Удаан хугацаанд хорихоос илүү нийгэмшүүлэх нь чухал
2015-12-07

УИХ-ын чуулган ээлжит хуралдаанаар өнгөрөгч долоо хоног Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийг баталсан.

Ажлын хэсэгт ажилласан Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн өнөөдөр шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар товч мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

Тэрбээр энэхүү хуулиудыг баталсан нь Монгол Улсад хууль зүйн хариуцлагыг шинэ гаргахад чухал алхам болсныг дүгнэсэн. Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийг боловсруулахдаа өмнөх эрх зүй өндөр хөгжсөн улс орнуудын эрдэмтэд хамтран гаргасан “Гэмт хэргийн загвар хууль” бусад хууль санаачлах эрх бүхий субьектын боловсруулсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн өгсөн шүүмж, эрдэм шинжилгээний өгүүлэл, тодорхой санал, зөвлөмжийг хуулийн төсөлд ашиглажээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн сайн зохицуулалтыг уламжлан авч үлдэхээс гадна дэлхийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзсэн байна. Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болоод Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, Ромын дүрмийн заалтад нийцүүлжээ.

 

Тухайлбал,

 

-Хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг, дайны гэмт хэрэг түүний дотор өнөөдөр дэлхий нийтэд аюул занал учруулж байгаа тероризмын гэмт хэргийг Өршөөлд  хамааруулахгүй байх заалтыг Эрүүгийн хуульд баталлаа.

 

-Манай улс Ромын дүрмийн гишүүн орон билээ. Энд гишүүнчлэлтэй улсууд Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг, дайны гэмт хэрэг түүний дотор өнөөдөр дэлхий нийтэд аюул занал учруулж байгаа тероризмын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дотооддоо шүүн тасалж, ял шийтгэл оногдуулан эдүүлэх ингэх боломжгүй бол Олон Улсын эрүүгийн шүүхэд уг этгээдийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг гэсэн үг. Тэгвэл шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд энэхүү зохицуулалтыг бүрэн утгаар нь тусгаж өгсөн байна.

 

-Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим тусгагдсан. Эрүүгийн хуульд ч мөн нэг гэмт хэргийн төрлөөр нэг л удаа хариуцлага хүлээх олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг тусгажээ. Манайд 17 мянган төгрөгийн эд зүйл хулгайлаад давтан хэрэг үйлдсэн гэдгээр 10 жилийн хорих ял шийтгүүлсэн тохиолдол бий. Тэгвэл энэ хуучин практикийг халж, давтан гэмт хэрэг үйлдсэн гэдэг шинжээр хэргийг хүндрүүлэхгүй болжээ. Тухайн хүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ялыг оногдуулахаар хуульчилсан байна.

 

-Гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй гэсэн зарчмыг Эрүүгийн хуульд тусгажээ.

 

-Мөн хууль бус заавар, тушаал өгч гэмт хэрэг захиалагч, биелүүлэгч аль аль нь хариуцлага хүлээх заалтыг шинэчилсэн хуульд оруулжээ. Хэн нэгэнд хууль бус заавар, тушаал өгч гэмт хэрэг үйлдүүлсэн этгээдийг гүйцэтгэгчээр тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ нь шинэ зарчим.

 

Цаазаар авахгүй бүх насаар нь хорино

 

-Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх тухай заалт бий. Монгол Улс цаазаар авах ялыг халах олон улсын гэрээнд нэгдэн орсон. Эдгээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг халав. Түүний олронд бүх насаар нь хорих ял шинээр тусгагдсан байна.

 

-Эрүүгийн хууль гэмт хэрэг үйлдсэн хүнд тохирох ялыг шударгаар оногдуулахаас гадна нийгмийн үнэт зүйлсийг гэмт халдлагаас хамгаалах, Үндсэн хуулиар тунхаглагдсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгыг агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл төрийн ял шийтгэлийн бодлого энэ зорилгод нийцсэн байх ёстой. Хүнийг урт удаан хугацаанд хорих гэхээс илүү хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх нь чухал гэж УДШ-ийн шүүгч Б.Батцэрэн онцолсон.

 

-Тиймээс 2002 оны хуулиар гэмт хэргийн ангиллаас шалтгаалж ялын өндөр босго тогтоосон байдлыг өөрчилж, оногдуулах ялын хэмжээг уян хатан, дээд доод ялын хэмжээ нэлээн өөр байдлаар зохицуулагдсан гэв.  Тухайлбал, тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 1-5 жил, 2-8 жил, 5-12 жил, 12-20 жил хүртэл хорих ял оногдуулах гэх мэтээр зохицуулжээ. Ингэснээр шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт бурууд тохирсон ялыг оногдуулах боломжууд нээгдэж байгаа юм.

 

Гэм буруугаа хүлээвэл хэргийг хялбаршуулж шийдвэрлэнэ

 

-Уламжлалт хорих, торгох ялаас гадна нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах буюу зорчих эрхийг хязгаарлах, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах гэх мэт шинэ төрлийн ялууд хуульчлагдсан. Энэ нь Эрүүгийн хуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцэж байгаа аж.

 

-Эрүүгийн хариуцлагыг ял болон албадлагын арга хэмжээ гэдэг байдлаар авч үзнэ. Албадлагын арга хэмжээ нь энгийн, хүмүүжлийн бусад буюу шүүхээс үүрэг хүлээлгэх гэжээ. Өөрөөр хэлбэл шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд тэр хүн засарч хүмүүжих, хохирлоо нөхөх төлж барагдуулах гэх мэт тодорхой үүрэг хүлээлгэж түүнийг хүмүүжүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлсэн шинэ төрөл нэмжээ.

 

-Эрүүгийн хуульд шинээр орсон нэг чухал заал бол Гэм буруугаа, хохирлоо нөхөн төлөхөө хүлээсэн хүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх. Түүний үйлдсэн гэмт хэргээс хамааран ялаас чөлөөлөх эсвэл ялыг хөнгөрүүлж оногдуулах зохицуулалтыг хуульчилж өгчээ. Хэргийг мэтгэлцээний зарчмаар хянан шийдвэрлэдэг улс орнуудад энэ зарчим хэрэгжснээр гэм буруугаа хүлээж хэргийн илрүүлэлтэд идэвхтэй туслалцаа үзүүлсэнээрээ мөрдөн шалгах ажиллагааны болоод шүүхийн зардал, цаг хугацааг хэмнэнэ. Шүүхийн ачааллыг багасгана гээд олон давуу тал байгааг мэргэжилтнүүд харж байна.

 

Ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийг хэрэглэнэ

 

-Эрүүгийн хууль ирэх оны есдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр одоо хоригдож байгаа хүмүүст нөлөөлөх үү. Суллагдах ч юм уу?

 

-Хууль буцаан хэрэглэх гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр шинэ хууль батлагдсанаар тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ багассан, ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа тохиолдолд аль ашигтай хуулийг хэрэглэдэг. 2016 оны есдүгээр сарын 1-ээс хуулийг дагаж мөрдөөд эхлэхээр одоо ял эдэлж байгаа хүмүүсийн ял хөнгөрөхөөр байвал шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг яаж хэрэглэсэн энэ зарчмын дагуу ялыг хөнгөрүүлж, шинэ хуульд нийцүүлж тэгшитгэнэ. Шинээр батлагдсан хуульд хуулийг буцаан хэрэглэх зарчим өмнөх хуулиудаас арай өөр шинэ агуулгаар томьёологдож тусгагдсан.

Өмнөх хуулиудад ялын дээд ба доод хэмжээг багасгасан тохиолдолд түүнд нийцүүлэн хасна гэсэн томьёололтой байсан. Харин шинээр батлагдсан хуульд бол зөвхөн дээд, доод биш дундаж ял шийтгүүлсэн хүмүүсийг мөн шинэ хуульд нийцүүлэн тэгшитгэх буюу эрх зүйн байдлыг дээрдүүлж ялыг хасах зохицуулалт хийгдэх боломжтой.

 

-Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиас Зөрчлийн тухай хууль руу хэдэн зүйл анги шилжих вэ?

 

-Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль хамтдаа батлагдсан. Өмнө үйлчилж байсан хуулиудад нэг үйлдийг нэгэн зэрэг гэмт хэрэг, зөрчилд тооцох гэх мэтээр давхардлууд байсан. Ийм 36 төрлийн зөрчлийг арилгасан. Түүнээс гадна тодорхой төрлийн гэмт хэргийг зөрчилд хамааруулах, зарим зөрчлийг гэмт хэрэгт хамааруулж хуульчилсан. Тухайлбал, гүтгэх гэмт хэрэг бол шинэ хуулиар зөрчилд хамаарна.

Гэхдээ ямар тохиололд хүний нэр төр, алдар хүндийг үндэслэлгүйгээр гутаасан гэдгийг хоёр төрлөөр авч үзнэ.  Нэгдүгээрт, хууль, шүүхийн байгууллагын өмнө мэдүүлэг үнэн зөвийг мэдүүлэхээ амлаж мэдүүлэг өгөхдөө  хүнийг гэмт хэрэг үйлдсэн талаар зориуд худал мэдүүлвэл гүтгэсэн гэмт хэрэг болно. Нөгөөх нь, сонгуулийн үеэр нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг зориуд гутаасан мэдээ, баримтыг тараасан нь батлагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцно. Бусад тохиолдолд үүнийг Иргэний хууль эсвэл Зөрчлийн тухай хуулиар зохицуулна.

 

-Одоо гэмт хэрэгтэн гэж шалгагдаад явж байтал есдүгээр сарын нэгэнд шинэ хууль хэрэгжиж эхлэхэд хэрэг нь зөрчил болвол хэрхэн шийдвэрлэх вэ?

 

-Гэмт хэрэг биш болоод зөрчилд хамаарахаар болчихвол Зөрчлийн тухай хуулиараа шийдүүлнэ.

 

-Эрүүгийн хуулиар гэмт хэргийг хэрхэн ангилсан юм бол?

 

-Хууль боловсруулах төслийн шатанд гэмт хэргийг ангилах, ангилахгүй байх ангилсан тохиолдолд ердийн ба хүнд гэж ангилах  хувилбарууд яригдаж байсан. Яг батлагдахдаа ердийн ба хүнд гэж ангилах заалт хасагдсан. Тэгэхээр ангилал байхгүй гэж ойлгож болно. Агуулгаар нь авах юм бол Эрүүгийн хуулинд 12 төрлийн ялын пароль бий. Үйлдсэн гэмт хэргээс нь хамаараад гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршиг энэ байдлаас шалтгаалаад 12 төрлийн ялын паролиос оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид ангид тусгасан байгаа.

 

-Баривчлах ялыг үр нөлөө багатай гэж үзжээ.

 

-Баривчлах ялыг хүмүүжүүлэх үр нөлөө багатай гэж үзсэн. Судалгааны дүнгээс тэгж харагддаг. Түүний оронд хорих ялыг урьд нэг жилээс эхэлдэг байсан бол долоо хоногоос 20 жил хүртэл хугацаатайгаар ялын хэмжээг тогтоосон.

 

Б.Буд

 

Shuud.mn
Сонин хачин
Hyyhed:
Bayartsogt metiin Lyiberchin tohiruulsan huulizorchil bn daa
2015-12-08
bats:
Heden hunii amid ywah erhiig haschaad baihad uurii ni amid bailgana gedeg chini uy gesen ug we iljigdorjoo huzuugui tolgoi zurhendee oir gedeggui biluu
2015-12-07
Зочин:
7 хоногийн ял оноох гэж татвар төлөгчдийн мөнгийг үрж хуулийн байгууллагаг ажиллаад яахав дээ МАН намынхан эргэж харах байлгүй дээ хууль ингэж дампуурана гэж байх уу
2015-12-07