Зарим ШТС-ыг түр хаажээ
2015-12-11

Монгол Улсын Шадар сайдын баталсан Газрын бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад  гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн шалгалтыг онцгой байдлын газраас зохион байгуулжээ.

 

Шалгалтын үеэр Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн Петростар ХХК-ийн шатахуун түгээх станц 9, 14, 23 дугаар салбар, Магнай трейд ХХК-ийн шатахуун түгээх станц 80, 161 дүгээр салбар зэрэг нийт 5 объектыг үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж, мэргэжлийн заавар зөвөлгөөг өгчээ.

 

Мөн Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтыг үндэслэн нийт 9 субъектыг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ  тооцсон байна.

 

Шалгалтад нийт 132 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 818 зөрчил илрүүлж, 291 зөрчил буюу 35.5 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 7, мэдэгдэл 41, танилцуулга 8, ажиллагаа зогсоох тогтоол 5, дүгнэлт 41-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллажээ.

 

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын гал, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан, инженер, эрхлэгч, түгээгч нарын 316 хүнд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг мөрдлөг болгон галын аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт дадлагыг зохион байгуулсан байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин