Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг баталлаа
2015-11-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

 

Хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 12.2 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 28.6 хувийг ажлын байраар хангадаг Монгол Улсын чухал ач холбогдолтой салбар.

 

Монгол Улс 2003 оны байдлаар 25.3 сая.толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй уналтанд орсон, жилд 165 мян.тн үр тариа хураан авдаг, махны дотоодын хэрэгцээг хангадаг боловч сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаггүй байсан. Харин 2014 оны түвшинд салбарын эдийн засгийн өсөлт 14.4 хувь, нийт ДНБ-д ХАА-н салбарын ДНБ-ний эзлэх хувь 12.2 хувьд хүрч, 51.9 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй сэргэн, хөгжих эхлэл тавигдаж мах, сүүний чиглэлийн 50 орчим мян.толгой үхэртэй болж, жилд 518 мян.т үр тариа, 270 гаруй мян.тн төмс, хүнсний ногоо хураан авч, 7000 тн ноолуур, 23000 мян.тн ноос, 11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, хүн амын мах, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангадаг болжээ.

 

Гэвч олон улстай харьцуулахад хөдөө аж ахуйн салбар нь нэгжийн гарц, боловсруулалтын түвшин доогуур эдийн засгийн үр ашиг багатай байсаар байгаа.  Хөдөө аж ахуйн түүхий эдийн боловсруулалтын түвшин түүхэнд хамгийн өндөр байсан 1980-аад оны байдалтай өнөөгийн байдлыг харьцуулахад бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тоо хэмжээ хэдийгээр нэмэгдсэн ч боловсруулалтын түвшин, бүтээмж бага аж.  Улсын нийт хүн амын 50 орчим хувь хөдөө, орон нутагт ажиллаж амьдардаг ба орон нутагт ядуурлын түвшин 39.4 хувь байгаа нь улсын дунджаас даруй 12 хувиар, Улаанбаатар хотоос 20 орчим хувиар өндөр байнгаа юм.

 

Сүүлийн  жилүүдэд олон улсын худалдааны цар хүрээ, аялал жуулчлал нэмэгдсэнтэй холбоотойгоор хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн тоо эрс өсөж хөрш орнуудаас хил даван тархах халдварт өвчний эрсдэлийг өндөр болжээ. Үүнээс гадна монгол мал жилийн дөрвөн улиралд бэлчээрээр маллагддаг онцлогтой холбоотойгоор байгалийн голомтот халдварт өвчний гаралт буурахгүй байна. Тухайлбал, 2014 онд 22 нэрийн халдварт өвчнөөр 32504 мал өвчилсний 16.0 хувь буюу 5366 мал хорогдсон байна.

 

Газар тариалангийн салбарын хувьд га-с авах ургац бусад цаг уурын ойролцоо улстай харьцуулахад 1.5-2 дахин бага, нийт тоног төхөөрөмжийн 40 хувь нь 20-иос дээш жилийн насжилттай байна. Мөн хүнсний боловсруулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж хоцрогдолтой байгаа.           Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулалтын түвшин ихэнхдээ анхан шатны боловсруулалт хийж байгаа ба ноос 23 мянган тонноос 19 мянган тонныг, ноолуур 7 мянган тонноос 2 мянган тонныг, арьс шир 11 сая ширгэхээс 3 сая ширхэгийг дотооддоо боловсруулжээ.

 

Иймд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник, технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талт хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан, 2016-2025 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжихээр төлөвлөжээ.  Бодлогыг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дагавар гарна гэж үзсэн байна.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд:

 

-Мал аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүний талаар бодлого оруулсан. Харин үйлдвэрлэлийн талаар тусад нь орсон байгаа. Эцсийн бүтээгдэхүүн хийх, боловсруулах нь үйлдвэрлэлийн бодлого дээр орсон. Генетик нөөцийн тухайд БОНХАЖЯ оруулж ирнэ гэдгийг тодотгосон.

 

Дараагаар нь Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараагаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг батлав.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин