Аделийг хулгай хийсэн гэв
2015-12-08

Британийн дуучин Аделийн “25” цомогт багтсан “A Million Years Ago” гэх дуу олон нийтийг талцуулж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус дууны аяыг Туркийн хөгжмийн зохиолч, дуучин Ахмет Каяагийн “Clinging to Pain” буюу “Өвчнөө ялна дийлнэ” гэх дууны аяыг хуулбарласан хэмээжээ.

 

“Адель хулгай хийсэн. Түүний дууны ая Каяагийнх” хэмээн хөгжим сонирхогч Эсра Нур Адоган мэдэгдсэн байна.  Каяа 15 жилийн өмнө нас барсан аж. Тэрээр дээрх аяыг 1985 онд бичсэн юм гэнэ. Түүний эхнэр Гултен Каяа “Би хувьдаа Аделийг хулгай хийсэн гэж бодохгүй байна. Би Аделийн дуунуудад дуртай” гэж хэлжээ.  

 

Туркийн мэдээллийн “Саба” агентлаг өчигдөр хоёр дууг харьцуулсан бичлэгийг “Youtube.com” сайтад байршуулсан байна. Тус бичлэгийг 10 цагийн дотор 643 мянган хүн үзжээ.

 

Өнгөрсөн сарын 25-нд дуучин бүсгүй “25” цомог худалдаанд гарсан бөгөөд одоогийн байдлаар 30 сая хувь зарагдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин