Уилл Смит: Трампийг ерөнхийлөгч болох вий гэхээс айж байна
2015-12-16

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит өчигдөр “ABS телевизийн “Оддын үдэш” нэвтрүүлэгт оролцжээ. Тэрбээр сүүлд “Concussion” буюу “Доргилт” киноны гол дүрд тоглосон юм.

 

 

-Таны анхаарлыг яагаад улс төр ийнхүү татах болов. Сүүлийн үед таны хэлсэн үгийг хэвлэлүүд онцлох боллоо?

 

-Би хүүхэд байхаасаа л улстөрч болохыг хүсдэг байсан. Хүчирхэг болохын тулд бус хүмүүсийг сайхан амьдруулахыг мөрөөддөг байлаа. Бидний амьдрал харилцан адилгүй байна. Сүүлийн үеийн асуудал миний анхаарлын ихэд татаж байна. Америкийн улс төрийн нөхцөл байдал дээрдэхгүй энэ чигээрээ өдөр хоногийг өнгөрөөсөөр байвал улс төрд орохоос өөр сонголт алга. Энэ улсыг хайрлах нэгэн улстөрч болох ёстой. Мэдээний сувгууд нэг л чиглэлийн мэдээ нэвтрүүлж, исламын шашинтнуудыг дайсан мэт харагдуулж байна. Энэ бүхэн надад таалагдахгүй байна. Хүнийг шашин шүтлэг гадаад төрхөөр гадуурхаж, бохир ус мэтээр ярьж, бичиж байгаа нь миний эгдүүцлийг төрүүлж эхэллээ. Бага байгаа дээр нь энэ асуудлыг цэгцлэхгүй бол бид ухсан нүхэндээ эргээд унах эрсдэлтэй.

 

-Би их сайн санаж байна. Барак Обама цагаан ордны тэргүүн болохоос өмнө та “Би Америкийн анхны өнгөт арьст Ерөнхийлөгч болмоор байна” гэж ярьж байлаа. Та Обамаг дэмждэг ч таны мөрөөдлийг үгүй хийсэн эрхэм гэж байсан?

 

-Би боддог байлаа. Америкчууд 2020 он хүртэл өнгөт арьстай нэгнийг Ерөнхийлөгчөөрөө сонгохгүй байх гэж. Би 2020 оныг хүртэл өөрийгөө бэлдэж, сонгогчид өнгөт арьстай нэгнийг хүлээн зөвшөөрөх хүртэл өөрийгөө нууцалж, улсын эрдэмд суралцаж байлаа. Гэтэл миний бодол, зорилго хэдхэн жилийн дараа зүүд, зэргэлээ болсон. Америкчууд 2009 онд өнгөт арьстай нэгнийг улсынхаа эцгээр сонгосон. Обама Ерөнхийлөгч болсны дараа би харамссан.

 

-Таны зорилгыг үгүй хийсэн болохоор уу?

 

-Тиймээ. Би анхдагч байхыг хүссэн.

 

 

-Америкийн улс төрийн бодлого нийт иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Хилийн чанд дахь цэргийн ажиллагаанаас болж манай улс хэдхэн сарын дотор маш олон дайсантай боллоо. Мөн олон хотноо өнгөт арьстнууд эрхийнхээ төлөө жагсч, ядуурал газар авч байна. Одоо улс төрд орох цаг чинь болсон гэж бодохгүй байна уу?

 

-Зэвсэг барьсан бүхэн биднийг заналхийлж байна.

 

-Хэрвээ улс төрд орвол ямар албан тушаалд очих вэ?

 

-Мэдээж хэрэг Ерөнхийлөгч.

 

-Ирэх онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр тодорхой болсоор байна. Та сонгуульд өрсөлдөх бодолтой байна уу?

 

-Би ямар бодолтой байгаагаа тун удахгүй зарлана.

 

-Америкчууд таныг Ерөнхийлөгчөөрөө сонгоно гэдэгт итгэлтэй байна уу. Та бол улстөрч биш уран бүтээлч. Таныг индрээс бус дэлгэцнээс л хүмүүс хардаг?

 

-Би чадварлаг нэгэн гэдгээ батлан харуулах болно.

 

-Сөрөг хүчин Бүгд найрамдах намаас тэрбумтан Дональд Трамп нэр дэвшихээр төлөвлөж байгаа. Энэ эрхмийн хэлсэн бүхнийг хүмүүс дэмжих юм. Мөн буруутгах нь их. Гэхдээ түүнийг дэмждэг бас үгүйсгэдэг хүмүүс оршин тогтносоор байна. Түүний амнаас гарч буй үг байнгын шүүмжлэл сонсдог ч түүний дэмжигчдийн тоо цагаар нэмэгдсээр л.

 

-Трамп бол жинхэнэ галзуу нэгэн. Миний зөвлөгөө бол тэр зүгээр л компаниа удирдаад сууж байхад болно. Түүний амнаас исламын шашинтнуудад хориг тавина гэдэг үг гарсныг сайн ойлгохгүй байна. Хэрвээ улстөрч болохыг хүсч буй бол хүний эрхийг дээдэлдэг байх ёстой. Энэ хүнд улстөрч байх эрх үгүй. Би эмээж байна. Трампийг Ерөнхийлөгч болох вий гэхээс айж байна.

 

-Та яагаад исламчуудыг өмөөрч, хамгаалаад байгаа юм бэ. Далд санаа байна уу?

 

-Шашин шүтлэгээс нь болж гадуурхах нь буруу. Ганцхан исламын шашинтнуудыг онцлон ийнхүү гадуурхах нь тэнэг хэрэг. Хэрвээ энэ эрхэм хэт даврагчид, террористуудаас эх орноо хамгаалахыг хүсч буй бол өөр аргаар тэмцэх хэрэгтэй.

 

-Танаас гадна реппер Кейни Уэст 2020 оны сонгуульд нэр дэвшинэ гэсэн. Та сонссон уу?

 

-Хараахан сонсоогүй байна. Би тэр залууг гол өрсөлдөгчөө гэж бодохгүй байна.  

    

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин