Л.Жамбалжав: Эрүүл мэндийн салбарыг МАХН унагасан гэдэгтэй санал нийлэхгүй
2015-12-02

МАХН-аас Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлээд буй Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор Лхамсүрэнгийн Жамбалжавтай ярилцлаа.

 

-Таныг Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлэх саналыг намаас тань тавив уу, салбарынхан эхэлж санал болгов уу. Н.Энхбаяр даргад хандсан эрүүл мэндийн салбарын гавьяат болон ардын эмч докторуудын ил захидал хэвлэлд гарсныг харсан?

 

-Ер нь өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдад зайлшгүй хүн нэр  дэвшүүлэх болоод байгаа ш дээ. Дэвшүүлэх эрх, үүрэг нь МАХН-д байгаа. Миний бие МАХН-ын гишүүний хувьд МАХН намайг Гүйцэтгэх товчоо, нарийн бичгийн дарга нарын хурлаараа хэлэлцээд нэр дэвшүүлсэн. Мэдээж энэ салбарын ажил байдлын талаар, манай салбарын эмч эрдэмтэд, жирийн эмч нар бүгд л сэтгэл зовж байгаа. Бушуухан эзэнтэй болъё, ажилтай болъё гэдэгт бүгд л санаа зовж байгаа. Эмч нар, эмч эрдэмтэд хүртэл манай намын удирдлагад хандсан байна лээ. Надад ч хандсан. Миний хувьд бол энэ салбарт бүх насаа зориулсны хувьд жирийн эмчийг нь ч хийлээ, эмнэлгийн даргаар ч ажиллалаа, яамны газрын даргыг нь ч хийлээ. Эрүүл мэндийн холбогдох хууль дүрмүүдийг боловсруулахад ялангуяа ардчиллын жилүүдэд хууль эрхийн актуудыг боловсруулах ажилд гар бие оролцож ирлээ. Тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан байна. Төр засгийнхаа буянаар гадаад дотоодод сургууль соёл төгссөн, мэргэжил дээшлүүлсэн. Энэ болгон маань энэ салбарын ажлыг надад танил болгосон. Салбараа сайн мэдэх юм. Тийм учраас би энэ ажлыг хийхэд татгалзах зүйлгүй. Ер нь хийе гэж зориг шулуудаад эмч нарынхаа хүсэлт, намынхаа шийдвэрийг биелүүлэх зорилготой байна.

 

-Намын шийдвэр хэзээ гарав?

 

-Намын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн ням гаригийн орой хуралдаад шийдвэрээ гаргасан. Ер нь өмнө яригдаж байсан. Баасан гариг, бямба гаригаас л яригдсан. Энэ асуудал намын анхаарлын төвд байсан. Манай намаас томилогдсон сайд маань асуудалд ороод байгаа ийм үед учир начрыг нь ч олоогүй, албан ёсны мэдээ ч аваагүй байхад бушуухан хам хум дараагийн сайдыг томилно гэдэг чинь хүн ёсны хувьд ч тэр, зарчмын хувьд ч тэр аль алиндаа зохимжгүй асуудал. Нам бол үүний төлөө байнгын бодолтой л байсан. Үүнд хүмүүс яарч байсан боловч цаг хугацаа бас хэрэгтэй байлаа. Цаашдаа ямархуу байдалтай болох нь вэ гээд. Тэгээд өнөөдөр тодорхой хугацаа өнгөрлөө. Улс орны хөгжилд, засгийн асуудалд зайлшгүй байх, ажиллах ёстой хүнийг нь томилох шаардлага намд тулгарсан учир нам шийдвэрээ гаргасан.

 

-Сайдад нэр дэвшүүлэхэд танаас өөр хүн яригдаагүй юу?

 

-Мэдэхгүй. Ер нь олон хүн байсан байх аа. Би бол МАХН-ын гишүүн байснаа Гэмтлийн эмнэлгийн дарга болохдоо төрийн алба гээд улс төрийн албан тушаал хашихгүй болчихсон. Тэгээд яахав одоо ажилгүй байгаа учраас хуучин харьяаллаараа, намд зүтгэж байсан ийм жирийн гишүүн гэдгээрээ яваа. Сайдад олон хүн л яригдсан байх. Хуулийн хүн байх уу, үгүй юу гээд л. МАХН-д байсан өөр эмч нар гээд янз янзын хүмүүс дуулдаж л байсан. Тэгээд намайг албан ёсоор дуудаад “За бид таныг сонгоод хэлэлцэж байна аа” гээд л хуралд оруулсан. 

 

-МАХН-тай цуг засгийн эрх барьж байгаа АН-ынхан танай намынхныг эрүүл мэндийн салбарыг дампууруулаад дууслаа, АН яамаа авъя гэдэг зүйл ярьж байгаа. Сая даваа гаригт болсон бүлгийн  хурал дээрээ хүртэл ийм санал гаргасан байна лээ? 

 

-Үгүй ээ, энэ салбарын хувьд дампууруулсан юм байхгүй ээ. Ажил байдлаа дотроо бид шүүмжилж, энэ болохгүй байна, ийм байна гэж ярьдаг биз дээ. Зүгээр л бид болж байна, сайхан байна гээд дэвхцээд гүйгээд байхгүй. Би ч гэсэн манай нам эрх барьж байгаа ч гэсэн өөрийнхөө салбарт ажил төрөл болох бүтэхгүй хүндрэлтэй байна гэдгийг шүүмжилж л байсан. Энэ бол шударга ёсны шүүмжлэл. Тэгж байж ажлаа сайжруулна уу гэхээс болж байна гээд дээгүүр хараад л давхиад байж болохгүй биз дээ. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбар гэдэг 96 жил хөгжсөн салбар. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, гольдирлоороо явж байгаа. Өнөөдөр төр засаг хэн ч солигдлоо гэсэн нэгдүгээр эмнэлэг байдгаараа байгаа, гуравдугаар эмнэлэг байдгаараа л байна, хоёрдугаар эмнэлэг байдгаараа л байна. Хийдэг ажлаа хийдгээрээ л хийж байна. Хүн ард маань эмнэлэгт хэвтээд эмчлүүлээд л, мэс засал хийлгээд эдгэрээд л явж байна. Хүн төрөөд өсч үржээд ингээд л явж байна. Энэ бол гольдирлоороо явж байгаа ажил. Зах зээлийн хүнд нөхцөлд, эдийн засгийн хямралтай үед бодлогын чанартай асуудлуудыг дор дор нь хурдан хийх шаардлагууд гарч ирж байна. Энэ нөхцөл байдалд, хүндрэлтэй ийм үед аль аль талдаа, улсын хэмжээнд, зөвхөн эрүүл мэндийн салбар гэлтгүй хариуцлагын асуудал, хөрөнгө мөнгийг зөв ашиглах шаардлага гарч байгаа биз дээ. Энэ үүднээс хийх ажлууд байгаа учраас тэгж байгаа юм. Хэрвээ эрүүл мэндийн салбар бүрэн сайн болчихсон гэвэл юун сайжруулах тухай ярих юм, тэгээд л төгс болчихсон л гэж ярина биз дээ. Хойтон ч, дараа жил ч, арван жилийн дараа ч сайжруулах ажил л хийгдэнэ. Өнөөдөр бол эрүүл мэндийн салбарыг МАХН авчихаад дампууруулаад унагачихлаа гэдэг нь улс төр. Цэвэр улс төр гэж хэлж чадна. Хэрэггүй дээ. Би үүнийг хэрэггүй дээ гэмээр байна. Би МАХН-ын гишүүн. Өнөөдөр миний бие Монголын ардчилсан хүчнүүд, АН-ын нөхөдтэй бас л үе тэнгийн найз нөхөд явсан.

 

Одоо сүүлийн үед дүү нар маань төрийн толгойд гараад байж байна. Энэ хүмүүс бол ялгаагүй Монголын төлөө л явж байгаа ш дээ. Сүүлийн 25 жилийн дотор зөвхөн ганц эрүүл мэнд гэлтгүй улс ардын аж ахуйн бүх л салбар хөгжиж ирлээ ш дээ. Бүгд л салбар салбартаа манай салбар хэцүү байна, манай салбар хүнд байна, хөдөө аж ахуй, тариалан ийм байна, ногоо ийм байна, худалдаа ийм байна, хүнсний аюулгүй байдал гээд ярьж байгаа биз дээ. Тэгвэл эрүүл мэндийн салбарт бас асуудал байна ш дээ. Энийгээ л ярьж байна. Тэрнээс манай МАХН үүнийг унагачихсан юм биш. Тэгж ярих юм бол би Эрүүл мэндийн газрын дарга, яамны газрын дарга, эмнэлгийн даргаар ажиллахдаа 9 сайдтай ажилласан байдаг юм. Тэдэн дунд МАХН-ын сайд ч сая байлаа, АН-ын сайд нар ч байлаа, МАН-ын сайд нар ч байлаа. Эд бүгдээрээ тус тусдаа өөрийнхөө үүргийг тухайн цаг үеийн нөхцөл байдалд биелүүлэн, төр засгийнхаа үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлж л ажиллацгаасан. Бүгд л улс орноо хөгжүүлэхийн төлөө ажилласан. Гэхдээ энэ салбарт хийх ёстой, хийх ажил байгаа. Энд олон жилийн турш зах зээлийн харилцаанд тодорхой цаг хугацаанд явж байна ш дээ. Яахав удаашралтай байдаг ч юм уу, ялангуяа эдийн засгийн хямрал, мөнгө төгрөгийн дутагдал гэдэг маш хурдацтай байна. Энэ чинь их нөлөөлж байна. Эмнэлгийнхэн эм, тариагаа авах гээд л. Энэ болгон дээр бол бид сайхан болчихсон, сайн байна гэхгүй, ажиллах л хэрэгтэй биз дээ. Тэрнээс би эрүүл мэндийн салбарыг МАХН дампууруулаад унагачихлаа гэж байгаатай санал нийлэхгүй. Тэгээд Н.Удвал унагасан, Г.Шийлэгдамба нь унагасан одоо Л.Жамбалжав гээд нэг нөхөр унагах нь, тоглож дууслаа гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд. Шүүмжлэл бол байж болно. Байх ч ёстой. Би энийг бүр бодож байна. Хэрвээ Л.Жамбалжав сайн шүү, ээ мундаг шүү гээд алга ташаад байх юм бол би “Өө би тийм байна” гэж бодоод л нэг өдөр хашааныхаа үүдэнд таварцаглаад ойчно.

 

Тийм учраас би үүнийг анхаарах ёстой юм байна. Бодох ёстой юм байна гэж байна. Тэгэхээр тухайн нөхцөлд ямар хүнийг сайдаар тавих нь бол зохих процедурын ажил. Нам нь хамт олон нь ярьж байна. Үүний төлөө салбарын эмч ажилчид, энгийн хүмүүс санаа зовж байгаад бол би их баярлаж байгаа. Тэгэхээр хэн нэгэн хүнийг сайдаар тавина гэдэг 100 хувь хүнд таалагдана гэж байхгүй ш дээ. Доллар, паунд гэдэг мөнгө л хүн болгонд таалагддаг. Тэрнээс энэ чинь хүн болгонд таалагдахгүй. Тийм учраас хүн бодсон санаснаа чөлөөтэй ярьж байгаа нь бол чөлөөт байдал юм. Харин тэгэхдээ наана цаанаа бодолтой ярьдаг юм байгаа биз. Би энийг бол Жамбалжав ч анхаарах хэрэгтэй шүү, энэ ч бас л юм хэлж байна, хэрвээ чи ийм дутагдал гаргаагүй ч гэлээ гэсэн гаргахад ойрхон байна шүү. Гаргаж болно шүү. Ийм учраас анхаар гэсэн л дохио байхгүй юу. Энэ салбарыг манай хүн ард, иргэд маань бүгдээрээ сонирхож байгаа юм байна. Эмзэг чухал асуудал юм байна гэж би ойлгосон. Тэр тусмаа надад ямар мэдрэмж төрж байна гэвэл их хариуцлагатай байх, анхааралтай байх, энэ олон түмний итгэл, найдварыг хадгалах ийм хэрэгтэй юм л гэж ойлгож байна.

 

-Эрүүл мэндийн салбар бол улстөржүүлж тун болохгүй салбар. Хамгийн эмзэг, ард түмний эрүүл мэнд, амь насыг хариуцаж байдаг салбар гэж ойлгодог ш дээ?

 

-Яг үнэн. Би улс төрийн зүтгэлтэн биш. Нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг нийгмийн зүтгэлтэн хүн. Нийгмийн сайн сайхны төлөө ярьж, зүтгэдэг хүний үзэл баримтлалыг социал демократ үзэл гэдэг юм гэсэн. Зүүний үзэл гэдэг гэсэн. Тэгэхээр би зүүний үзэл чиглэлтэй хүн. МАХН-д энэ үзэл байна уу байна, МАН-д байна уу байна, “Шударга ёс” эвсэл зэрэг энэ намуудад байна уу, байна. АН-д Социал демократ нам нэгдсэн. Тэгэхээр АН дотор социал демократ үзэл байна уу, байна. Би энэ болгоныг бүгдийг нь л зүүний үзэл талаас дэмждэг. Нийгмийн сайн сайхны төлөө тэмцдэг хүн. Тийм учраас улстөржөөд байх ерөөсөө шаардлага байхгүй. Би эмч хүний хувьд жишээ хэлэх юм бол хүн үзээд эм бичээд өглөө. Эм тариа үнэтэй юү, үнэтэй. Энэ чинь эмийн компаниуд дураараа үнэ нэмээд байгаа юм биш. Байгаа байдал зах зээл нь тийм юм чинь яах юм. Нөгөө талаасаа эм хэдий чинээ чанартай, сайн, сүүлийн үеийнх байна төдий чинээ л үнэтэй байгаа ш дээ. Ийм байхад хүмүүс эм тариагаа авч чадахгүй байна. Хүмүүс гэртээ хоол ундгүй байна гэдэг ч юм уу, хамгийн гол нь ажилгүй байна. Тэгээд одоо хүйтэн нойтонд түлээгүй байна. Энэ бүхэн нийгмийн асуудал биз дээ. Энэ бүхэн чинь эмч хүний сэтгэлийг хөндөж байгаа юм. Бид өвчтөнөө энэ хүн маань эм тариа бичээд өгөхөд авч чадах уу, яаж эдгэх вэ гэж бодно. Юу ч байхгүй юм чинь. Тийм учраас энэ хүмүүсийг анхаарах хэрэгтэй юм гээд л боддог. Хүссэн хүсээгүй эмч хүн нийгмийн асуудлуудад хутгалдан орж байгаа байхгүй юу. Тийм учраас би энэ зүүний үзэл баримтлалд зориуд орчихсон. Тэгээд үүнийхээ төлөө энд тэнд улс төрийн цуглаан, хурлууд дээр асуудлаа ярьж байгаа юм л даа. Энэ бол гэхдээ нэг намын үзэл бодлыг яриад л хашгираад байсан юм биш. Нийгмийн сайн сайхны төлөө л ярьж байгаа юм.

 

-Та гэхдээ МАХН-ын гишүүн биз дээ?

 

-Өнөөдөр би МАХН-ын гишүүн. Анх 1977 онд энэ намд элссэн хүн. Нэг жил орлогч гишүүнээр явж байгаад дараа нь жинхэлсэн. Жинхэнэ МАХН-ын гишүүн. Дараа нь намайг цэргийн хүн учир гишүүнчлэлтэй байж болохгүй гэдэг үндэслэлээр гишүүнчлэлээс гаргасан. Ингээд 1996-1997 оны үед буцаад энгийн болоод ирэхээрээ Социал демократ намд элссэн. Гэтэл Социал демократ нам маань АН-д нийлээд явсан. МАХН-аар би үнэхээр бахархдаг юм. Манай улсын 90 жилийн түүх, сайн муу, сайхан муухай хүнд бэрх үед тэмцсэн. МАХН л буруу хэрэг хийсэн гээд байдаг. МАХН энэ улс орноо хөгжүүлэхэд их юм хийсэн ш дээ. Өөрийнх нь өчнөөн олон шалгарсан боловсон хүчнүүд нь хэлмэгдүүлэлтэд өртөж нэрвэгдсэн. Хэлмэгдээгүй хүн гэж ерөөсөө байхгүй. Ийм хатуу хөтүүг туулж ирсэн улс төрийн хүчин. Өнөөдөр шударга ёсны төлөө тэмцэж байгаа. Тиймээс би энэ намд зүтгэж байгаа.

 

-Та сүүлд хэдэн онд МАХН-д элссэн юм бэ?

 

-Би 2011 оны зургадугаар сарын 24-нд МАХН Улсын дээд шүүхээс гэрчилгээгээ авсан өдөр элссэн. За би энэ намд оръё, эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөө энэ улс төрийн хүчинтэй нийлж, санаа нийлсэн хүнтэй зүтгэе ээ л гэж бодсон юм. Тэр хүртэл би улс төрийн өндөр албан тушаал хашиж явсангүй. Эмнэлгийн дарга, эрүүл мэндийн газрын даргын ажлыг хийж байлаа. Тодорхой хэмжээний туршлага байна. Өнөөдөр МАХН маань, намын журмын нөхөд маань надад итгэл хүлээлгээд хатуу даалгавар өгөөд байна. Гүйцэтгэх товчооны хурал маш чанга хурал болсон. Би ер нь ойрын үед ийм хурал үзээгүй. Анх МАХН-д ороход л байгууллагууд дээр тийм хурал болдог байсан. Ийм хариуцлагатай, ийм зарчимтай тийм хурал үзсэнгүй. Саяын хурал бол ширүүн болсон. Намайг зад шүүмжилсэн, бас магтсан. Шүүмжилсэн нь илүү байлаа.

 

-Юу гэж шүүмжилж байх юм?

 

-Ажил сайн хийх, зарчимтай байх гээд л, тэгээд юу байдаг юм хүн болгон шүүмжилнэ ш дээ, энэ чинь. Гэхдээ л улс орныхоо эрх ашгийн төлөө шударга байх, ажлаа сайн хийх, хэдийгээр намын гишүүн ч гэсэн намчирхаж ёсорхоод байхгүй шүү, намын бодлого бол мэдээж танд байгаа гэлээ гэхдээ улс эх орныхоо төлөө зүтгэх ёстой шүү. Таныг МАХН-аас Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр нэр дэвшүүлж байна. Та энд байгаа бидний итгэл найдварыг тэнд хадгалж, ингэж зүтгэх хэрэгтэй гэж хэлсэн.

 

-Танай намын өмнөх хоёр сайд хэр ажилласан бэ. Намынхаа итгэл найдварыг дааж чадсан уу?

 

-Би намынхаа хоёр сайдын хувьд бас шүүмжлэх талаасаа их анхаараад байсан. Гэхдээ бас магтах хэлэх юм бий шүү. Ер нь би хүн магтаад байдаггүй юм. Харин энэ удаа хэлэхэд ер нь сайн ажиллаж байсан шүү. Сүрхий ажилласан.  Дорвитой. Ялангуяа Н.Удвал сайд бол хамгийн эхлээд сайдаар ажилласан. Ажлаа авангуутаа Монголын эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлогын асуудлыг тусгай судалгаа гаргаж байгаад богино хугацаанд шинэчлэлийн бүх аргачлалыг хийсэн. Ер нь аливаа ажлыг хэрэгжүүлэхэд сайн хийсэн төлөвлөгөө ажлын үр дүнгийн тал хувь нь гэдэг биз дээ. Ийм сайхан төлөвлөгөө гаргасан. Тэгээд үүнийгээ хэрэгжүүлж эхэлж байсан. Төр засгийн янз бүрийн өөрчлөлт шалтгаанаас болоод саатсан. Дараа нь Г.Шийдэгдамба сайд маань үүнийг бас хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Г.Шийлэгдамба сайдын сүүлийн үед хийсэн Эмнэлгийн тусламжийн тухай хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлэгт ороод явж байна. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтын асуудлыг Г.Шийлэгдамба сайд нэлээд сайн хөөцөлдөж байсан. Хэрвээ Л.Жамбалжав сайд болдог юм бол ирэх жил Г.Шийлэгдамба сайдынхаа хөөцөлдөж оруулсан, УИХ-ын гишүүдийн дэмжиж баталж өгсөн энэ хөрөнгө мөнгөн дээр л тулгуурлаж ажиллана ш дээ. Харин би үүнийг зөв зүйтэй, их зарчимтай, ариг гамтай, чухал шаардлагатай юманд нь л зарцуулах ёстой. Тийм учраас өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар дампуурсан, бүр болохоо байчихлаа гэдэг энэ шүүмжлэл хатуу л юм.

 

Гэхдээ амны билгээс ашдын билэг гэдэг юм. Монгол Улсын эрүүл мэндийн салбар 90 жил болохдоо дампуурах нь битгий хэл сайн хөгжиж байгаа шүү. Өнөөдөр хүний эрхтэн шилжүүлэх хагалгааг нэгдүгээр эмнэлгийн хамт олон хийж байна. Би тэнд дарга нь байсан. Миний хамтран зүтгэгч нөхөд элэг шилжүүлэн суулгадаг болсон. Бөөр шилжүүлэн суулгах 108 дахь хагалгааг өнгөрсөн долоо хоногт бид хийсэн. Монгол газар дээр монгол хүн, монгол эмч нараараа ийм эмчилгээ хийлгээд сууж байна. Анагаах ухааны том ололтуудыг ашиглаж байна. Тархины мэс засал хөгжиж байна. Судсан дундуурх мэс заслыг хийж байна. Зүрхний судас нарийссан бол тэр нарийссан газрыг нь тэлээд оронд нь энгийнээр хэлэхэд тусгай гуурс хийгээд онгойлгоод өгчихөж байна. Үүнийг Монголын эмч нар хийж байна. Монголын эрүүл мэндийн салбар дампуураагүй. Дампуурах ч ёсгүй. Тиймээс ийм яриа бол хэрэггүй юм даа. Ер нь бол бид хатуухан үгээр бие биедээ хэлдэг л юм. Надад хувь хүний хувьд Л.Жамбалжав чи битгий энэ салбарыг дампууруулчихаарай гэж хэлэхэд энэ үгийг бол хүлээж авна. Тэрнээс биш Монголын эрүүл мэндийн салбар гэж 39-40 мянган эмч, ажилчид ажиллаж байгаа энэ салбарыг тэгж хэлж болохгүй. Манай уламжлалт анагаах ухаан, ардын эмнэлгээс өөр юм байхгүй, Европ анагаах ухаан хөгжөөгүй 1921 оны наймдугаар сарын 15-нд Д.Сүхбаатар гарын үсэг зурж гаргасан тэр анхны цэгээс эхлээд хөгжсөн энэ салбар Монгол орноо 400 мянга гаруйхан  хүн амтай байсныг өнөөдөр 3 сая 300 мянга гаруй болгоод өсөн дэвжиж байгаа орон болгосон, мундаг байгаа биз дээ. Энэ бол Монголын эрүүл мэндийн салбарын хөгжсөн түүх. Монголын эрүүл мэндийн салбарыг ёстой бурхад гэмээр ахмадууд толгойлж ирсэн. Өнөөдөр би бас ахмад үе рүүгээ орчихсон байж байна.

 

Миний хойноос өчнөөн залуучууд гарч ирж байна. Өнөөдөр би олсон туршлагаа богинохон ч гэсэн хугацаанд залуучууддаа уламжилъя. Эрүүл мэндийн салбарынхаа ажлын төлөө хүч чадал, боломж мэдлэг байна, зүтгэе ээ гэж бодож байгаа. Тиймээс би олон түмэн иргэддээ энэ дашрамд эрүүл мэндийнхээ салбарын эмч ажилтан хүмүүстээ хэлэхэд миний салбарын хамтран зүтгэгч нөхдүүд минь, эрүүл мэндийн салбар дампуурах ёсгүй, дампуураа ч үгүй байна аа. Харин алдаа дутагдал байдаг юм бол засч, улам сайжруулцгаая. Цөмөөрөө хариуцлагаа дээшлүүлье. Энэ салбарыг аварч, сайхан болгож, хөгжүүлэх бүх л боломж, хийх гол хүч нь та бид шүү. Та бид ард түмнийхээ өмнө үүрэг хүлээж, тангараг өргөсөн хүмүүс гэж хэлэх байна. Нөгөө талаар ард түмэндээ хэлэхэд та бүхний өмч болсон эрүүл мэндийн салбар, эмч эмнэлгийн ажилчид бид та нарынхаа төлөө шүү, та нарынхаа төлөө бид өдөр шөнөгүй зүтгэж байна аа. Бидэнд итгэж болно шүү гэдгийг хэлэх байна.

 

-Та бол салбартайгаа танилцах гэж цаг алдах хэрэггүй шууд ажилдаа орох юм байна. Яг юунаас ажлаас эхлэх вэ?

 

-Мэдээж би энэ салбарын хүн. Хамгийн сүүлд Н.Удвал сайдын зөвлөхөөр ажилласан. Сая Г.Шийлэгдамба сайдтайгаа бол байнга орж уулзаж байсан. Ер нь долоо хоногт өнжихгүй орж уулзаж, хоёулаа саналаа солилцож, ингэж ярилцаж байсан. Салбартаа болж байгаа үйл явдлуудыг бол мэднэ ээ. Мэдээж би яамны дотоод ажил нарийн ширийн юмнуудад ороогүй. Гэхдээ салбарын ерөнхий хандлага, үйл ажиллагаа, тулгамдсан зорилтууд, ялангуяа энэ 2012-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, “Эрүүл чийрэг монгол хүн” гэдэг хөтөлбөрийн хэрэгжилт ямархуу шатандаа явж байна гэдэг багцаа байна. Үүнийг үлдсэн хугацаанд яаралттай хэрэгжүүлж дуусгах ёстой. Ийм төсөөлөл байгаа. Гэхдээ “Аа би мэддэг хүн, таньдаг хүн, бүгдийг мэднэ” гээд байх биш. Би танилцах хэрэгтэй болно. Мэдэхгүй байгаагаа асууна. Мэдээж би сайд гэдэг том хүн, ганцаараа цэргийн командлагч биш, тийм ээ. Цэргийн дарга биш, Чапаев ч биш. Хажууд байгаа эмнэлгийн удирдлагууд, эмнэлгийн дарга нар, ЭМСЯ-ны аппаратын хүмүүс, жирийн эмч нар энэ бүх хүмүүстэйгээ зөвлөлдөж, уулзалдаж, ярьж, эмнэлгүүдээр нь явж танилцаж, зовлон жаргалыг нь сонсч, өнөөдөр тулгамдсан асуудал юу байна вэ гэдгийг судална. Хүн бүрийн, эмнэлэг болгоны шаардлага, тулгамдсан асуудал өөр өөр ш дээ. Энэ болгоныг цуглуулж тэгээд голч дундуур нь ажлаа зохиож явуулна.

 

-Салбараа мэддэг хүний хувьд онцолж харж байгаа, хамгийн тулгамдсан асуудал юу байх шиг байна вэ. Сая бол та эрүүл мэндийн салбарын хэмжээнд гэрэл гэгээтэй зүйл олон байгаа гэдгийг ярилаа. Гэхдээ хамгийн эмзэг, хамгийн түрүүнд энийг шийдэхээр барьж авна даа гэсэн асуудал байгаа байх?

 

-Ерөөсөө энэ салбарын тулгамдсан асуудал гэвэл эмнэлэг болгонд янз бүр гэж би хэллээ ш дээ. Эрүүл мэнд, спортын яам гэдэг бол Монгол Улсын Засгийн газарт эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө өгөх, танхимын өмнө эрүүл мэндийн асуудлаар үүрэг хүлээдэг л ийм байгууллага. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа мөрийн хөтөлбөр, тулгамдсан асуудлууд юу байна, эрүүл мэндийн салбарт юу хийх ёстой вэ тэрийг л хамгийн түрүүнд барьж авна. Ялангуяа энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусна. Энэ богино хугацаанд ямар ажил дутуу байна, тэрийг нь л яаралтай хийнэ. Мэдээж үүнийг дагалдаад өдөр тутмын ажилд хяналт тавих, хөрөнгө зарцуулалт нь ямар байна вэ, үлдэж байгаа хугацаанд эдийн засгийн хямралтай үед байгаа нөөц бололцоогоо яаж ашиглах вэ. Эм тарианы дутагдлыг яаж зохицуулах вэ. Эмнэлэг үйл ажиллагаандаа анхаарах зүйл юу байна вэ. Ялангуяа хувь хүмүүсийн, хүний нөөцийн ажлын ур чадвар ямар байна вэ, хариуцлага ямар байна вэ, сахилга бат нь ямар байна вэ, цаг ашиглалт нь ямар байна вэ, эрүүл мэндийн салбарынхны, эмч нарын харилцаа, ёс зүйн харилцаа ямар байна вэ, иргэдийг чирэгдүүлж байна уу, үгүй юу. Энэ болгон цогцоороо л орно гэсэн үг ш дээ.

 

-Таны хувьд өмнөх сайдын боловсруулж батлуулсан төсөв дээр тулгуурлан ажлаа зохион байгуулах нь. Танай салбарын ирэх жилийн төсөв хэр боломжийн төсөв болсон бэ?

 

-Би эрүүл мэндийн салбарт албан ёсоор гэж ярихад 1996 оноос эхэлж ажилласан. Тэр үед өгч байсан төсөв, тухайн үеийн нийгэм, эдийн засгийн шаардлага, ахуй нөхцөл, байдал өөр. Өнөөдөр хүн амын өсөлтийн хурд, хүний хэрэгцээ, өвчлөлийн байдал янз бүр болсон учраас хөрөнгө мөнгө бол ялгавартай л даа. Гэлээ гэхдээ эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүд ерөөсөө хасаагүй. Тогтмол нэмдэг юм. Нэмсээр байдаг. Яахав өнөөдөр ДНБ-ий 3.5-3.8 хувь байна уу, тийм хэмжээтэй байгаа. Мэдээж энэ хангалттай биш л дээ. Гэхдээ манай салбарт орж ирж байгаа олон улсын зээл тусламжууд байна. Азийн хөгжлийн банкны зээл тусламжууд байна. Хандивууд байна. Ийм олон эх үүсвэрүүдийг бид зөв зүйтэй фокустай, төвлөрүүлж ажиллах ёстой. Тийм учраас байгаа төсөв хөрөнгөө чамлаад байх шаардлагагүй. Эрүүл мэндийн даатгалын хууль гарлаа. Энэ хуульд нэлээд нааштай бодлогууд тусгагдсан байгаа. Түүнчлэн эмч нар, эмнэлгийн  хариуцлагын даатгалын тухай яригдсан. Их сайхан сайхан юмнууд байгаа. Одоо үүнийг хэрэгжүүлж эхлээд байна. Заримыг нь хэрэгжүүлэхээр үндэс нь тавигдаад байна ш дээ. Тийм учраас би төсвийг чамлахгүй. Би юм хийх гэсэн чинь төсөв байхгүй, мөнгө байхгүй гэсэн асуудал надаас л лав гарахгүй. Байгаа төсөв дээрээ бид хамгийн сайн ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хамгийн бага  зардлаар хамгийн богино хугацаанд, хамгийн үр бүтээлтэй ийм л ажил хийх шаардлагатай. Энэ бол сайдаасаа авахуулаад сумын эмч, багийн бага эмчээ хүртэл бид бүхний анхаарах зүйл. Энэ дээр бид анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Ерөөсөө энэ ажлыг хамтын хүчээр, хамт олны зөв шийдвэрээр хийнэ. Нэг нэгнийгээ дэмжиж ажиллана. Үүнийг анархизм биш синергизм гэж ярьдаг.

 

-Өмнө нь эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байсан гэх шүүмжлэл гардаг байсан. Сайд хүн заавал мэргэжлийн байх ёстой юу?

 

-Ер нь энэ өвөрмөц салбарыг удирдах хүн мэргэжлийн тал руугаа байх нь зүйтэй гэж би боддог. Гэхдээ мэргэжлийн бус хүмүүс ч гэлээ гэсэн улс төрийн албан тушаалын хувьд зохих хэмжээгээр байж болно. Энэ гольдиролдоо орсон салбарыг аваад явж болно л доо. Улс төрийн хувьд. Энд хамгийн гол нь яг мэргэжлийн бусдаа ч юм уу  мэргэжлийндээ ч гол асуудал нь биш. Уг салбарынхаа ажлыг, бодлогыг Засгийн газар солигдоход ч гэсэн уламжилж аваад, хөгжөөд явах ёстой. Нэг Засгийн газар суурийг нь тавилаа гэхэд нөгөө Засгийн газар нь нэлээд хүчтэй болгож, өөрөөр хэлбэл энэ Засгийн газрын үед хэрэгжүүлж тавьсан бүх зүйлийн үр дүн нь дараагийн Засгийн газрын үед гарах ёстой  ш дээ. Тэгж бодож бид ажиллах хэрэгтэй. Монголчууд шиг алсын хараатай, ирээдүйгээ харсан хүмүүс байхгүй байх гэж боддог юм. Ямар сайндаа монголчууд хоолоо заримыг нь үлдээгээд маргааш иднэ гээд хойш нь тавьдаг. Үүнийг гадаадынхан маргааш үхэх эсэхээ мэдэхгүй байж хоол үлдээж яана аа гэдэг гэнэ лээ. Үгүй ээ, монголчууд маргаашдаа амьдарна гэж хоолоо хойш тавьдаг. Энэ бол сайхан итгэл. Ирээдүйдээ итгэл төгс байдаг уламжлал.

 

-Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт хийгдсэн томилгоонууд их маргаан дагуулдаг болсон. Улсын том эмнэлгийн дарга нарын томилгоо нэг хэсэг олны анхаарлын төвд байлаа. Одоо энэ асуудлууд шийдэгдсэн үү?

 

-Үгүй ээ, яахав дээ өнөөдрийн тогтсон байдлаар бол Төрийн албаны зөвлөлөөс шалгалт аваад тухайн хүнийг эмнэлгийн даргаар тавьдаг. Хуучин бол сайдын зөвлөлөөр ороод, тэнд яригдаад чамайг даргаар тавилаа гэдэг байсан. Тэгээд эргэж хариуцлага тооцдог ширүүн байлаа ш дээ. Өнөөдөр Төрийн албаны зөвлөлөөс нэг хуулийн шалгалт аваад л. Би Төрийн албаны зөвлөлийг шүүмжилж байгаа юм биш. Энэ бол байх ёстой зүйл. Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, түүнд хяналт тавих асуудал Төрийн албаны зөвлөлийн үүрэг. Энэ зөв л дөө. Гэхдээ зарим нөхцөлд бол бүтээл ч гарахгүй, ерөөсөө хэл аманд орохгүй. Тэгээд л байж байдаг. Иймэрхүү тогтсон удаан хэвшил бол өнөөгийн хурдацтай зах зээлийн алхааг гүйцэхгүй байна ш дээ. Тийм учраас эрүүл мэндийн салбарын удирдлагыг өөрчилж, шинэчилж, болох, чадах хүнээр нь тавьж байх ёстой. Гэхдээ их зөв сонголт хийж байх ёстой. Зөв хүнээ олж тавьж байх хэрэгтэй байгаа юм.

 

-Та сайд болбол ямар нэгэн томилгоо хийх үү?

 

-Миний сайд болох гэж байгаагийн, хийх ажлын зорилго бол томилгоо хийхээр ирж байгаа юм биш. Би эрүүл мэндийн салбарынхаа одоо хийж байгаа ажлыг цааш үргэлжлүүлж Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ Засгийн газрын эрүүл мэндийн бодлогыг барьж ажиллах ийм л зорилгоор ирж байгаа юм. Энэ зорилго, бодлогоо хэрэгжүүлэхэд хүн хүч мэдээж хэрэгтэй. Хүн хүчээ зохицуулж, шилжүүлж ажиллах нь мэдээж сайдын эрх мэдлийн хэмжээнд байна. Гэхдээ хүн болгон л ярьдаг, би халахгүй, халахгүй гэснээ удалгүй солилоо барилаа гэдэг. Ажлаа хийж байгаа хүн бол хэн ч солигдохгүй. Энд ямар ч улс төр байхгүй. Би нэг зүйлийг дахиад хэлмээр байна. Би ямар ч улстөржилт байхгүй. Надад ганцхан ажлаа мэддэг, ажлынхаа төлөө итгэлтэй, сэтгэлтэй хүн чухал. Сэтгэлтэй байх, сэтгэл их чухал. Хуучин бол мундаг мэргэжилтэй, мундаг л хүн сайн гэдэг байсан. Одоо сүүлийн үед олон улсын хэмжээнд гадаадын том  судлаачдын хэлж байгаагаас үзэхэд мундаг мэргэжилтэй, том мэргэжилтэн, мэдлэгтэндээ гол нь биш. Тийм биш байж болно гэхдээ сэтгэлтэй хүн л гол нь гэж байна. Компаниуд ч тэр, байгууллагад ч тэр ийм болж. Би ийм шаардлагыг тавина. Мэдээж энэ шаардлагыг хангасан нөхцөлд хүмүүс ажлаа л хийж байна. Ер нь хүмүүсийг ажлаа хийж байхад чи боль, чи чадахгүй байна гээд солиод л, холиод л бужигнуулах бол нэг их сайн биш байдаг юм. Би тэрийг мэднэ.

 

-Г.Шийлэгдамба сайдтай та байнга уулздаг, ойр байсан гэлээ. Түүнийг “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэх нэрийдлээр авлига авсан гэж АТГ-аас яллагдагчаар татаад байгаа. Энэ төслийн талаар та хэр мэдээлэлтэй байсан бэ?

 

-Энэ талаар би ерөөсөө мэдээлэлгүй байгаа. Н.Удвал сайдын үед яригдаж байсан юм билээ. Би яамны албан ёсны орон тооны ажилтан биш Н.Удвал сайдын улс төрийн зөвлөх гэж явдаг байсан. Надаас хойш Н.Удвал сайд энэ төслийг эхлүүлж Г.Шийлэгдамба сайд дараа нь хариуцаад явсан юм билээ. Энэ талаар ерөөсөө мэдэхгүй. Сурагнаас цаашгүй. Ер нь бол Монголын эрүүл мэндийн салбарт цахим эрүүл мэнд, цахим эмнэлэг хэрэгтэй. Би Эрүүл мэндийн газрын дарга хийж байхдаа бүр 1996-1997 онд ийм байгаасай гэж боддог байсан. Өөрийнхөө хариуцаж байсан Клиникийн нэгдүгээр эмнэлэгт бас цахим системийг нэвтрүүлж л байсан. Тийм л мэдлэгтэй.

 

-Ер нь эрүүл мэндийн салбар тийм мөнгө босгодог, ашиг хонжоо олдог, их мөнгө эргэлдэг салбар мөн үү. Эмнэлгүүдийн газрын маргаан, тоног төхөөрөмжийн тендер, төсөл хөтөлбөр гээд л мөнгөний асуудлууд яригдах юм?

 

-Аль ч салбар төсөвлөгдсөн хөрөнгө мөнгөөрөө л үйл ажиллагаа явуулна ш дээ. Эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа төсөв харьцангуй бага гэж би түрүүнд хэлсэн. Гэхдээ чадлаараа л төсөвлөж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.5-3.6 хувьтай тэнцэх ч байна уу тийм хөрөнгө зарцуулдаг. Үүнийг бага л байна гэж ярьж байна ш дээ. Тодорхой хэмжээний мөнгө байгаа биз дээ. Үүнийгээ бид зөв л зарцуулж байх ёстой. Тэрнээс чухам зөв зарцуулж байна уу, буруу зарцуулж байна уу, хааш нь алдсан байна вэ энэ бол тухайн хүмүүсийн л асуудал. Жишээ нь газар тариалангийн салбарт аваад үзэхэд ч гэсэн буудай тарьсан хүмүүс үнэ нь хямд болчихлоо, гаднаас авчихлаа гээд л зөндөө л маргаан гаргаж байгаа биз дээ. Тэгэхээр энэ чинь ганцхан эрүүл мэндийн салбар л мөнгө босгодог, мөнгө их байдаг гээд юмыг тэгж өрөөсгөлөөр дүгнэж, өрөөсгөлөөр харж болохгүй ш дээ.    

 

-Таныг Н.Энхбаяр даргын эмч гэдгээр олон нийт сайн мэддэг. Хувийн эмч нь байсан уу?

 

-Хувийн эмч нь байгаагүй. Хүмүүс намайг Н.Энхбаяр даргын эмч гэж яриад байх юм. Би ерөөсөө эмч хүний хувьд, иргэний үүргээрээ, эмч хүний үүднээс гэхээс биш эмчилдэг эмч нь байгаагүй. Би Н.Энхбаярыг чагнуур тавьж үзэж байгаагүй. Судсыг нь барьж үзэж байгаагүй. Хүний төлөө тангарагтай эмч хүн учраас л үүргийнхээ дагуу хөөцөлдөж гүйж, ингэж л явж байсан. Тэрнээс биш хувийн эмч нь биш. Сайтууд дээр дандаа Н.Энхбаяр даргын хувийн эмч байсан, эмчлэгч эмч нь байсан, тиймээс сайд болох гэж байна гээд бичээд байгаа. Би үүнд албан ёсоор тайлбар хиймээр санагдаад байгаа юм. Ерөөсөө түүнийг эмчилж байгаагүй. Шоронд байхад нь ч очиж үзэж байгаагүй. Огт хамаагүй шүү. Ерөөсөө тийм юм байхгүй. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь хоёрдугаар эмнэлгээс тусгай эмч нар эмчилж байсан. Төрийн томчуудад тийм эмч байдаг шүү дээ.

 

-Та өлсгөлөн зарлаж байхад нь хэвлэлийн хурал зарлаж байсан билүү?

 

-Тийм. Би иргэний хувьд, эмчийн хувьд, хүн ёсны, хүн чанарын  харьцааны үүднээс л хандсан. Тухайн үед манай эмч нар, ардын эмч Ж.Хайрулла, гавьяат эмч А.Нота бид хэд Н.Энхбаяр даргын эрүүл мэндийн талаар эмч нарын дүгнэлтэд үндэслэн энэ хүний эрүүл мэнд ийм байдалтай байна. Энэ дээр анхаараач ээ гэж ярьж байсан.

 

-Ер нь та Н.Энхбаяр даргатай хэзээ танилцсан бэ. Хэр ойр дотно байдаг вэ?

 

-Би нэг их сайн мэдэхгүй. Би чинь үндсэндээ өмнө нь цэргийн хүн байсан. Ямар ч улс төрд хамаа байхгүй, цэргийн хурандаа байсан. Тэгээд дараа нь эрүүл мэндийн яаманд ирснээсээ хойш АН-ын Засгийн газрын үед Эрүүл мэндийн газрын дарга байсан. МАХН-ын Д.Туяа сайд, Ш.Батбаяр сайдын үед бас Эрүүл мэндийн газрын дарга байсан. Надад ерөөсөө улстөржилт байгаагүй. Харин 2011 оноос хойш МАХН байгуулагдахтай зэрэг би шинээр байгуулагдсан энэ намын шударга ёсны төлөө тэмцэлд иргэн хүний хувьд  нэгдсэн. Тэгэхэд би чөлөөтэй байсан учраас МАХН-д элсээд тэгээд хурал зөвлөгөөнд нь явж байсан, улс төрийн үйл ажиллагаа, жагсаал цуглаан энэ тэрд нь оролцож байсан. Иргэний хувьд үгээ хэлж байсан. Н.Энхбаяр даргатай нэг их ойртож дотносч, ярьж хөөрч байсан юм бол байхгүй. Солонгост байхад нь ч очиж байгаагүй. Тэгэх үүрэг ч байхгүй, шаардлага ч байхгүй. Зүгээр тийм л харьцаатай. Бидний уулзалтыг тоолох юм бол цөөхөн л уулзалт байдаг. Хурал зөвлөгөөн дээр бол “Сайн байна уу та” гэж гар барьж, ярьж байсан. Тэрнээс өөр юм байхгүй. Харин би эрүүл мэндийн салбарынхаа тухай манай салбар одоо үнэхээр хүнд байдалтай байна, ийм байна гэдэг талаар санал бодлоо Н.Энхбаяр даргад албан ёсоор бичгээр өгч байсан. Шаардаж байсан, иргэн хүний хувьд. Сая намайг сайдад нэр дэвшүүлэх хурал дээр Н.Энхбаяр дарга “Таны олон жил эрүүл мэндийн салбарт сумын эмчээс яамны газрын дарга хүртэл ажилласан туршлагыг үнэлж нэр дэвшүүллээ. Мөн эрүүл мэндийн салбарын алдартай том эмч нар хүсэлт гаргасан байна лээ. Салбарын дэмжлэг байгаа гэж ойлгосон. Энэ бүх талыг тань харж дэмжсэн шүү” л гэж хэлж байна лээ. 

 

Г.СОНИНБАЯР

Эх сурвалж:

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрүүл мэндийн салбар уг нь анагаадаг эдгээдэг салбар байсан юм.Гандийн үеэс л үхэл дагуулж эхэлсэн.Удвалын үед бүр хорт утаагаар утагдаж байгаа юм шиг болсондоо.Тэхээр МАН яахаараа буруугүй байдаг билээ
2015-12-02
Зочин:
дутагдал доголдол удаа дараа гарч хүний амийг авч байгай энэ салбарийн ажил үнэхээр доройтсон үүний гол буруутан МАХН удвал гэдэг энхбаурийн хөлийг долоогч эмнэлэгийг шорон болгосноос эхлээд дампуурсанийг бид мэднэ ардчилсан нам яамаа ав аа
2015-12-02
zochin:
eruul mendiin salbariig ene hun hogjuullee uy...
2015-12-02
zochin:
ene hun ch hestuu dee ooriinhoo amidral ahuigaa tovhnuuleegui hun shuu dee. Ih l huisagnuur huuhend durtai, mongond durtai hun dee medehgui yamar humuus ni ene huneer said bolgoyo geed huseed bgaa uym boldoo. zaluu bolovson huchin bhgui l uym baih daa ene namd...
2015-12-02
Zochin:
Eruul mendiin daatgaliin sangaa tusad ny yamnii dergedee avaachee, Odoo uilchilj bui daatgal chin hend ch hereggi, daatgald ikh munge huraamj helbereer telj baigaa zaluu ue, unegui shahuu daatgaggdag niigmiin yaduu emzeg davkhargiinhantai adilkhan baij bolohgui biz dee, tedend arai iluu hurteemjtei, evdej zovohod nemer boldog daatgaliiin togtoltsoog bii bolgohod shine said anhaaraasai gej huseh baina
2015-12-02
Зочин:
Жамбалжав чсайд хийх буйргүй хөвсөргөн хүн дээ. Уг хугацаа богино юм даа. Түүнээс биш самарч өгнө дөө
2015-12-02
emch:
argagui l hat suusan Ja.hatsuusn emch . hat suusan er hunii ug bn
2015-12-02
зочин:
Энэ сайдад хийх ажил алга даа. Гольдрилоороо л хөгжөөд бна
2015-12-02
зочин:
эрүүл мэндийн салбар гэдэг 96 жил хөгжсөн салбар. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, гольдирлоороо явж байгаа. Өнөөдөр төр засаг хэн ч солигдлоо гэсэн нэгдүгээр эмнэлэг байдгаараа байгаа, гуравдугаар эмнэлэг байдгаараа л байна, хоёрдугаар эмнэлэг байдгаараа л байна. Хийдэг ажлаа хийдгээрээ л хийж байна.
2015-12-02