Бондоор шантааж хийсэн улстөрчид улсынхаа нэрээр туг тахив
2015-12-17

 

Монголчууд бид их сониуч хүмүүс юм. Өглөө босоход нэг үйл явдал өрнөчихсөн байвал өдөржин тэр үйл явдлын араас анхаарч, болсон болоогүй байр суурь илэрхийлнэ. Заримдаа талцаж хуваагдаад хэрэлдчихнэ. Эсвэл нийтээрээ нэг хүнийг зүхэж занах жишээтэй. Харин маргааш нь өөр нэг асуудал өрнөчихвөл өчигдрийн асуудлаа таг мартчихаад л өнөөх үйл явдал руу нийтээрээ анхаарч эхэлнэ дээ. Өмнө нь асуудал болж байсан үйл явдал хэрхэн шийдэгдсэн, хэний хийсэн гай вэ гэдэг нь хэнд ч хамаагүй болох нь элбэг.



Саяхандаа, 10 гаруйхан хоногийн өмнө Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан Чингис, Самурай бондын асуудлаар МАН-ынхан бөөн л дуулиан шуугиан тарьж билээ. Сох дутсан 5.6 сая ам.долларын эрэлд гарч, аудитаар баталгаажаагүй, аудитын дүгнэлтээс тэс өөр албан бус мэдээлэл дэлгэж хэсэгтээ л улстөржсөн. Ажлын хэсгийн ахлагч нь “Чингис бонд хамгийн том алдаа болжээ. Эрх баригчид хуваагаад идчихэж” хэмээн хөмсөг зангидан улс төр хийж байсныг уншигч таньд сануулъя. Нийгмийн анхаарлыг тэр чигээр нь татсан энэ асуудал хачирхалтай нь өнөөдөр таг чиг болчихлоо.



МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн компани өөрсдөө зээл авсан компани дотор тууж яваа харагдсан нь магад асуудлыг арай өөр тал руу шилжүүлэх шалтгаан байсныг үгүйсгэх аргагүй. Хэнд ч хардах эрх бий. Хар машины дуулиан дэгдээж, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг үнэн зөвөөр гаргаж өгөхийг ч хүсэхгүй байж мэдэх юм. Нийгмийг талцуулж, бонд босгосон Засгийн газар, түүнийг зах зээлд гаргаж бүтээн байгуулалтад зарцуулсан Хөгжлийн банк хоёрын нэр хүндээр хангалттай хугацаанд тоглосон, тэд.


Дэлхийд муухай харагдуулах ажлаа хийсэн Л.Энх-Амгалан нарын гишүүдийн ач буянаар Монгол Улсын олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан бондын ханш даруй 20 хувиар буурсан таагүй мэдээлэл цацагдаж эхэллээ. Нэг намын гишүүний сонгуульд бэлтгэсэн улс төрийн тоглолт гэж тэд харсангүй. Харахыг ч хүсэхгүй.


УИХ-ын гишүүний хийсэн мэдэгдэл учраас хууль тогтоох байгууллагын гаргасан албан ёсны дүгнэлт гэж тэд итгэжээ. Энэ нь ирэх жилүүдэд бид илүү их мөнгө хүүнд өгнө гэсэн үг. Дахиад бонд гаргах боломжгүй ч болж мэдэх эрсдэлтэй нүүр тулсан гэсэн. Хийсэн ажлыг нь харлуулах гэсэн алдарт эх орончдын болчимгүй мэдэгдэл, улсынхаа нэр хүндийг улс төрийн намын жижигхэн пиарт ашигласны хар гай ингэж гарч байна. Бид ийм л эх орончидтой улс юм. Олон улсын хөрөнгийн биржид арилжаалагдах учиртай Худалдаа хөгжлийн банкны 500 сая евро, Засгийн газрын нэрээр арилжаалагдаж буй 800 сая ам.долларын үнэт цаас арилжих хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь хэний гавьяа вэ. Энэ намын улс төр хийсэн цөөхөн хэдэн улстөрчдийн гавьяа байсан.



Бонд үр ашиггүй байжээ, өрөндөө бид дарагдлаа. Хөгжлийн банк эрх баригчид, гадны хөрөнгө оруулагчидтай нийлээд мөнгө идчихэж гэсэн хий хоосон хардалт, улстөржилтийн хар гай байсан гэхэд хэтийдэхгүй. Үнэхээр л бонд болохгүй байсан юм бол одоо яагаад ярихгүй байгаа юм. Бүтэн жилийн хугацаанд ажилласан ажлын хэсгийн гишүүд нь өөр өөр мэдэгдэл, тайлбар хийж өнөөдрийг хүртэл нэгдсэн шийдвэр гаргасангүй. Өчигдөр ажлын хэсэг нэгдсэн байдлаар хуралдах байсан ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хурлаа хойшлуулсан байна. Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан нь эсвэл тойрогтоо ажиллаад алга болчихдог. Эс бөгөөс гадаадад томилолтоор ажиллана хэмээн улсын нэр хүндтэй холбоотой ажлыг урагш хойш тавьсаар өнөөдрийг хүрлээ.


2015 оны нэгдүгээр сард байгуулсан ажлын хэсэг бүтэн нэг жил болчихоод байхад бодит мэдээлэл нэг удаа ч өгсөнгүй. Ахлагчийнхаа амралт, гадаад дотоодын томилолтоос болж шалгалтын дүнг эцэслэх асуудал дахиад нэг сар хойшилж, ирэх нэгдүгээр сард хуралдахаар болсон сурагтай. Албан ёсны байгууллагаар нь шалгуулсан дүнгээ олон нийтэд тайлагнаж, дэлхийн зах зээл дээрх таагүй мэдээлэлд цэг тавих болоогүй юу, улстөрчид өө. Алийн болгон бид жижигхэн нэр хүндийн төлөө том ажлаараа золиос тавих вэ. Улсынхаа нэрээр барьцаалж авсан том мөнгөний асуудлаар тийм хариуцлагагүй мэдэгдэл хийж, төрийн ажилд тээг садаа болчихоод ямар нүүрээрээ гадаадад очиж улс орны хөгжил ярих гэсэн хүмүүс вэ.

 


Хөгжлийн банк шалгалтын дүнг худлаа мэдээлсэн асуудлаар улстөрчдийг шүүхэд өгөөд байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэл хөрөнгийн зах зээлд тоглох эрхгүй болжээ. Ингэж болно гэж үү. Ганцхан сарын хугацаанд хамгийн хямдаар арилжаалж байсан бондод одоо итгэх хүн олдохгүй болох гээд байна. Энэ тийм сайн мэдээ. Төрийн ажилд ямар ч аргаар хамаагүй тээг тавих гэсэн хөгийн улс төрийн үр дүнд бид тоглох эрхээ хасуулчихаад тамын тогооны үлгэр болж дотроо хэрэлдэж суугаа нь эмгэнэл биш үү. Улсаа боддог, ард түмнээ хайрладаг улстөрчдийн хийдэг үйлдэл мөн үү. Дэлхий дахинд улсынхаа нэрийг гутаачихаад гавьяа байгуулчихсан аятай сонгуулийн хар машин гэсэн жижиг улс төр ярьж суухаасаа ичээч.


Нэг эхлүүлсэн ажлынхаа ард гарчихаж чадахгүй, ганцхан байгууллагад хийсэн шалгалтын дүнг нэг жилийн хугацаанд үнэн зөвөөр гаргачихаж чадахгүй улс төр хийж, намынхаа үйл хэрэгт ашиглан шантаажилж суугаа тийм арчаагүй хүмүүсээр төрөө удирдуулж сууна, бид. Улсын нэр хүндээр туг тахисан энэ үйлдлийн дараа хөрөнгө оруулагчид бидэнд итгэнэ гэж үү. Одоо Оюутолгойг бас араас нь явуулчихгүй юмсан. Бонд босгодог, түүнийг нь үнэлээд худалдаад авахаар луйварчин хулгайчаар нь дуудаж, улстөржүүлж гацаадаг Монгол Улсад хөрөнгө оруулагчид хэдийнэ итгэхээ больсон. Харин тэдний итгэлийг эргэж сэргээх ганц гэрэлтэй мэдээ нь Оюутолгой болж байна. Бондын араас битгий л явуулчихаасай.

 

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ын хамгийн шилдэгүүд гээ биз дээ ийм хүмүүсээр төр түшүүлээд ард түмэн итгэл хүлээлгээд ингэж улс орондоо элдэв мэдээлэх мэдээлэхгүй бүхнийг дэлхийд цацаад суудаг хүмүүс ер нь чаддаггүй байсан ажлаа гэнэт сөрөг хүчин болохоороо илүү сайн мэддэг болох юм уу үгүй бол чаддаггүйгээр явах ашигтай байсан уу Оюу толгой Чалкогийнхоо ямарч эргэлтгүй өрөө үр ашигтай бондын мөнгөний нэрээр дарах гээд л соц аргаараа хулхидаж байна даа
2015-12-17
bloomberg:
ter oriig avbal import nemegdene
2015-12-17
Зочин:
Дэлхийд муухай харагдуулах ажлаа хийсэн Л.Энх-Амгалан нарын гишүүдийн ач буянаар Монгол Улсын олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан бондын ханш даруй 20 хувиар буурсан таагүй мэдээлэл цацагдаж эхэллээ
2015-12-17