Санья хотын бэлтгэлийн баазад олон улсын тэмцээн эхэллээ
2015-12-11

 

БНХАУ-ын Хайнан мужийн Санья хот дахь Өвөрмонголын хөлбөмбөгийн өвлийн бэлтгэлийн баазад бэлтгэлээ хангаж буй Бразил, ОХУ, БНХАУ, Монголын багуудын дундах олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 9-нд эхэллээ. Энэхүү бэлтгэлд хамрагдаж буй Монголын өсвөрийн хөлбөмбөгийн шилдэг клүб "ДМЮ"-ын 12 хүртэлх насны баг он гараад болох МХБХ-ны футзалын өсвөр үеийнхний УАШТ-д гол анхаарлаа хандуулж байгаа тул тавын эсрэг тав өрсөлддөг мини хөлбөмбөгийн тэмцээнийг сонгон тоглож байна.

 

 

 

Тэд эхний тойрогт Хайнан мужийн шигшээ багтай таарч, тоглолтын эхний гурван гоолыг хийсэн ч талбай, бөмбөгтөө дасч амжаагүй, дүрмийн зөрүүтэй ойлголт зэргээс болж эцсийн дүндээ 3:4-өөр хожигдсон. Гэсэн ч удаах хоёр тоглолтдоо БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Зачи" бага сургуулийн багийг 13:0, Тонляо хотын Найман хошууны сургуулийн багийг 11:1-ээр буулган авснаар хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэх болов. Тэмцээний эхний өдрийн гурван тоглолтод "ДМЮ" клүбийн тоглогчдоос Б.Дамдинсүрэн 11, Ц.Мөнх-Эрдэнэ тав, Б.Ууганбаяр дөрөв, Б.Эрхэмбаяр, А.Сугарсайхан, Э.Орчлон нар тус бүр хоёр, Ц.Намнансүрэн нэг гоол хийгээд байна. Тавын эсрэг тав мини хөлбөмбөгийн тэмцээнд дөрвөн улсын 10 баг тойргоор өрсөлдөж буй бөгөөд "ДМЮ" хоёр дахь өдөр Бразилын алдарт "Флуминенсе"-тэй таарч тоглох юм.

Shuud.mn
Сонин хачин