Н.Төгсцогтын ялалтууд үргэлжилсээр
2015-12-07

Монголын боксын спортын нэгэн том төлөөлөл болсон Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт сонирхогчийн боксыг орхиж, мэргэжлийн тамирчин болоод байгаа билээ. Тэрбээр Солонгост болсон Азийн наадамд оролцохдоо шүүлтийн булхайнаас болоод ялалтаа алдсан. Ингэж луйвардуулсан нь түүнийг мэргэжлийн бокс руу орох шийдвэрийг гаргахад нөлөөлсөн хэмээн нэгэн ярилцлагатаа дурьдсан нь бий. Нэг талаараа харамсалтай хэрэг. Учир нь тэрбээр сонирхогчдын боксоороо явсан бол Монгол Улс энэ жилийн дэлхийн аваргаас медальгүй ирэхгүй ч байсан байж болох. Мөн Риогийн Олимпийн наадмаас медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай тамирчин тэр байсан. 


Гэвч бид шилдэг тамирчнаа мэргэжлийн бокс руу алдчихлаа. Гэхдээ Н.Төгсцогт мэргэжлийн боксод орсон ч гэсэн монголчуудынхоо итгэлийг алдалгүй, учраа бүхнээ хүнд цохилтоор хожиж байна. Энэ оны дөрөвдүгээр сард  АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо  Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хоёр дахь тулаанаа хийж, минут 24 секундын дотор л өрсөлдөгчөө нам цохисон. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт тэрбээр Мексикийн тамирчин Педро Мелотай дөрөв дэх тулаанаа хийж, хоёрдугаар раундад хүнд цохилтоор буулгаж авсан. Тиймээс түүнийг өнгөрсөн “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр нэрлэж байгаа юм. 


Анхны тулаанаа хийхдээ Н.Төгсцогт ердөө 50 секундэд хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авч байлаа. Түүнээс хойш дөрвөн тулаан хийхэд гуравт нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа. Мэргэжлийн боксын хагас хөнгөн жингийн дэлхийн чансаанд 1174 боксчин багтдагаас Н.Төгсцогт ялагдалгүй 100 хувийн амжилтаараа 228 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Тэр маш богино хугацаанд чансаагаа ахиулж байна. Одоо хэдхэн ялалт авахад л эхний 100 руу ороод ирэх боломж байна. Энэ удаад түүний өрсөлдөгч байсан Педро Мело гэхэд хагас хөнгөн жингийн чансаанд 148 дугаар бичигддэг аж. Манай тамирчнаас хамаагүй өндөр чансаатай гэсэн үг. Гэхдээ л Н.Төгсцогтод тэр юм болсонгүй. 


Тэрбээр амжилтаар өлссөн тамирчин ямар байдгийг харуулж, учраа бүрээ нам цохиж байна. Энэ янзаараа дараа жилээс дэлхийн шилдгүүдтэй, аваргуудтай тулалдаж эхлэх байх.  Н.Төгсцогт дөнгөж 17 настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан бол 20-тойдоо Олимпийн наадамд финалдаж байлаа. Үнэхээр ясны сайн тамирчин.  Нас ч залуу байна. Мэргэжлийн боксын рингенд олон шилдэг тамирчидтай тулалдаж, ялалтаа авч, монголчуудаа баярлуулах байх. Тийм авьяас, чадвар түүнд байгаа.  Н.Төгсцогтын ялалтууд үргэлжилсээр, дуулиан тарьсаар л... 
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Болд
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Shuud 1 negdehiig ni neg l tsohi tegeed negt or kkk amjilt chi bol mongoliin baharhal ireeduin delhiin avarga meregjiliin boksiin domogt tamirchin buh rekordiin ezen boloh yostoi omnod solongoschuudiig haa taarsan gazar ni zugeer l ringnii alchuur bolgo
2015-12-10
Цоомоо:
Амжилт хүсий.карёраа бэртэлгүй эхлүүлж.гэмтэлгүй дуусгаарай.монгол орон чамд итгэж бн.
2015-12-08
төгсөө:
228-т гэнээ, ямар олон тамирчин байдийм бэ, хугацаа их алдах нээ, шууд дээрээс нь мундагуудтай нь үзээд эхэлчиж болдоггүй л юм байхдаа,
2015-12-07