“Очирваанийн алдартнууд” тоглолт болно
2015-12-04

 

Завхан нутгаас төрсөн гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэх “Очирваанийн алдартнууд” тоглолт  энэ сарын 7-нд Монгол Бөхийн өргөөнд болно.  Тоглолтын  талаар дуучин, СТА Г.Батсүх, Р.Амартөр, М.Анхтуяа, Б.Батболд, Б.Дамбадаржаа, П.Бат-Ундрах, Б.Жавхлантөгс Г.Батцэрэн, Н.Шажинтөр, Ч.Будрагчаа А.Пагамдулам нарын уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Тоглолтын Ерөнхий найруулагч Г.Батсүх “Завханы залуу уран бүтээлчид нэгдээд “Зэв” продакшнийг байгуулж урлагаас төрсөн гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэх анхны ажлаа зохион байгуулж байгаа. Завхан нутгаар овоглодог олон гавьяат байдаг. Бид гавьятуудаа мартаж болохгүй. Залуу хойч үеийнхэн маань тэднийг мартах учиргүй. Бидний мэдэхгүй олон гавьяат байдаг юм байна. Тиймээс “Очирваанийн алдартнууд” тоглолтыг зохион байгуулж байна. Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва, Б.Норовсамбуу, Төрийн шагналт Б.Цэнддоо, Ц.Бавуудорж, МУГЖ С.Батсүх, Х.Оюунцэцэг, Н.Чулуунхүү, Х.Үнэнхүү, Ч.Алтан-Өлзий, У.Далантай, Н.Батцэцэг, МУУГЗ Д.Цэвээнравдан, Ц.Жамъян, Ж.Бямбаа нарын 34 гавьяат байдаг юм байна. Энэ бол зөвхөн урлагаас төрсөн гавьяатууд” гэлээ. Мөн Хурд хамтлагийнхан, Харангын Лхагвасүрэн нар Завхан нутгаар овоглож уран бүтээлээ туурвидаг байна. Тэд АНУ-д тоглолтоор явж байгаа учраас энэ удаагийн тоглолтонд оролцож амжихгүй гэдгээ мэдэгджээ.

 

“Очирваанийн алдартнууд” тоглолтонд дуучдаас гадна яруу найрагч О.Цэнд-Аюуш, Ч.Алтантүлхүүр, Б.Баттулга, Дарь Сүхбаатар, жүжигчин СТА Л.Дэмидбаатар, Д.Бямбацогт, Б.Эрдэнэцэцэг, Ж.Пүрэвдорж, ХЦДБЧ-ын найрал хөгжимчид, Классик Жем хамтлаг, Бид дөрөв хамтлагийн уран бүтээлчид оролцох юм байна.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин