Шүүхийг улс төр, эрх бүхий албан тушаалтнаас хараат бус болгож байж л шинэчилнэ
2015-12-17

 

        Засгийн газраас хэрэгжүүлсэн Нүүрс хөтөлбөрийн хүрээнд хувьдаа олон тэрбум төгрөг завшсан хэргээр Л.Гансүх анхан шатны шүүхээс 4.6 жилийн ял сонссон.

 

Нүүрс хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн, хэрхэн үр дүнтэй ажил байсан, энэ хэргийг шүүсэн шүүх, шүүхийн байгууллагын шинэчлэлийн асуудлаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээтэй ярилцлаа.

 

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг иргэд мэдэж байгаа. Тэгвэл нүүрс хөтөлбөрийн мөн чанартай холбоотой ярих хэрэгтэй байх. Л.Гансүхтэй холбоотой тодорхой үйлдлүүдийг нүүрс хөтөлбөртэй холбогдуулан тайлбарлаач?

 

-Засгийн газар 2010 оны сүүлчээр гэр хорооллын иргэдийг хямд чанартай нүүрсээр хангаж, нийслэлийн утаа, орчны бохирдлыг бууруулах зорилгоор нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ нь ч үр дүнтэй хэрэгжсэн. Үүний үр дүнг гэр хорооллын иргэд хүртсэн. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой Л.Гансүх нарын хэрэг гэдэг зохиомол хэрэг бий болсон юм. Энэ нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа байсан гэдгийг тав хоног үргэлжилсэн шүүх хурлыг үзсэн ард түмэн ойлгосон. Шүүхийн шинэчлэлийн асуудал сүүлийн 7-8 жил хүчтэй яригдаж байна. Шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа, хийгдэхгүй хойшоо ухарсан олон ажил бий.

 

Энд хуулийн байгууллага, хуульч нар, эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд дүгнэлт хийх цаг болсон. Шүүхийн шинэчлэлийн зорилго нь гоё өрөө тасалгаа, өндөр цалин хангамжиндаа бус аливаа хүнийг, гэм буруугүй хүнийг нотлох баримтгүйгээр шийтгэж, хохироож, хэлмэгдүүлэхгүй байхад л чиглэсэн ажиллагаа шүү дээ. Үүний тулд шүүхийн байгууллага улс төр, хэн нэгэн өндөр албан тушаалтан, гуравдагч этгээдээс хараат бус байж, яг үнэний талд баттай зогсож чаддаг ийм нөхцлийг л бүрдүүлдэг байх учиртай. Энэ байдал өнөөдөр бүрдсэн үү гэвэл хараахан тийм биш байгааг бид бүхэн харж байна. Манай хуулийн байгууллагууд улс төрчдийн хар хөл болсон байдлаар ажиллаж байгааг би Л.Гансүх нарын хэрэгтэй холбоотойгоор олж харсан.

 

Засгийн газрын огцруулахын өмнөх орой прокурорын байгууллага нь мөрдөн байцаагчтайгаа цуг суучихаад Л.Гансүхийг улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд хэвлэлийн бага хурал хийгээд сууж байна. Үүнээс эхлээд л хэргийн процесс хэрхэн өрнөж байна ер нь Л.Гансүх гэдэг хүнийг шийтгэхийн тулд ямар ажиллагаа зохиогдсон байж уу гэдгийг шүүх хурлын явц харуулсан гэж ойлгож байгаа. Ер нь хүмүүстэй уулзаж байхад Л.Гансүхийг буруугүй юм байна гэдгийг таван өдрийн шүүх хурлыг үзсэн хуульчид төдийгүй ард түмэн хэлж байгаа юм. Тэгэхээр буруугүй юм бол яагаад шүүх ял оноочихвоо гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл шүүх хурлыг үзээд "Би Л.Гансүхийг буруугүй юм байна гэж ойлгосон, харин шүүх шийдвэрээ гаргасны дараа буруутай гэж ойлголоо" гэж хэлсэн.

 

Ийм л сонин байдал бий боллоо шүү дээ.  Ер нь шүүхийн шинэчлэлийн хүрээнд үнэхээр шинэчлэл хийгдсэн үү гэдгийг харуулах шалгуур энд болсон. Шүүх хурал болоод энэ хүмүүс гэм буруугүй, улсыг хохироогоогүй юм байна гэдгийг тогтоохоор шүүгч шийдвэрээ уншихдаа айхтар ноцтой үгний зөрчил гаргасан. Энэ нь юу вэ гэхээр бичгэн нотлох баримт болон гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан баримт сэлтээр нотлогдож байна гэж уншсан. Уг нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284.2 т шүүх хуралдаанд тал бүрээс нь бодитойгоор нь шинэчлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэж, шүүх шийдвэрээ гаргах ёстой гэж заасан байдаг. Гэтэл тэгээгүй, гүйцэтгэх ажлын баримт сэлт гэдэг нь шүүх хурал дээр яригдаагүй, хавтаст хэрэгт ч байхгүй. Шүүчдийн яриад байгаа нөгөө бичгэн нотлох баримт гэж юугаа хэлээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

 

Шүүх хурал дээр яригдаагүй, хавтаст хэрэгт байхгүй зүйл дээр шүүх шийдвэрээ уншиж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ бүгдийг бид 1937 оны хар хэлмэгдүүлэлтийн арга барилаар асуудалд хандаж байна гэж үзэж байгаа. Ер нь бидний үеийнхэн болоод биднээс өмнөх үеийнхэний толгойд хуулийн байгууллагынхан цаагуураа шалгаад тогтоочихдог наана нь хичнээн зүйл яриад нэмэргүй гэдэг буруу хандлага байдаг. Тэгэхээр үнэхээр хүнийг буруутгах гэж байгаа бол таныг ийм нотлох баримтаар буруутгаж байна та үүнийг үгүйсгэх нотлох баримтаа шүүхэд болон мөрдөн байцаагчид гаргаж өгөх ёстой гээд хэлэх хэрэгтэй, ингэх ч эрхтэй. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 35, 36, 40,41 дүгээр зүйлд та баримт материалтай танилцах эрхтэй, цагаатгах нотлох баримтаа өгөх тайлбарлах эрхтэй гэж заасан байдаг.

 

Гэтэл нотлох баримгүйгээр хүнийг шийтгэж, ял халдаана гэдэг нь хууль зүйн бодит үндэслэлгүй хүний хэлмэгдүүлж байгаа л хэрэг юм. Бид өнөөдөр шүүхийн шинэчлэл гэх том зүйлийг ярих бус хэн гэдэг шүүгч ийм хариуцлагагүй үйлдэл хийгээд бусад шүүгч нарынхаа ажил, нэр хүндийг үнэгүйдүүлээд байгаа юм бэ гэдгийг олж харах хэрэгтэй юм. Өнөөдөр шүүгч нарын цалингийн асуудал яригдаж байна энэ нь ч аргагүй прокурорын яллах дүгнэлтийг хуулаад ял оноочихож байгаа шүүгч нь шүүгчийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа хэрэг. Уг нь бол шүүгчийн хөдөлмөр нь  тийм хялбар биш. Тэр олон хүний мэтгэлцээн, шүүх хурлыг арван хэдэн талаас нь харж байгаа өнцөгийг харгалзахгүй прокурорын яллах дүгнэлтийг хуулаад ард нь хүнийг шийгэх тогтоол бичээд сууж байгаа нь мөн л шүүгчийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, хүнийг хэлмэгдүүлж байгаа ноцтой зөрчил юм.

 

Тэгэхээр зөвхөн шүүх гэж ярихгүй Шүүхийг ерөнхий зөвлөл, Хүний эрхийг комисс ч энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа байх гэж бодож байна. Ер нь гүйцэтгэх ажил гэдэг хүнийг нууцаар чагнах, дагаж мөрдөх, нотлох баримтын эх сурвалжаа тогтоох л ажиллагаа шүү дээ. Энэ нь гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр хяналтын дор маш ёс зүйтэй хийгддэг ажиллагаа. Гэтэл далд хийгддэг ажлыг далимдуулаад зүгээр л гүйцэтгэх ажлын нотлох баримтаар нотлогдож байна гээд шүүх хурал дээр яригдаагүй, хавтаст хэрэгт ч авагдаагүй зүйлээр хүнийг яллаж байгаа хэрэг нь хүнийг төрийн өмнө хүчгүйдүүлж байгаа процесс болсон. Тиймээс бид давж заалдах хяналтын шатны шүүхэд хандсан. Үүнийг ч бодитоор хянаж шүүнэ гэж найдаж байгаа.

 

Аливаа асуудлыг шийдэж байгаа шүүгч тэр давж заалдах шатны шүүхээр хянагдаж, засагдана гэхгүйгээр ерөөсөө хүний эрхийг зөрчихгүй байх, хуулийн бус аргаар хүний эрхэнд халдахгүй байх хязгаар дотор л явагдах ёстой. Тэгэхээр үүнийг санамсаргүй гэдэг юм уу шүүгчийн мэдлэг боловсрол дутмаг гэдэг зүйлээр хандаж болохгүй юм. Энэ нь угаасаа санаатай хийгдэж байгаа ажиллагаа. Л.Гансүхийг шүүсэн гурван шүүгч залуугийн санаатай хийсэн ажиллагаа гэж үзэж байгаа.

 

Тиймээс ч энэ асуудлыг шүүх шинэчлэлийн хүрээлэнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн комисс хуулийн бусад байгууллагууд анхааралдаа авч үзээсэй л гэж хүсч байна. Иргэддээ хандаж ах дүү хамаатан садан нь альваа асуудалд шалгагдахаар болсон тохиолдолд ийм, ийм зөрчил гардаг учир өмгөлөөгчдөө хандаж, өөрсдөө сэрэмжлэхийг л анхааруулъя.

 

-Шүүхийн шинэчлэл нь шүүгч нарын цалин, шүүхийн шинэ байр барихтай холбоотой асуудал ч биш. Ер нь шүүгчийн мөн чанартай холбоотой зүйл байх. Шударга хуулийн дагуу шийдэх, хүний эрхийг хангах, иргэн хүн төрийн өмнө хүчгүйдэх гэх тэр л хандлагыг байхгүй болгохын тулд шүүхийг шинэтгэл хийгдэх ёстой байх?

 

-Тэгэлгүй яах вэ. Ер нь хүн төрлөхтөний мөрөөдөл нь шударга шүүх.  Аливаа асуудлыг шударгаар шүүгээд өг, аливаа нэг өндөр албан тушаалтан тэрний нөлөөнд авталгүй, шударгаар, бусдын захилганд авталгүй шүүгээд өг гэдэг л асуудал байгаа юм. Л.Гансүхийн хэргийг харж байхад АТГ-ын н.Нарантуяа гэдэг хүний бичсэн дүгнэлт Үндэсний Аудитын газрын аудитор н.Ичинхорлоо гэдэг хүний гараар дамжаад шинжээч нар гарын үсэг зураад шинжээчийн дүгнэлт болоод гараад ирсэн нь шүүх хурал дээр тогтоогдсон. Тэгэхээр АТГ яагаад тэрхүү дүгнэлтийг бичээд гаргаад ирэв гэдэг нь өөрөө асуудал дагуулж байгаа юм. Тэр дүгнэлтэнд зөвхөн шинжээч томилох тогтоол л гарах учиртай.

 

Тэгээд шинжээч тогтоосныг бусад оролцогч нар мэдэгдээд шинжээч нараас асууж тодруулах зүйл байгаа эсэхийг лавлах маягаар л явж, хангагдах учиртай. Шинжээч нартай холбоотой дахин шинжээч томилж өгөөч гэдэг асуудлыг бид мөрдөн байцаалтын явцад тавьж байсан. Гэтэл үүнийг прокурор хүлээж аваагүй. Харин хэрэг шийдэгдсэний дараа нийслэлийн прокурорын хэлтсийн прокурор н.Ариунаа, нийслэлийн прокурорын орлогч зэрэг хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр Л.Гансүх нартай холбоотой гүтгэлгийн чанартай зүйл ярьсан. Энэ нь өөрөө прокурор дээр ямар нэгэн асуудал байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр өмгөөлөгч нь байна уу, хэрэгт холбогдсон хүн байна уу хэн ч байсан мянга хүсэлт гаргаад хүлээж авахгүй байсан байна гэдгийг хэрэг шийдэгдсэний дараа энэ бүх үйлдэл нь харуулж, ойлгомжтой болголоо шүү дээ.

 

Ер нь Л.Гансүх гэдэг хүнийг шийтгэхийн тулд н.Даваахүү, н.Мөнгөнтуяа гэдэг хоёр залууг хичнээн олон хоног хорив. Мөн Л.Гансүхийг хорьж, эцэст нь эрхтэнээсээ хүртэл саллаа. Ер нь байцаан шийтгэх ажиллагаанд оролцоод явж байхад хүнийг үндэслэлгүй хоридог, эсвэл том зүйл анги биччихээд түүнийх нь дагуу хориж, олон нийтэд зарлаж, их хэмжээний үнийн дүнг зарладаг буруу жишиг тогтчихлоо. Харин үүнийгээ шүүхийн шинэчлэл гэвэл үүн шиг том эндүүрэл байхгүй шүү дээ. Мөн шинжээчийн дүгнэлттэй холбоотой нотлох баримтыг АТГ нь нуучихаад гаргаж өгөхгүй, прокурор нь авч ирэхгүй, шүүх нь түүнийг шаардахгүй авч ирүүлэхгүй байсаар хүнийг шийтгэж байгаа нь туйлын харамсалтай хэрэг юм.

 

Энэ хэрэгтэй холбоотой хүн хохироод байна гэж би хамгийн их дуулиантай хэрэг болох 35 тэрбум төгрөгийн хохиролтой гэх "Саус Гоби"-ийн хэрэгт оролцож байсан. Тэр гурван гадаадын иргэнийг шинжээчийн дүгнэлт гэдэг зүйлээр анхан шатны нягтлан бодох бүртгэлийн баримтыг үзээгүйгээр мөн л цаад эх сурвалж гаргасан баримт дээр шинжээч нар гарын үсэг зуруулсан байдаг. Шинжээч нар нь бид анхан шатны баримтыг үзээгүй гэдгээ шүүх хурал дээр хэлээд л байхад 35 тэрбум гээд л яллаж байх жишээтэй. Тэр ч мөн л хоосон тоо байсан. Энэ хэрэг Л.Гансүхийн хэрэг шиг нээлттэй болсон бол бүх зүйл л тодорхой болох байсан. Гэтэл үүнийг улс төрчид нь шүүрч аваад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан тушаалаа ашиглаад анхан шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад уучлал үзүүлж байна гээд л гурвууланг нь гаргаад явуулчихлаа шүү дээ.

 

Угтаа бол оролцогч нар нь давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаж, гурван шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад уучлал үзүүлж байгаа нь үнэхээр хачирхалтай. Шүүхийн шинэчлэл, АТГ гэдэг зүйлийн цаана ийм завхрал гараад байна. Бид үүнийгээ ярилцах цаг болсон. Гэхдээ шүүх гэдэг том утгаар нь бус тодорхой хэн гэдэг албан тушаалтан жишээ нь саяны хэрэг дээр бол н.Идэр, н.Ганбат н.Мөнхбаяр гэдэг нөхдүүд юун дээр алдчихав, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хүнд уучлал үзүүлэх эрхтэй юу үгүй гэх мэт тодорхой асуудал дээр ярихгүй бол хэтэрхий ерөнхий байгаад байгаа юм.

 

Тэгэхээр өнөөдрийн шүүхийн шинэчлэлийн асуудал нь хүн шинэ дээл өмсчихөөд би шинэ хүн болчихлоо гэдэгтэй л адил зүйл болоод байна. Эдийн засгийн, материаллаг талаас асах их ажил хийж байна. Сая шүүгч нарын цалингийн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл эрвийх дэрвийхээрээ явж байна гэдгийг би сонсож байсан. Гэтэл нэг хэсэг шүүгч нь тийм зүйл хийгээд явж байна гэдэг нь нөгөө шүүгч нарынхаа нэр хүндийг унагаж, хүнийг хэлмэгдүүлж байгаа муухай л хэрэг юм. Ийм байдал л гаргахгүйн тулд шүүхийн шинэчлэлийг хийх нь зүйтэй болов уу л гэж ойлгож байгаа.

 

-Шүүгчтэй холбоотой асуудлыг та бүхэн тавьж байсан. Тодруулбал шүүгч н.Идэрийн ах н.Тамир нь АТГ-т шалгагдаж байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж байсан ч шүүх та бүхний саналыг хүлээж аваагүй. Энэ талаар?

 

-Шүүх хурал эхлэх үед тэр асуудал яригдсан. Тэр үед шүүгчийн ах нь хар тамхины хэрэгт холбоотойгоор тухайн үед шалгагдаж байсан. Энэ нь цаг хугацааны хувьд харах зүйл мөн байсан. Тиймээс ч манай нөгөө өмгөөлөгч энэ асуудлыг тавьсан. Гэвч энд асуудлыг хүлээж аваагүй төдийгүй шүүх хурал дууссан дараа шүүх хуралд нөлөөлөх гэсэн оролдлого мөн байна гэсэн гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгүүлэх гээд өгсөн ийм л процесс болсон. Ер нь шүүх хурлын процесс маань өөрөө өмгөөлөгчийг хүсэлтээ бичээд өгье гээд зөвшөөрөл аваад гарахаар прокурор нь хүсэлт гаргаад шүүгч нь 4 сая гаруй төгрөгөөр торгосон ийм л зүйл болсныг хүмүүс харсан.

 

Тэгэхээр хуулиар тогтоосон нарийн дэг журмаар үнэнийг тогтоох ажиллагааны завсараар ийм зүйл явагдаад байна. Тиймээс үүнийг яаж засах вэ гэдэг асуудал чухал байгаа юм. Ер нь шүүгч нарт хариуцлага тооцдог ажиллагаа бараг байхгүй. Ямар нэгэн шийдвэр гараад тэр нь дараа дараагийн хурлаар өөрчлөгдөнө үү үгүй юу гэдэг нь шүүгч нарт ямар ч хамааралгүй байдаг. Тиймээс шүүгч нартай холбоотой хариуцлагын асуудал яригдахгүй бол болохгүй байна гэдгийг дахин хэлмээр байна.

 

-Шүүхийн шинэчлэлтэй холбоотой багц хуулийн төслүүд сүүлийн жилүүдэд ар араасаа яригдаж батлагдаад байгаа. Ер нь шүүгчийн хариуцлагын тогтолцооны асуудлыг энэ хуулиуд дээр тусгаж, шигтгэх боломжгүй байсан юм болов уу?

 

-Хариуцлагын тухай асуудлал бол үнэхээр чухал асуудал. Шүүгч гэдэг хүн өөрөө ёсзүй, мэдлэг боловсрол, туршлагын хувьд асар өндөр түвшинд бэлтгэгдсэн байх учиртай. Гэтэл өнөөдөр шүүгч бэлтгэж, сонгон шалгаруулж байгаа систем маань болохгүй байна. Хуульч хүний кариарын дээд хязгаар оргил бол шүүгчийн албан тушаал байдаг. Гэтэл өмгөөлөгч, прокурор, шүүгч нар нь мэргэжлийн түвшний хувьд ижил түвшний хуульчид байх жишээтэй. Шүүгч нарыг сонгон шалгаруулж байгаа тогтолцоо өнөөдөр тендер маягийн зүйл болчихсон байгаа юм. Тиймээс л энд хариуцлагын асуудлыг маш тодорхой ярьж байх ёстой. Ер нь хуулинд заасан зүйл амьдрал хэрэгжихгүй, ажил болохгүй байгаагаас л өнөөдөр шүүгч нар айхгүйгээр ийм зүйл хийгээд байна шүү дээ.

 

-Тав хоногийн хугацаанд болсон шүүх хурлыг бүгд үзсэн. Ер нь Засгийн газрын тушаал шийдвэрээр хэрэгжүүлж, Эрчим хүчний яамны сайд нь ажлын хэсэг томилоод, Багануурын төлөөлөн удирдах зөвлөл нь зарах үнээ тогтоогоод хэрэгжүүлсэн л ажил юм байна лээ шүү дээ. Би ингэж л ойлгож байгаа?

 

-Уг нь бол энэ хэнд ч ойлгомжтой асуудал юм. Үнийн дүнгийн зөрүү гээд байгаа 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Багануурын ТУЗ-ийн тогтоолоор 39 мянга, 2013 оны 11 сарын нэгний өдрийн 27500 төгрөг гэж баталсан тогтоолын үнийн зөрүүгээр Л.Гансүх нарыг улсад хохирол учрууллаа гээд байгаа юм. Шүүх хурал дээр хоёр тогтоолын шийвдэрээр хүнийг хохироолоо гээд байгаа юм уу гэхээр хохирогч гээд байгаа н.Очирлхам гэдэг эмэгтэй “Үгүй ээ бид дарамтанд ороод л ингэж хэлсэн” гээд мэдэгдэж байсан. Ингээд л үзэхээр энэ хэрэг нь зохиомол болох нь харагдаж байгаа юм.

 

Жингийн зөрүүний хувьд Багануураас гарсан нүүрс Толгойт, Амгалан өртөөн дээр ирээд иргэдийн гар дээр очих хүртэл гарсан л хорогдол. Юунаас болж хорогдол гардаг гэдгийг шүүх хурал дээр тодорхой гаргасан. Хамгийн энгийн жишээг хэлэхэд Багануур, Багануур илч компаниуд өөрсдөө ажлын хэсэг гаргаад 5 вагонд хэмжилт хийж үзэхэд 14 тонн нүүрс дутаж байсан. Энэ бүгдийг хамааруулаад л Л.Гансүх нарт жингийн зөрүү, үнийн зөрүү гэдэг зүйлийг гаргаж ирсэн юм. Ер нь бол энэ зүйл дээр гүйцэтгэх ажил явуулах шаардлага ч үгүй л зүйл байсан юм. Зүгээр л хүний шийтгэхийн тулд явуулсан хэрэг. Энэ нь хэнд ч ойлгомжтой зүйл.  

 

27500 төгрөг гэдэг нь нүүрс хөтөлбөр хэрэгжихээс өмнө Багануурын өөрийнх нь тогтоосон үнэ. Үүн дээр нь Эрчим хүчний сайдаас томилогдсон ажлыг хэсэг гараад дүгнэлт гаргаад 27500 төгрөгөөр иргэдэд нүүрс худалдаалахад алдагдалгүй юм байна гэсэн дүгнэлт гаргасан байгаа юм. Ер нь Л.Гансүх гэдэг хүн нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллагуудыг холбосноос нүүрсний үнийг хэд болго, эд болго гэдгийг хэлэх эрх бүхий хүн биш. Тиймээс ч ажлын хэсгийн баталсан дүгнэлтийг л хэрэгжүүл гэдэг үүргийг өгч байсан байгаа юм. 

 

Эцэст нь хэлэхэд нүүрс хөтөлбөрийн зорилго амжилттай хэрэгжсэн ард түмэнд хэрэгтэй, ашигтай хөтөлбөр байсан гэдэг нь ойлгогдсон. Гэтэл прокурорууд Нүүрс хөтөлбөрийг буруу гэж үзээгүй гээд байгаа юм. Харин Л.Гансүх нар нь нүүрс хөтөлбөрийн хүрээнд ард түмэнд хямд чанартай нүүрс хүргэж чадсан, ашигтай зүйл хийсэн. Мөн утааг багасгаж чадсан юм байна гэдгийг хэлээд байгаа. Шарын гол дээр энэ ажлыг хувийн компаниуд хэрэгжүүлэх гээд явж байгаа гэх мэдээллийг ч би сонсож байсан. Гэтэл төр энэхүү том ажлаа ингээд л үгүй хийчихлээ шүү дээ.

 

-Ер нь шүүх хурал дээр хохирсон уу гэхээр хохирсон байгууллага байхгүй, төрийн өмчийн хороо, Багануур гээд бүгд л хохироогүй гээд байсан. Харин ч хөтөлбөрийн эцэст Багануур нь өөрөө тэрбум гаруй төгрөгийн ашигтай, 30 гаруй тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийж ажилласан гэсэн дүн харагдаж байсан. Гэтэл ашигтай ажилласан газрыг яагаад хохирсон гэж үзээд байгаа юм бол?

 

-Багануур нь хохирсон байх ямар ч үндэслэлгүй юм. Нэгдүгээрт Засгийн газар  Сангийн яамнаас батлагаа гаргаж 18 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн дээр нь нүүрсийг гурав ангилж байгаагийн 22 мянган төгрөгөөр станц руу , 27500 төгрөгөөр иргэд рүү, 39 мянган төгрөгөөр портертой хувийн машинаар өөрсдөө очиж авдаг хүмүүс худалдаалдаг байсан. Гэтэл прокурорууд 39 мянган төгрөгөөр зарах ёстой гээд зүтгээд байгаа юм. Үүнийг авч, зарж зохион байгуулж байгаа хүмүүс 27500 төгрөг гэдгийг хэлсээр байхад зохиомлоор 39 мянгаар худалдах ёстой гэсэн үнэ гаргаж ирээд Л.Гансүх нарыг яллаж байгаа юм. Угаасаа тэнд ямар ч гэмт хэрэг болоогүй гэдгийг тав хоногийн шүүх хурал хангалттай харуулсан шүү дээ.

 

-Давж заалдах шатны хурал хэзээ болох тов гарсан уу?

 

-Одоогоор зарлагдаагүй байна. Давж заалдах шатны хурал дээр энэ асуудал нэлээд нарийн яригдана.

 

-Шүүхийн шинэчлэлийн гол мөн чанар нь хаана яваад байна гэдгийг харуулахын тулд бид нүүрс хөтөлбөртэй холбоотой асуудлыг авч үзсэн юм. Үндсэн хуулийн өөрчлөлт шүүх засаглалыг хараат бус болгох хүний эрхийг хангах нь засаглалын хямралын үед зайлшгүй авч үзэх асуудал гэж хараад байгаа юм?

 

-Шүүхийн шинэчлэл шүүх шударга байна гэдэг чинь хүний эрхийн баталгаа юм. Хүн буруу зөрүү хийсэн зүйлээ шүүх дээр л эцэслэн тогтоолгож, дэнслүүлнэ. Өөр хаана ч биш. Гэтэл тэр нь хэн нэгэн албан тушаалтан, хэн нэгнээс хараат байх юм бол хэзээ ч шударга шийдвэр байж чадахгүй. Ер нь эрхийн баталгаа алдагдаж байгаа хэрэг юм. Жишээ нь ажлаас буруу халагдлаа гэхэд шүүх дээр л очдог. Гэтэл тэр шүүх нь хүний эрхийг дээдлэж, шударгаар шүүдэг л байх учиртай. Цагаан дээр хараар бичсэнийг та бүхэн шүүх хурал дээр харсан байх. Шинжээч нар гэх хүмүүст та бүхэн эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 57-д зааснаар энэ шүүх хурал дээр оролцох боломжгүй юм байна гээд байхад оролцох гээд улайраад зогсоод байсан.

 

Шинжээч нарыг та бүхэн эдийн засгийн дүн шинжилгээ хийгээгүй байж, эдийн засгийн шинжилгээ хийчихсэн гээд худлаа хэлээд байна шүү дээ гэхээр шүүх хуралд оролцоод зогсож байна шүү дээ. Тэгэхээр энэ бүх процессыг илэн далангуй ярьж, судалж, дүгнэлт хийх ёстой. Ер нь улс төрийн шинжтэй хэргүүд дээр ямархуу шинжээч нар оролцоод байна вэ гэдгийг ч харах хэрэгтэй юм.    


Эх сурвалж: 24tsag.mn

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Erh medeltengvvd oroltshoor ajil yavdagii um
2015-12-17