Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэхийг дэмжив
2015-11-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төр, нийгмийн зүтгэлтэн  Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ”Ю.Цэдэнбал даргыг ард түмний ихэнх нь хүндэтгэдэг. НҮБ-ын тусгаар улсыг бидэнд хүлээлгэж өгсөн. ОХУ-д очоод л  нутагтаа явахыг хүсч байсан хүн. Тиймээс ойг нь  тэмдэглэх саналыг дэмжээд явуулах хэрэгтэй”  гэсэн горимын санал гаргав.

 

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “XX зууны үе бол монголчууд үндэстнээрээ босч ирсэн түүх юм.  Монголчууд үндэстнийхээ сор болсон зүтгэлтнүүдийг дээдэлдэг байх ёстой. Цэдэнбал дарга бол аль нэг намын хүн биш Монголын хүн. 1960 оны Үндсэн хууль бол хөдөө аж ахуйн орноос үйлдвэр хөдөө аж ахуйн орон болгох зорилт тавьсан. Алдаа байсан хэдий ч хөгжсөн. Бид цагийн эрхшээл, харийн тулгат дотор шийдвэрээ гаргадаг байсан, гэхдээ Монголоо авч үлдсэн. Удирдагчид ихийг хийж чадсан” гэсэн бол Ц.Оюунгэрэл “Бид өөрсдийнхөө ардчилсан засаг, хуулийг дээдлэх ёсоо гажуудуулж болохгүй” гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Би тогтоолын төслийг дэмжиж байна. Түүхэн хүний үйл хэргийг  сэргээж, амьдрал ахуйг нь хойч үедээ дуурсгах хэрэгтэй. Алдаагаа засах боломж бүрдэж байна. Энэ бол МАН, МАХН-ын түүх биш, Монголын түүх. Бид түүхээс сургамж авах ёстой юм. Бидэнд хэт их туйлшрал хэзээ ч сайн зүйл авчрахгүй. Яагаад олон жил өнгөрч байхад нэр төрийг нь сэргээгээгүй юм бэ? Яагаад үр хүүхдэд нь эд зүйлийг нь өгөөгүй юм бэ” хэмээж байлаа. Хууль санаачлагач Ч.Хүрэлбаатар:

 

-2016 онд Цэдэнбал агсны 100 жилийн ой болно. Тийм учраас сэтгэл хөдлөлгүйгээр энэ асуудлыг шийдье гэж байгаа. Гавьяа шагналыг нь  буцааж өгөх асуудлыг  хүмүүс ярьдаг, үр хүүхэд, ар гэр нь үүнийг хөнддөггүй.  Харин музейд байршуулах хэрэгтэй гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ю.Цэдэнбалын 100 жилийг тэмдэглэх тухай ярьж байна. Энэ 100 жилийн хугацааны тал хувьд нь Монгол төрийг тэргүүлж байсан хүний ойг тэмдэглэх тухай яриад байна” гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Түүхэн ойг тэмдэглэх гэж байгаа бол Тэмүүжингээсээ эхэлье. 70-80 жил нэрийг нь хэлэхийг хааж байсан тэр үеэсээ эхэлье. Түүнээс биш хойноос нь дундаас нь эхэлье гэж бодож байна. Түүхийг гажуудуулаад, өөр дээрээ наах гээд, өргөмөл хүүхэд нь байсан юм шиг зүйл л яриад байна. Үүнийг улстөржүүлээд байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Харин А.Тлейхан “Ю.Цэдэнбал дарга бол түүхэн хүн. Ажил хийж байгаа хүнд алдаа байлгүй яах вэ. Гэхдээ гавьяа нь их. Тиймээс түүхэн хүнээ алдаршуулах хэрэгтэй” гэж байсан юм. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Түүхэн ойг тэмдэглэж болно. Засгийн газар шийдчихдэг.  Сүүлийн 25 жил бид өөрсдөө шийдэх боломж бүрдсэн юм. Нэг хүний 100 жилийн ой биш төрд зүтгэж байсан томоохон зүтгэлтнүүдийг цагаатгах асуудлыг хэлэлцэх ёстой гэж байлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Манай нам 6 жилийн дараагаар бүх шийдвэрүүдээ устгаж, уучлалаа гуйсан. Одоо ч гэсэн намууд алдаа эндэгдлийнхээ дутагдлыг засдаг байх ёстой. Олон жилийн дотор олонхи байхдаа яагаад хэрэгжүүлээгүй юм бэ гэж байна. Олонхи боллоо гэж эрхээ хэтрүүлдэггүй юм. Өнөөдөр өргөн барьж байгаа нь хамгийн чухал.  Энэ талаас нь асуудалд хандаж өгөх байх гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:

-Би энэ тогтоолын төслийг дэмжихгүй байна. Мөн ч олон буриадууд хэлмэгдсэн.  1990 онд ардчилсан хувьсгалыг хийсэн хүмүүсээс болж энэ алдааг хийсэн гэж тайлбарлаад байгаа. Харин АН олонхи болсон үедээ үүнийг батлаад өгөөч гэж байгаа юм байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Гэм буруутай хүнийг л цагаатгасан. Ю.Цэдэнбал даргыг шүүхээр гэм буруутай гэж тогтоогоогүй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүнийг л цагаатгадаг. Хэрвээ цагаатгана гэвэл өнөөдөр амьд байгаа зарим хүмүүст хариуцлага тооцох болно. Харин бид Ю.Цэдэнбал даргын 100 жилийн ойг тэмдэглэж, үйл хэргийг нь алдаршуулах ёстой.

 

Гишүүд ийнхүү асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингээд чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Маш зөв шийдвэр гаргасанд талархаж байна. Энэ түүхэн хүний гавъяаг маш олон зүйлээр тайлбарлаж болно. Харин Ц.Оюунгэрэл, Гарамгай баатар 2 эсрэг саналтай байсан байна гэдгийг ойлголоо. Ц.Оюунгэрэл ардчилсан засаг, хууль дээдлэх ёсоо гажуудуулахаас ямар их айгаа вэ. Тэртэй тэргүй ардчилсан засаг, хууль ёс хоёроо та бүгд хол дороо дэвслээд дуусгасан шүү дэ. Чи мэдэж л байгаа шүү дээ. Улс төр гэдэг чинь намчирхахын нэр биш шүү чи дэндүү тэнэг байна. Гарамгайбаатар ч идсэн уусандаа хордоод эргүү төлөг болсон хүн шүү дээ.
2015-11-27
Зочин:
sain bna mongol gertenguud neg yastan bish ch biye biyedee tuslax xeregtei shuu china adilxan tom oron bolno
2015-11-27