Харсаар байж ийм хөөрхөн хүүгээ алдана гэж үү...
2015-12-08

 

 

-Таны хандивласан 1000 төгрөг хүүд амьдрал бэлэглэнэ-

 

Эхийнхээ энгэрт баяр, гуниг юуг ч үл мэдрэн өмөлзөх энэ бяцхан хүүг Б.Сайнжаргал гэдэг. Хорвоод мэндлээд дөрөвхөн сарын нүүр үзэж буй нялх хүүг зүрхний цооролтой, зүрхний судас буруу байрлалтай гэх хавсарсан өвчтэй болохыг эмч нар саяхан оношилжээ. Энэ нь маш ховор тохиолддог өвчин юм байна.

 

Гэвч бяцхан хүү эл гунигтай явдлыг үл мэдрэн, хуруугаа хөхөж, өөр рүү нь харах бусдад хариу үйлдэл үзүүлж нүдээ бүлтэгнүүлэн, ээжийнхээ өвөр дээр цогих аж.

 

Түүний ээж С.Уранцэцэг “Ийм хөөрхөн үрээ харсаар байгаад алдах гэж үү. Чадах бүхнээ хийгээд ч болов хүүхдээ л эрүүл болгохыг хүсч байна” хэмээн хоолой зангируулан, итгэлийн харцаар харах...

 

Ингээд хүүгийн ээж С.Уранцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

 

-Хүүг тань яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон талаар сонслоо. Та бүхэн өвчний талаар хэзээ мэдсэн бэ?

 

-Өвчний оношийг нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монголд Японы эмч нар ирж үзлэх хийх үеэр мэдсэн. Өмнө нь манай хүүгийн амьсгал нь давчдаад, гэдэг нь төвөлзөөд байдаг байсан. Ингээд гурван сартайгийнх нь товлолт вакциныг хийлгэх үеэр энэ талаар эмчид нь хэлсэн. Тэгэхэд эмч нь “Уушгины архаг дутагдалд орсон байж магадгүй. Хүүхдээ аваад эмнэлэгт хэвтээд, үзүүл” гэсэн. Тэгээд арваннэгдүгээр сарын 05-ны өдөр рентгенд харуулсан чинь уушгины хоёр талдаа хатгаатай, зүрх нь том байна, зүрхний гажигтай байж магадгүй гэсэн юм. Ингээд дараа нь Эх нялхаст зүрхний ЭХО-д харуулсан чинь хүчилтөрөгчийн дутагдалд орсон байна гэсэн. Гэхдээ энэ онош бол баттай биш гээд Япон эмч нарыг ирэхээр үзүүлэхийг зөвлөсөн юм.

 

-Япон эмч нар үзээд юу гэж хэлсэн бэ?

 

-Япон эмч нарт үзүүлтэл зүрхний цооролтой, зүрхний судас буруу байрлалтай байна. Хавсарсан өвчний оноштой тул ойрын 14 хоногийн дотор яаралтай эмчилгээ хийлгэ гэж зөвлөсөн. Тэд энэ өвчнийг цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай байдаг. Та нар жаахан оройтсон байна гэсэн. Гэхдээ манай Монголд эмчлэх боломжгүй. Япон, Солонгос, Хятад зэрэг анагаах ухаан өндөр хөгжсөн оронд өртөг багатай эмчилдэг тухай зөвлөсөн.

 

-Та хүүгээ тээж байхдаа тогтмол хяналтад орж байсан уу. Тэр үед ямар нэгэн ургийн гажиг илрээгүй юу?

 

-ЭХО-д байнга харуулдаг байсан. Тэр үед ямар нэгэн ургийн гажиг илрээгүй, эрхтэн бүрэн эрүүл хүүхэд байна л гэж байв. Цаг тухайд нь хяналтдаа ороод, уух ёстой витамин зэргийг хэрэглэж байсан. Гэвч хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон зэрэг генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэчихсэн юм болов уу гээд эхэндээ өөрийгөө буруутгаж байлаа. Гэхдээ Хятад эмч хэлэхдээ “Энд хэн нэгнийг буруутгах арга байхгүй. Энэ өвчин юунаас үүссэн бэ гэдгийг анагаах ухаан ч өнөөг хүртэл нарийн тогтоогоогүй байна” гэж хэлсэн. Ер нь жирэмсэн эмэгтэйчүүддээ хандаж “Эмчийн зөвлөгөөг дагаж, уух ёстой фолийн хүчил, витаминыг хэрэглэж зөв эрүүл хооллоорой” л гэж хэлмээр байна.

 

 

-Яаралтай эмчилгээ хийлгэвэл хүүгийн тань эдгэрэх магадлал 100 хувь байгаа юу. Эмчилгээний зардалд хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?

 

-Бүрэн эдгэрэх боломжтой юм билээ. БНСУ-д хагалгаанд орвол 60-70 сая төгрөг, Хятадад 24-30 сая төгрөг шаардлагатай гэсэн. Тийм учраас бид арай зардал багатайгаар нь БНХАУ-руу явахаар төлөвлөж байна. Тус эмнэлгийнхэн хүүг маань цаг алдалгүй, яаралтай ирж хагалгаанд оруулаарай гэсэн.

 

-Хэзээ хагалгаанд орохоор төлөвлөөд байна вэ?

 

-Энэ сарын 17-ны өдөр Хятад руу явна. Одоо арав орчим хоногийн л хугацаа үлдлээ. Тиймээс бид нэн түрүүнд хүүгийнхээ эмчилгээний төлбөрийг цуглуулахаар боломжит бүхий л аргаа эрэлхийлж байна.

 

-Хүүгийн тань эмчилгээнд одоо хэдий хэмжээ мөнгө цуглараад байгаа вэ?

 

-Ах, дүү нар маань нийлээд 8 сая төгрөг цуглуулж өгсөн. Бас “Зүрх” төсөл төвүүдэд хандаж тусламж дэмжлэг хүссэн. Мөн сүмүүдэд хандсан. Гэвч бүтээгүй. Тэгээд л олон нийт, сайхан сэтгэлтэй хүмүүсээс тусламж хүсч байна. Яаж ийм хөөрхөн хүүгээ харсаар байгаад мөнгө олдохгүй байна гээд алдах вэ дээ. Чадах бүхнээ хийгээд эрүүл саруул болгохыг л хүсч байна. Хэрэв яаралтай хагалгаанд оруулахгүй бол амь насанд нь аюултай гэсэн.

 

-Олны хүч оломгүй далай шүү дээ. Сайхан сэтгэлт Монголчуудынхаа ачаар хүү тань эрүүл саруул болоод та биднийг баярлуулах байх гэдэгт итгэж байна?

 

-Баярлалаа. Би ч бас итгэж байна. Миний Монголчууд өрөвч зөөлөн, тусч ард түмэн шүү дээ. 1000 төгрөг ч бидэнд маш их дэм болно. Тиймээс та бүхэн хүүд минь халуун гараа сунгаж, амьдрал бэлэглээсэй гэж хүсч байна. Та бүхний тусыг бид хэзээ ч мартахгүй, хүүгээ эрүүл болгоод, бусдад тусласан сайн хүн болгож өсгөхийн төлөө нөхөр бид хоёр бүхнээ зориулах болно оо.

 

 

-Б.Сайнжаргал маань танай хэд дэх хүүхэд вэ?

 

-Манай хоёр дахь хүү маань. Том нь гурван настай. Нөхөр маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би сургуулиа төгсөөд том хүүгээ төрүүлээд ажил хийж эхэлсэн юм. Тэгээд л бага хүүгээ тээгээд ажлаасаа гарсан. Одоо бол юу юунаас илүү хүүгээ эрүүл саруул болгохыг л хүсч байна. Өвчин гэдэг хэлж ирэхгүй, хийсч ирдэг гэж үнэн юм. Өнөр өтгөн гэр бүлтэй болоод сайхан амьдрахыг хүсдэг байлаа. Гэтэл огт төсөөлж байгаагүй зүйл тохиолдлоо. Миний хүү уг нь их сэргэлэн харагдаж байгаа биз дээ. Өвчнөөсөө болоод жингийн дутагдалд орсон байгаа ч аливаа үйлдлийг их сайн ойлгож, хариу үйлдэл үзүүлдэг гэлээ.

 

Ийнхүү бяцхан хүүгээ тэвэрсэн залуухан ээж өчигдөр манай редакцид ирж, уншигч та биднээс тусламж хүссэнийг уламжилж байна. Энэхүү нийтлэлийг уншиж буй та нэг өдрийнхөө автобусны мөнгө болох 1000 төгрөгийг л хүүгийн эмчилгээнд хандивлахад түүнд амьдрал бэлэглэх болно. Өөрөөр хэлбэл, энэхүү нийтлэлийг 20 мянган хүнд хүргэж, хүн тус бүр 1000 төгрөг хандивлахад л та бид нэгэн гэр бүлийг элэг бүтэн байлгах боломжтой юм шүү.

 

Та хүүд тусалж, сэтгэлийн хандиваа өргөхийг хүсвэл эзэмшигч С.Уранцэцэгийн ХААН банкны 5059017578, Төрийн банкны 3121-000-84950 дансаар болон 9668-5695, 9681-8589 утсаар холбогдоорой.

 

П.Жаргал

 

эх сурвалж: Eagle.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
тусалцгаая хүмүүсээ энэ хүүг хараад үнэхээр хайр хүрч байна бага ч багадахгүй шүүдээ олуулаа бол оломгүй далай гэж хүн бүр жоохон ч гэсэн туслахад л бидэнд юу ч хорогдохгүй
2015-12-09