Малчдыг тэтгэврийн даатгалд хамруулна
2015-11-26

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

 

2015 оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн тэтгэвэр авч байгаа аж.

 

Харин эдийн засгийн идэвхитэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь тэд ирээдүйд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээргүй нөхцөлийг бүрдүүлж буй юм байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч маш бага хувь нь шимтгэл төлж, даатгуулжээ. Тухайлбал, 2014 оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалд сайн дураар 181,3 мянган иргэн даатгуулсны 32,7 мянга нь малчид байсан бөгөөд энэ нь нийт малчдын 11,1 хувь аж. Сүүлийн 5 жилийн судалгааны дүнгээр, малчдын зөвхөн 4,3-11,1 хувь нь тэтгэврийн даатгалд сайн дураар хамрагдсан нь ирээдүйд малчдын дийлэнх нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах бололцоогүй болохыг харуулж байгаа юм. Иймд манай улсын эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуйд ажиллагчдыг дэмжих, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай байна хэмээн хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Батцогт дурдлаа. Тэрбээр:

 

-Хүн амын насжилтийн хэтийн тооцооллоос үзэхэд цаашид хүн амын насжилт уртсаж нийт хүн амын тоонд өндөр настны эзлэх хувь өсөх нь тэтгэврийн сангийн зардалд нөлөөлөх төдийгүй айл, өрхүүдийн хувьд орлогынхоо тодорхой хэсгийг өндөр настныг дэмжихэд зориулах нь өрхийн амьжиргаанд ихээхэн нөлөөлөхөөр байна.

 

Иймд малчны тэтгэвэр тогтоолгох насыг бууруулах арга хэмжээнээс илүүтэй цэрэг, цагдаа, дипломат алба, шүүхийн шинжилгээ зэрэг зарим салбарт ажиллагчдын ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцдог жишгийг баримтлан жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ дагаж, өдөр шөнийн ээлжгүй, ажил амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь тэдний ирээдүйд авах тэтгэврийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлэх юм хэмээв.

 

Түүнчлэн малчдын шимтгэл төлж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцвол тэдний тэтгэврийн даатгалд хамрагдах сонирхол дээшилж, шимтгэлийн орлого нэмэгдэх учир нийгмийн даатгалын санд дарамт болохгүй гэж тооцжээ. Мөн малчинд ирээдүйд үзүүлэх нийгмийн халамжийн зардал буурч, төсвийн ачаалалд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр, С.Дэмбэрэл нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж үг хэлж байр сууриа илэрхийлсэн.Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

 

Дараа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Оюун, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал танилцуулсан юм. Харин  ажлын цагийн хуваар дууссан тул хэлэлцүүлгийг маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо. Ийнхүү өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин