Н.Энхбат:Тайвань, Португаль улс шиг эдийн засгийн хямралаасаа гарах боломж бидэнд байна
2015-12-15

2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр иргэд худалдан авсан бараа үйлчилгээ бүрийнхээ хоёр хувийг буцаан авах боломжтой болох юм. Мөн худалдан авсан барааныхаа баримтаар өндөр хонжвор бүхий сугалаанд оролцоно. Харин аж, ахуй нэгжүүд цаг тухай бүрт нь хялбар, шуурхай аргаар татварын тайлангаа бүрэн тайлагнах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Тэгвэл энэхүү урамшууллын системийг нэвтрүүлэхтэй холбоотой технологийн бэлтгэл байдлыг хэрхэн хангаж байгаа талаар НӨАТУС-ийн төслийн нэгжийн стратеги, төлөвлөлтийн албаны захирал Н.Энхбаттай ярилцлаа.

 

 

 

- НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Аж, ахуй нэгжүүд уг систем руу шилжихэд бэлтгэл хэр хангагдсан байгаа вэ?


- Аж, ахуй нэгжүүдтэй уулзаж тодорхой ойлголтыг өгсөн. Өнөөдрийн байдлаар 1600 орчим аж, ахуй нэгжүүдтэй уг системээрээ холбогдсон байна. Тодруулбал, Скай их дэлгүүр манай сугалааны дугаарыг хэвлэж үзээд дотоод хэрэгцээндээ туршилтаар ашиглаж байна. Хууль албан ёсоор ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэхэд аж, ахуй нэгжүүдийн баримтууд ороод ирэхээр байна. НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын хамгийн чухал зүйл нь иргэдийг урамшуулах юм. Тодруулбал, иргэд аливаа аж, ахуй нэгжээс худалдан авалт хийх бүртээ төлбөрийн баримтыг заавал авах ёстой. Түүгээрээ буцаан урамшуулалд хамрагдах юм. Тэгвэл аж, ахуй нэгжүүд төлбөрийн баримтыг иргэдэд яаж өгөх ёстой юм бэ? гэдэг асуулт гарч ирж байна. Энэ талаар НӨАТ-ын тухай хуулинд маш тодорхой заагаад өгсөн байгаа. Уг хуультай иргэд танилцах хэрэгтэй. Төлбөрийн баримтыг заавал иргэнд өгөх ёстой. Өгөхгүй бол хуулийн хуулийн хариуцлага хүлээнэ.


- Тухайлбал, ямар хариуцлага хүлээх вэ?


- Хэрвээ тухайн аж, ахуйн нэгж нь борлуулалт бүртгэлийн системгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн торгууль төлнө. НӨАТ төлөгч байгууллагууд иргэнд баримт олгоогүй бол орлогынх нь 2 хүртэлх хувиар торгоно. Хуурамч баримттай эсвэл систем ашиглаагүй байвал орлогынх нь 20 хүртэлх хувиар торгохоор байгаа. Тэгэхээр аж, ахуй нэгжүүдийг хуулиар хариуцлагатай болгож байгаа юм. Иргэдийн төлсөн НӨАТ нь улсын төсөвт орж байгаа эсэхийг уг баримтаар баталгаажуулна.


- Аж, ахуй нэгж, байгууллагууд ямар системийг суурилуулах вэ? Уг системд хамрагдахын тулд шинээр кассын машин эвсэл борлуулалтын програм худалдаж авах уу?


- Аж, ахуй нэгжүүд борлуулалтын бүртгэлийн системтэй бол түүн дээр нь л төлбөрийн баримтын хялбаршуулсан програмыг суулгачих юм. Тус програмыг аж, ахуй нэгжүүд өөрсдөө татаад авчихна. Тодруулбал, www.ebarimt.mn хаяг руу ороод өөрийн аж, ахуй нэгжийн програмыг татаж авна. Татварын ерөнхий газарт бүртгүүлсэн аж, ахуй нэгж байгууллага бүр тайлангаа өгөх эрх авсан байгаа. Тэр эрхээрээ модулаа татах хэрэгтэй. Тэгэхээр тухайн аж, ахуйн нэгжүүдийн одоо хэрэглэж буй програмыг огт өөрчлөхгүй гэсэн үг. Ямар нэгэн зардал, чирэгдэл болохгүй юм. Кассын машин суулгах шаардлага огт байхгүй. Манай програм борлуулалтын системийг хянана. Борлуулагч баримтаа өг. Худалдан авагч заавал баримтаа авах ёстой л гэж байгаа юм.


- Найман нэрийн дэлгүүрүүд шинэ програмыг суулгахдаа яах ёстой вэ?. Гэр хорооллын дэлгүүрүүд ихэнх нь кассын машин, бүртгэлийн програмгүй байдаг шүү дээ?


- Аж, ахуй нэгж заавал борлуулалт, бүртгэлийн системтэй байх ёстой. Тэгэх боломжгүй бол www.ebarimt.mn хаягаар орж баримтаа хэвлээд байж болно. Энэ цахим хуудас үнэ төлбөргүй. Хамгийн гол нь татварын албандаа бүртгэгдсэн эрхтэй байх ёстой. Тэр эрхээрээ ороод баримтаа хэвлэх ёстой юм. Хуулиараа гурваас доошгүй хоногийн хугацаанд татварын баримтаа ирүүлсэн байх ёстой.


- Уг системийг ашиглахын тулд заавал интернэтэд холбогдсон байх ёстой юм байна гэж ойлголоо?


- Интернэтийн хүртээмж, үнэ өртгөөс шалтгаалаад гурав хоногтоо багтаан төлбөрийн баримтаа заавал ирүүл гэсэн боломжийг бид олгож байгаа юм. Энэ хугацаанд татварын ерөнхий газарт мэдээлэл ирэх ёстой. Гар утасны 2G интернэтийн сүлжээгээр баримтаа дамжуулаад байх боломжтой. Монгол улсад интернэтийн хүртээмж сум, суурин хотын хэмжээнд 100 хувь болчихоод байна. Сүлжээ бол том асуудал биш. Сүлжээнд холбогдсон бол www.ebarimt.mn хаягаараа ороод баримтаа өгч болно. Мөн гар утасны апплейкшн татаж болно. Харин өөрийн гэсэн кассын систем, хялбаршуулсан програмтай бол тэр нь мэдээллээ дамжуулаад явчих юм.


- Уг системд шилжсэнээр аж, ахуй нэгжүүдэд ямар ашигтай вэ?


- Бид нарын хэлж буй програмыг суулгасан аж, ахуй нэгжүүд рүү худалдан авагчид татагддаг болно. Өөрөөр хэлбэл маркетинг, худалдан авалтын шинэ сүлжээ юм. Хамгийн гол нь тухайн аж, ахуй нэгжүүд өөрсдийнхөө татварын тайлан, санхүүгийн бодит тооцооллыг хянах боломжтой болж байна. Иргэн баримтаа нэхэж авдаг байх ёстой. Өгөхгүй бол баримт өгдөг газраар үйлчлүүлнэ шүү дээ. Энэ бол маркетингийн өрсөлдөөн. Хууль, шаардлага, хэрэгцээ нь байгаа учраас аж, ахуй нэгжүүд уг хяналтын систем рүү автоматаар ороод явах юм.


- НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлснээр бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үү?


- Хэрвээ тухайн байгууллага бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмбэл татварын тайлангаа зөрүүтэй гаргадаг байсан асуудал болно. Татвар эсвэл үнэ нэмэх тогтолцоо бий болоогүй. Таны явуулж буй мэдээллийг үнэн зөв эсэхийг системээрээ хяначих нь.

 


- Монголчууд аливаа байгууллагаар үйлчлүүлээд баримтаа авч заншаагүй хүмүүс. Бас урамшууллын системийг тэр бүр ашиглаж мэддэггүй?


- Баримт нь мөнгө болох учраас одоо хаяхаа болино. Хэдэн төгрөг гэдэг нь бичигдээгүй болохоос тэр баримт чинь мөнгө шүү дээ. НӨАТ төлснийхөө урамшууллыг та авдаг болох гэж байна. НӨАТ-ын 10 хувийг тухайн аж, ахуй нэгж байгууллага авдаггүй юм. Тэр мөнгө төсөв рүү ордог. Тэгэхээр тэр мөнгө төсөв рүү үнэн зөв орж буйг л хянах гэж байгаа юм. Энэ системийг нэвтрүүлэхдээ иргэдийн тусламжтайгаар хянана. Ингээд иргэдээ эргүүлээд урамшуулна. Бид олон улсын туршлагыг их судалсан. Дэлхийд Тайвань улс анхлан уг системыг хэрэгжүүлж, далд эдийн засгийг 70 хувь бууруулсан.  Португаль улс мөн Гректэй адил дампуурлын ирмэгт тулж ирээд уг системийг хэрэгжүүлсэн. Татвар нэмээгүй. Хамгийн гол нь бүх татвараа л цуглуулж чадсан юм.

 

Т.Энхэлээ

эх сурвалж: www.24tsag.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-аас ард түмний хармааг ухах дараагийн алхам даа, одоо шинээр гаргах татваргүй болсон, бүх суурь үнийг нэмээд дууссан, хүүхдийн мөнгийг хассан, оюутны 70 бас багасгасан, смарт карт гэж хотын иргэдийн хармааг хоослоод зогсохгүй богино эргэлт гэдэг зүйлээр дээрэмдэж байгаа,
2015-12-16
IRGEN:
YMAR YDARGAATAI TENEG YM HIIDGIIN BEE HEN AJLAA BARHGUI BHAD YAAJ TERIIG NI INTERNET CAFE OROOD HULAAD HEVLEED SUUHIIN BEE TER TOLBORIIG BAS HEN TOLHIIN UTGAGUI YM HIJ BHIMA
2015-12-15