Малчдын ажилласан жилийг нэмэгдүүлж тооцно
2015-12-17

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

 

Дараагаар нь Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Уг хуулийн төсөлд УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан байлаа. МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа дахин гурав хоног завсарлага авах санал гаргасан юм. Харин УИХ-ын дарга  дээрх саналыг хүлээж авсангүй. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөлд  гишүүн Р.Гончигдорж нар гадаад улсад амьдарч байгаа иргэдийн саналыг авах горимын санал гаргасан байлаа. Уг саналыг гишүүд  дэмжсэн юм. Ийнхүү Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.  

 

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

 

Энэ оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм  тэтгэвэр авах болзол шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. 

 

Харин эдийн засгийн идэвхитэй хүн амын 30 гаруй  хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь тэд ирээдүйд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээргүй нөхцөлийг бүрдүүлж байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч маш бага хувь нь шимтгэл төлж, даатгуулж байна. Тухайлбал, 2014 оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалд (тэтгэврийн даатгалд) сайн дураар 181,3 мянган иргэн даатгуулсны 32,7 мянга нь малчид байсан бөгөөд энэ нь нийт малчдын 11,1 хувь байв. Сүүлийн 5 жилийн судалгааны дүнгээр,  малчдын зөвхөн 4,3-11,1 хувь нь тэтгэврийн даатгалд сайн дураар хамрагдсан нь ирээдүйд малчдын дийлэнх нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах бололцоогүй болохыг харуулж байна. Иймд манай улсын эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуйд ажиллагчдыг дэмжих, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай байна.

 

Хүн амын насжилтийн хэтийн тооцооллоос үзэхэд цаашид хүн амын насжилт уртсаж нийт хүн амын тоонд өндөр настны эзлэх хувь өсөх нь тэтгэврийн сангийн зардалд нөлөөлөх төдийгүй айл, өрхүүдийн хувьд орлогынхоо тодорхой хэсгийг өндөр настанг дэмжихэд зориулах нь өрхийн амьжиргаанд ихээхэн нөлөөлөхөөр байна.

 

Иймд малчны тэтгэвэр тогтоолгох насыг бууруулах арга хэмжээнээс илүүтэй цэрэг, цагдаа, дипломат алба, шүүхийн шинжилгээ зэрэг зарим салбарт ажиллагчдын ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцдог жишгийг баримтлан жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ дагаж, өдөр шөнийн ээлжгүй, ажил амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь тэдний ирээдүйд авах тэтгэврийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлэх аж.

 

Түүнчлэн малчдын шимтгэл төлж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцвол тэдний тэтгэврийн даатгалд хамрагдах сонирхол дээшилж, шимтгэлийн орлого нэмэгдэх учир нийгмийн даатгалын санд дарамт болохгүй гэж тооцож байна. Мөн малчинд ирээдүйд үзүүлэх нийгмийн халамжийн зардал буурч, төсвийн ачаалалд эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагачид үзэж байгаа юм.

 

Өнөөдрийн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай”  төслийг хэлэлцэх байсан боловч “Шударга ёс” эвсэл завсарлага авч хойшлууллаа.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин