Г.Занданшатар: Иргэдэд сонголт хийх боломжийг олгоно
2015-12-10

Зөвлөлдөх ардчиллын “автор” гэгдээд байгаа Г.Занданшатарын онол ажил хэрэг болж “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулга маргааш, нөгөөдөр буюу энэ амралтын өдрүүдэд төрийн ордонд болох гэж байгаа билээ. Тус төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж, 2020 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх дэд бүтцийн 14 асуудлыг иргэдийн санамсаргүй төлөөллийн санал асуулгаар эрэмбэлэн, төсөв санхүү, бүтээн байгуулалтыг тэрхүү эрэмбийн дагуу байршуулж зарцуулах түүхэн ач холбогдолтой чухал үйл явдал болох гэж байгааг нийтэд зарлан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх санал асуулгын хамтарсан дарга Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар оролцлоо. Нөгөө хамтарсан дарга нь Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл бөгөөд тэрбээр ойрын хугацаанд гадаадад албан айлчлалтай яваа юм. Хэвлэлийн хурлын үеэр Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөх хорооны гишүүдийг танилцуулсан.

 

Тус хорооны бүтэц нь үнэхээр аль нэг нам, улс төрийн зорилгогүй харагдахаар ажээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Хас банкны ТУЗ-ын дарга Ч.Ганболд, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, философийн ухааны доктор профессор Б.Даш-Ёндон, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Т.Ариунаа, “MCS” группын Ерөнхийлөгч Ж.Од, Нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар, МУИС-ийн ректор Р.Бат-Эрдэнэ, “Азийн сан”-гийн  Монгол дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг, Монфэмнэт үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа нар байгаа юм. Ингээд хэвлэлийн хурлын үеэр Г.Занданшатарын мэдээлснийг хүргэе.

 

-Та болон Э.Бат-Үүл дарга хоёулаа Монголын том намуудын хүчтэй лидер. Тэгэхээр улс төрийн зорилготой үйл ажиллагаа юм биш байгаа гэсэн болгоомжлол байх шиг байна?

-Тус үйл явдалтай холбоотой бүх мэдээлэл, удирдлагыг Зөвлөлдөх хороо маань шийднэ. Өнөөдрийн мэдээллийг ч Зөвлөлдөх хорооноос зохион байгуулж байна. Энэ бол нам бус байгууллага. Үнэхээр намчирхалгүйгээр асуудалд хандахыг багийн гишүүдийн бүрэлдэхүүнээс харж болно, итгэж болон гэж хэлэх байна. Энэхүү Зөвлөлдөх хороо 12, 13-ны Зөвлөлдөх санал асуулгын ажиглагчаар орно. Чухамдаа санал асуулга маань тэгш, тэнцвэртэй, найдвартай болж байгаа эсэхийг хянах юм шүү.

 

-Санал асуулгаар хөрөнгө оруулалтын төслүүд эрэмблэгдсэний дараа яах вэ?

-Нийслэлчүүдийн төлөөлөл болгож, түүвэрчилсэн сонголтоор 400 иргэнд урилга очсон байгаа. Анхны санал асуулга явагдсан. Өөрөөр хэлбэл, ач холбогдолоор нь эрэмбэлэх гэж байгаа 14 асуудлаар ямар ч мэдээлэлгүй байхад нь санал асуулга явагдчихсан байгаа гэсэн үг. Одоо 12, 13-ны өдөр тус төслүүдийн талаар бүх мэдээллээр хангаад, тэдгээр иргэдэд саруул ухаанаараа сонголт хийх боломжийг олгоно. Судалгаагаар буюу дэлхийн 23 улсын 40 гаруй хотод хийгдсэн зөвлөдөх санал асуулгын үр дүнгээр оролцогчдын иргэдийн 70 хувийнх нь санал өөрчлөгдсөн байдаг байна. Ингээд бүх мэдээллээ өгсний дараа санал асуулга маань нууцаар явагдана. Дүнг буюу төслүүдийн эрэмбэ дарааллыг нийслэлийн удирдлагад зөвлөлдөх хорооны зүгээс хүргэнэ. Өөрөөр хэлбэл, санал асуулгад оролцож байгаа 400  хүний хүсэл зорилго дэмжигдэж, ажил хэрэг болно гэсэн үг юм.

 

-Зөвлөлдөх санал асуулга зөвхөн Улаанбаатар хотод явагдаад дуусах уу?

-Санал асуулгын үр дүнгээс хамаарч цаашид хөдөө орон нутаг, үндэсний түвшинд хэрэгжүүлэх юм. Ямартай ч, анхны зөвлөлдөөнд нийслэлчүүдээ төлөөлж оролцох гэж байгаа, урилга хүлээж авсан байгаа иргэддээ “Маш чухал ажил шүү, Улааннбаатарынхаа хөгжил дэвшлийн төлөө хариуцлагатай хандаарай...” гэж захих байна.

 

-Нэлээд олон оронд туршигдсан ажил гэж Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал ноён Фишкин сая хэллээ. Тухайлбал, тэдгээр улс оронд санал асуулгын үр дүнгээс хамаарсан ямар ахиц дэвшил гарсан бэ?

-Ноён Фишкиний бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлсэн “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй: Зөвлөлдөх ардчилал ба олон нийтийн зөвлөгөөн” номд жишээ баримтууд, үр дүнгүүд маш тодорхой орсон байгаа. Тухайлбал, Францын эрүүл мэндийн салбар дахь асуудал байсан. Тэнд эмнэлгүүд нь орны илүүдэлтэй. Үүнийг багасгах ёстой гэсэн зөвлөлдөх санал асуулгын дүн гарснаар орны тоог багасгаж, тэнд зарцуулагдаж байсан мөнгийг лаборатори болон бусад чухал хэсэгт зарцуулснаар эрүүл мэндийн салбар нэн ашигтай болж эхэлсэн байх жишээний. Японд ч тод сайхан жишээ бий. Тэгэхээр энэ удаагийн санал асуулгаар 14 асуудлынхаа эрэмбийг тогтоож, хамгийн чухал гэсэн төсөлд хөрөнгө мөнгөө зарцуулах, олон санхүүжилтийг бүрдүүлэх ажил хөдлөөд эхэлнэ гэдэг нь маш чухал юм.

 

Зөвлөлдөх санал асуулгын хамтарсан дарга Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар энэчлэн хариуллаа.

 

Хэвлэлийн хурлын үеэр Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөх хорооны гишүүн Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц “Би өөрөө шашныхаа хувьд 10 мянган ламтай Чойрын номонд орж байлаа. Энэ ном явагдах зарчим нь аливаа асуудлыг голдоо тавьж байгаад хэлэлцдэг. Тэрхүү хэлэлцээнд хэн хэлэх, ярих нь хамаагүй. Юу гэж хэлж байгаа нь, тэр нь зөв болох буруу болох эсэх нь л чухал. Гэтэл өнөөгийн манай улс төр бол аливаа асуудлыг голдоо тавих гэхээр тавьсан хүн нь хэн бэ, баян ядуу, луйварчин хутгуурчин гэхчилэн гол юмныхаа төлөө биш түүний дайвар асуудлаар хэрүүл тэмцэл болж хувирдаг. Үүнд л манай нийгмийн гажуудал байгаа юм. Тэгвэл Зөвлөлдөх ардчилал, зөвлөлдөх санал асуулга бол яг тэрхүү манай шашны Чойрын ном шиг асуудлаа голдоо тавиад, эрүүл шударгаар хэлэлцэн, чухлыг олох, дэнслэх зарчимтай байгааг би их олзуурхаж байгаа юм” гэж хэлж байлаа. 

Shuud.mn
Сонин хачин