа” гээд халамцуудаа хувцсаа боосон ч гэрээс гараагүй залуус “Шинэ төмөр зам барихаар цэрэгт явлаа шд ээ ” гэж эхнэрээ уйлуулна даа. “Цалингаа хурааж ирээд чамайг авч сууна даа” гэж баяны охиныг онилж  дотроо зоригжих хөвгүүд минь үүгээр олон болог.      

 

Ард түмэн бүх нийтээр санал асуулгад оролцсоны баяр хавсраад шинэ жилийг мөн нижгэр хийхээр догдлоно. Нөөц шампанск авах мөнгө нь харин “проблем” хэвээрээ үлдэх болов уу. Балга шампанскт настор орчихдог шинэ жилийг нижгэр хийхэд цалин нэм гэх явцуу яриагаар яахав. За тэгээд Эцэг хуулийг Эх хууль болгосны шинэ жил хэрхэн өрнөхийг уран жиргээчид цааш нь хөгжөөнө  биз. “Шинэ жил” төсөл ч гэж болно. 

 

Энэ шинэ жил шинэлэг болох байх. Гутранги зарим нь үгүйсгэж л байна.  Бүтэхгүй ээ  “Портуун хааны  үлгэр” болно гэж хэрсүүрхэх . Тэгсэн хэрнээ өвлийн өвгөн харин ирдгээрээ ирнэ л гэж хүүхдэрхүү болох.

 

Цалин мөнгөн тэнгэрт цасан хээгээр Монгол гэж угалзлуулах шинэ жил хаяанд ирсэн байна шүү..    

 

 Б.Хэгжүүн

 

Shuud.mn
Сонин хачин