Тосонбумбын асуудлаар З.Энхболд, Ч.Сайханбилэг нартай уулзахыг зөвлөв
2015-12-03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Тост, Тосонбумбын нурууг хамгаалцгаая” сэдэвт хэлэлцүүлэг болов. Уг хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын удирдлага, Тост багийн иргэдийн төлөөлөлтэй хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Гурвантэс сумын иргэдээс гадна УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, ирвэс, ан амьтан, шувуу судлаач, хамгаалагч, археологич  эрдэмтэд, ТББ-ын төлөөлөл оролцлоо.

 

Арга хэмжээг Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хөтлөн явуулсан юм. Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэд, тус сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран Тост, Тосонбумбын нурууг хамгаалцгаая” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

 

Хэлэлцүүлгээр Тост, Тосонбумбын нурууг улсын хамгаалалтад хэрхэн авах вэ, гарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна. Тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдэж болох вэ гэсэн сэдвээр ярилцана” гэв.

 

“Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Х.Түмэндэлгэр хэлсэн үгэндээ Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн салбартай холбоотойгоор сайн зүйлс олон гарч байгаа ч сөрөг талууд мөн үүсч байна гэдгийг дурдлаа.

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Гангамаа “Гурвантэс сум нь Монгол Улсын 300 гаруй сумаас хамгийн том, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэртэй дүйх хэмжээний 2,8 сая хавтгай дөрвөлжин км нутагтай, 4502 хүн амтай, 1430 айл өрхтэй, тэдний 540 нь малчин өрх. 140900 толгой малтай. Хилийн боомт, олон уурхайтай, хөдөлгөөнт хүн ам олонтой. Тэднийг оруулбал 8000-10000 хүн амтай.

 

Байгалийн үзэсгэлэнт газар олонтой тул аялал жуулчлал хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа. Ирвэс, хавтгай, хулан, мазаалай зэрэг ховор, нэн ховор ан амьтантай, 20 гаруй зүйл шувуутай. Заг, тоорой, хайлаас зэрэг төгөл модтой, рашаан булаг олонтой сум юм” гэлээ. Харамсалтай нь хайгуулын болон ашиглалтын олон лицензтэй “Меншикуание”, Эф Эм Ай, Жи Ди Би Эн, “Саусгоби сэндс”, “Мөнхийн номхон далай”, “Намуунтод”, “Элбэг-Орд”, “Саус гоби коэл транс” ЕАИ зэрэг компаниуд тус сумын газар нутгийн нэлээд хувийг эзэмшин суусан бөгөөд 4 том уурхай ажиллаж байгаа юм байна.

 

Уул уурхайн компаниудтай Тост, Тосонбумбын нурууг хамгаалсан нутгийн иргэд, сумын ИТХ 10 удаа шүүхдэлцсэн ч тодорхой амжилтад хүрэхгүй байгаа талаар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Дэжид ярьж байлаа. Тэрээр “Компаниудад лиценз амархан олддог атлаа газар нутгаа хамгаалж шүүхдэхэд амжилт олдоггүй” гэж байсан юм. Сумын иргэд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийн компаниуд эдгээрийн дотор байгааг нэр цохон хэлж байв.

 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг УИХ, Засгийн газарт Тост, Тосонбумбын нурууг улсын хамгаалалтад авах асуудлыг оруулж энэ онд багтаан хэлэлцүүлнэ гэдгийг нутгийн иргэдийн өмнө амлалаа. Археологич доктор Р.Барсболд тус сумын нутгаас цэрдийн хурдсын тархалттай, дэлхийд алдаршсан  гол гол амьтдын олдвор олддог гэдгийг онцлон хэлж байлаа. Тарбозавр Батаарын төрлүүд болон “Аймшигт гарт” хэмээн нэрлэгддэг шүдгүй, бөгтөр динозаврын үлдэгдэл тус сумын нутгаас олдсон ажээ.

 

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн Мөнхцог нар цоохор ирвэс, аргаль, янгир зэрэг амьтад Тост, Тосонбумбын нуруунд амьдардгийг дурдаж, цоохор ирвэс байгаа нь нь тухайн орчин экологийн цэвэр орчин гэдгийг батлах индикатор юм хэмээж байлаа. Мөн сарьсан багваахай байгаа нь цэвэр усны индикатор болж буй  ажээ. Дэлхийн ирвэсийн судалгааны ажил Тосонбумбаас эхэлж байсан түүхтэй аж.

 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ц.Оюунгэрэл нар Тост, Тосонбумбын нурууг хамгаалалтад авах тал дээр дуу хоолойгоо хүргэнэ гэцгээв. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Хөвсгөл нутгийн хүү, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл энэ газар нутгийг хамгаалахын төлөө явж байгаад учир битүүлгээр амиа алдсанд харамсч байгаагаа илэрхийлж Гурвантэс сумаас ирсэн иргэд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон тус суманд ашигт малтмал олборлодог компанитай хэмээн нэр дурдагдсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нартай заавал уулзаад буцах хэрэгтэйг зөвлөв.

 

Хэлэлцүүлэгт оролцогсод Тост, Тосонбумбын нурууг нэн даруй улсын хамгаалалтад авах нь зүйтэй хэмээж холбогдох байгууллагуудад хандахаар боллоо.

Shuud.mn
Сонин хачин