Х.Сэргэлэнбат: Онгон дагшин байгалиа дэлхийд гайхуулмаар байна
2015-12-09

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн сайхан, тэнд нутагших ховор болон ховордсон ан амьтдын эгэл хэрнээ гайхалтай мөчийг олон нийтэд харуулахыг зорьж “Гэгээн эгшин” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэсэн БОНХАЖЯ-ны хэвлэл, мэдээллийн ажилтан Х.Сэргэлэнбаттай уулзаж ярилцлаа.

 

-Таны үзэсгэлэнг бүхэлд нь “Гэгээн эгшин” гэдэг нэр нь илэрхийлчих шиг санагдлаа.  Үнэхээр онож нэрлэжээ?

 

-Б.Лхавгасүрэн гуай энэ нэрийг өгсөн. Би дарсан зургуудаа үзүүлээд, бид хоёр цаг гаруй ярилцаж суулаа. Би нэг ийм уран бүтээлийн үзэсгэлэн гаргах бодолтой байна. Ямар нэр өгвөл зүгээр вэ гээд асуусан юм. Тэгсэн 20-оод минут чимээгүй болоод тамхиа татаж хэсэг сууж байснаа “Чонын бэлтрэг, цахлайн дэгдээхэй гээд хараад байхад их тийм гэгээн зургийг чи алдахгүй, тэгээд тэр гоё эгшинд нь авч чаджээ” гээд энэ нэрийг өгөхийг зөвлөсөн. Агшин гэдгийг нэг жаахан зөөллөөд, эгшин гэж нэрлэсэн юм л даа.

 

-Бие даасан анхны уран бүтээлийн үзэсгэлэн гэсэн. Хичнээн гэрэл зургийг дэлгэсэн бэ?

 

-2011 оноос хойш, 4 жилийн хугацаанд 4 мянга гаруй зураг дарсан байна. Энэ бүгдээс, тусгай хамгаалалттай газар нутаг, ховор ан амьтан, төрийн тахилгатай уул ус, дурсгалт газруудын 70 гаруй зургийг үзэсгэлэнд дэлгэлээ. Байгалийн гэрэл зурагчин байгалтай илүү ойр байдаг. Сайхан байгальд ганцаар аппаратаа үүрээд явж байхад л тайвширдаг. Байгальтай илүү уялдаа холбоотой болчихдог юм шиг санагддаг.

 

-Тусгай хамгаалалттай газрыг сонгосон нь учиртай болов уу?

 

-Тусгай хамгаалалттай газар нутгийг хуулиар улс нь, хүн нь яаж хамгаалдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон. Тэнд уул ус, ан амьтан, ухагдаагүй онгон дагшин байгалийн баялаг нь байна. Хүн хамгаалж л чадвал Монголын байгаль, тусгай хамгаалалттай газар нутаг шиг үзэсгэлэнтэй сайхан хэвээрээ байх боломжтой. Манайхан байгалиа хамгаалж чадахгүй байгаа болохоор сүйдээд байна гэж яриад байна. Байгалиа хамгаалахын төлөө нэг жаахан ч гэсэн сэтгэл байвал болчих л юм шиг санагдах юм.

 

-4 жилийн хугацаанд хичнээн амьтны зураг дурандаа буулгаж амжсан байна вэ?

 

-Мазаалай, хүдэр, минж, шивэр хандгай, хулан гээд их олон амьтны гэрэл зургийг дурандаа буулгасан шүү. Яг нарийвчилсан тоо гаргаагүй юм байна. 600 гаруй хулан нэг дор байхыг харсан. Тэгсэн Б.Лхавгасүрэн гуай “Хэрийн аавын хүү хулангийн тоосонд ордоггүй юм” гэж хэлж нэг их сайхан урам өгч билээ. Амьтад хүн хараад зугтаадаг. Тэгэхээр зугтааж байгаа тэр зүгээс нь гэнэт гарч ирж зургийг нь авахаар төлөвлөнө. Өнгөрсөн зун Дорнод аймгийн Нөмрөг суманд явж байгаад Шивэр хандгайтай таарлаа. Тэгээд л нөгөө төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гээд эсрэг талд нь гараад бэлдэж байсан чинь Шивэр хандгай  хөлийн чимээ сонсчихдог юм билээ. Тэгээд төлөвлөгөө нурах тохиолдол гарсан. Амьтдын зургийг авахад ажиллагаа ихтэй байдаг. Камерт зурвасхан гоё орж ирээд л тэрхэн эгшинд л буцаад гараад явчихдаг. Тэр нэг секундыг л барьж авахгүй бол зургийг нь авч чадахгүйд хүрнэ. Тэр тусмаа тусгай хамгаалалттай газрын ховордсон амьтад хүн ойртуулахгүй, зэрлэгшсэн байдаг.

 

 

-Амьтдын зураг авахад ажиллагаатай гэлээ. Тэгвэл ургамлын зураг амархан уу?

 

-Ер нь аль ч зураг амаргүй л дээ. Вансэмбэрүү цэцэг хад, асга ихтэй хэцүү газар ургадаг. Увс аймагт ажлаар явж байгаад өнгөрсөн зун зургийг нь авахаар зорьж очлоо. Өглөө зургаан цагт гараад л вансэмбэрүү ургадаг уул руу өдөржин явсаар 4 цагт хүрч очсон. Хаана ургасан нь тодорхойгүй, энэ хавьд байгаа л гэсэн мухар ойлголттой очсон. Дурандаад л сууж байсан чинь дэнхийсэн цагаан юм харагдлаа. Би чинь хараад л аппаратаа үүрээд  чиглээд гүйчихэж билээ. Очоод харсан ганцхан вансэмбэрүү. Ганцхан ч гэсэн ямартай ч ховор ургамлын зураг авч чадах нь гэж олзуурхаж их баярласан.

 

 

-Аливаа уран бүтээлч, хийж байгаа уран бүтээлээрээ нийгэмд ямар нэгэн санааг илэрхийлэхийг зорьдог шүү дээ. Таны хувьд?

 

-Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн. Тэгэхээр хүн бүр байгалаа эцэг эх шигээ хайрлах ёстой гэж би боддог. Би гэрэл зурагчин хүн. Байгалийн тэр сайхныг дурангын хальсандаа буулгана. Буулгасан зургаа бусадтай хуваалцаж сайхан энерги түгээхийг л эрхэм зорилго болгосон юм. Тухайлбал, хөмүүл гээд өвсийг хүн дээрээс нь гишгээд л явчихдаг. Яг ингээд гэрэл зургийг нь аваад үзэсгэлэнд дэлгэхээр их сайхнаар хүлээж авч байна. Тэр бүгдээс ургаад эх орноо, ургамал, амьтнаа хайрлах зүрх сэтгэл хүнд бий болох болов уу. Тэр хэмжээгээрээ эх орноо гэх хайр ундардаг гэж би хувьдаа боддог ю. Тэгэхээр миний хийж чадах юм, гэрэл зургаараа дамжуулж хүмүүст сайхан энергийг түгээнэ. Эргээд тэр хүмүүст байгалиа хамгаалах, эх орноороо бахдах сэтгэл төрүүлэхсэн л гэж хичээдэг.

 

-Үзэсгэлэнг үзсэн хүмүүсээс урмыг үг сонсов уу?

-Би үзэсгэлэнгээ нээгээд л орхичих биш өдөр өдрөөр онцлогтой байлгахыг хичээсэн. “Эко” сургуулийн сурагчдад Мягмар гаригт үзэсгэлэнгээ үзүүлсэн. Харин Лхавга гаригт 116 дугаар тусгай сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилсэн. Пүрэв гаригт оюутнуудад гэх зэргээр тусгай хөтөлбөр гаргасан юм. Миний нэг л олзуурхаад байгаа зүйлийг надад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хэлсэн.  Би тэднийг байгаль орчны тухай мэдлэг асар сайн биш болов уу гэж боддог байлаа. Тэгсэн үгүй. Их мундаг, уншчихсан, мэдчихсэн, тогтоогоод авчихсан байна билээ. Үзэсгэлэн үзэж дуусаад аравдугаар ангийн нэг хүүхэд надад “Миний хайрлах юмны тоо нэгээр нэмэгдлээ” гэж хэлсэн юм. Би нэг ийм л урмын үг сонсох гэж үзэсгэлэнгээ гаргасан юм шиг, үнэхээр нэг хэрэг бүтэх шиг санагдсан шүү. Тиймээс байгалиа хайрлах ухамсарыг хүүүхдийн сэтгэхүйд их бага хэмжээгээр суулгаж чадсан болов уу л гэж бодож байна.

 

 

-Их том урмын үг сонсчээ?

-Харин тийм. Тэгэхээр би үзэсгэлэнгээ гаргаж байгаа, гаргах уран бүтээлчдэд уриалмаар байна. Үйл ажиллагаандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж байя, тэднийг нийгэмшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулцгаая гэж.

 

-Цаашид үзэсгэлэн гаргах уу?

-Хоёрдугаар сарын дундуур манай байгалийн гэрэл зурагчид нэгдэн шилдэг 50 бүтээлээрээ ОХУ-д үзэсгэлэн гаргана. Тэгээд гуравдугаар сарын дундуур Солонгост сууж байгаа Монголчууддаа очиж уран бүтээлээ хүргэж санаа байна. Бүр цаашдаа Монгол улс гэж ийм үзэсгэлэнтэй орон байдаг юм шүү гэдгийг дэлхийд таниулах л зорилго байна даа. Онгон дагшин байгал, амьтан ургамлаа дэлхийд гайхуулмаар байна.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин