Ерөнхий сайд Элчин сайд нартай уулзлаа
2015-12-09

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газар бусад улс орнуудтай харилцах нөхөрсөг харилцаагаа улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг хамгаалан бэхжүүлэх зэрэг үндсэн зорилттой ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд Европын холбооны улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа гуравдагч хөршийн бодлогын хүрээнд хөгжүүлэн сайжруулах нь Монгол Улсын гол зарчмуудын нэг юм гэлээ.

 

 Ерөнхий сайд Европын холбооны улс орнууд Монголын ардчиллыг дэмжиж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэн нийгэм, эдийн засгийн шинэтгэл, шилжилтийн явцад санхүүгийн болон техникийн тусламж дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийллээ. Европын холбооноос Монгол Улсад 1990 оноос 2015 оны эхний хагас хүртэл хугацаанд 835 компанийн 2,15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чадавхийг бэхжүүлэх төсөл, Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглалын хөтөлбөр, Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл зэрэг Монгол Улсын үндэсний хөгжлийн зорилгод нийцсэн хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд дурдлаа.

 

 Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар сонирхсон асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин