Гэрийн хориог зөрчвөл ял эдэлнэ
2015-12-08

УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хууль  батлагдсан. Үүнтэй  холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар өнөөдөр мэдээлэл хийлээ.Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Цаг хугацаа шаардагдсан эдгээр хуулийг дагаж хамгийн наад талдаа 5 хууль батлаж байж Эрүүгийн болон Зөрчлийн хууль цогцоороо хэрэгжих боломж бүрдэнэ” гэсэн бол  Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Шинэ Эрүүгийн хуулийг мэргэжлийн түвшинд авч үзвэл эргэлт авчирсан хууль болсон. Харин захиргааны шинжтэй 220 гаруй хуулинд байсан заалтуудыг нэгтгээд Зөрчлийн тухай хуулийг багцлан гаргасан. Дээрх хуулийг ирэх оны 9 дүгээр сарын нэгнээс мөрдөнө. Үүний өмнө эдгээр хуультай холбоотой хуулиудыг УИХ-аар батлуулах, боловсон хүчнээ сургаж бэлтгэх, гарын авлага хэвлүүлэх, бүтэц зохион байгуулалтаа хийх зэрэг асар их бэлтгэл ажилд салбарынхан өөрсдийгөө бэлтгэж байна” хэмээн мэдээллээ.  Тэд  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Эрүүгийн хуулинд сонгуулийн үеэр хүн гүтгэсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тусгасан нь улстөрчид өөрсдөдөө ашигтай байдлаар хуульчилсан юм биш үү?

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:

-Засгийн газраас өргөн барьсан хувилбараар бол бүхэлд нь хүн гүтгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байсан. УИХ, Хууль зүйн байнгын хорооны түвшинд яриад Зөрчлийн тухай хуулинд уг заалтыг оруулсан. Ер нь хүнийг гүтгэвэл гурван зүйл заалтаар эрүү үүсгэж байгаа. Нэгдүгээрт, Сонгууль бол төрөө байгуулж байгаа явдал юм. Төрөө байгуулж байгаа явдалд гүтгэх үйлдэл гаргавал эрүү үүсгэхээр зохицуулалт оруулсан. Хоёрдугаарт хэрэг бүрдүүлэлт, мөрдөн байцаалтын шатанд хүнийг гүтгэвэл эрүү үүсгэнэ. Гуравдугаарт шүүх ажилагааны явцад хүн гүтгэвэл эрүү үүснэ.

 

-Цаазын ялыг шинэ Эрүүгийн хуулиар халж, ингэснээр бүх насаар нь хорьдог болж байна. Шоронгийн хүрэлцээ ямар түвшинд байгаа вэ?

 

Хуульзүйн сайд Д.Дорлигжав:

-Цаазын ялгүй байх олон улсын конвенцид манай улс нэгдсэн. Энэ заалтыг өнөөдөр олон улсад хэрэглэж байгаа юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш цаазын ялтай иргэн хэрэв хүсэлт гаргавал уучилж ирсэн. Энэ нь ч ялын бодлогын хувьд зөв зүйтэй хувилбар юм.

 

-Эрүүгийн хуулинд гэрийн хорионд байлгах гэсэн заалт орж ирсэн байна. Тухайн иргэнийг гэрийн хорионд байгааг нь хэрхэн хянах вэ?

 

-Энэ заалтыг хэрэгжүүлэхэд өнөөгийн түвшинд их боломжтой. Тухайн хүний байж болох хүрээ хязгаарыг программд оруулаад өгчихнө. Тэр хязгаараас гарвал хяналтын төвд дохио ирнэ. Гэрийн хориог зөрчвөл биеэр ял эдлэх ба хорио 7 хоногоос 5 жил хүртэл хугацаатай байх юм.

 

-Торгуулийн систем өөрчлөгдөх тухайд ямар тайлбар хийх вэ?

-Хэргийг одоогийн хуулиар хохирлын хэмжээгээр нь хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд гэсэн ангилалд оруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан хохирлыг тооцож ирсэн. Гурван талт хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг заасан хугацаанд шинэчилж нэмэгдүүлэхээр хөнгөн хэрэг хүнд, хүнд нь хүндэвтэр болоод байсан юм. Өөрөөр хэлбэл, тоо өөрчлөгдөхөд ялын бодлого өөрчлөгддөг байсан юм. Иймээс торгуулийг нэгжээр тооцохоор болж, нэг нэгж нь 2000 төгрөг байхаар хуульчилсан.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дорлигжав сайд Тэмкаг бодвол арай л илүү, амьдралтай юм хийж байгаа шүү
2015-12-08