Л.Гансүх нарыг ирэх даваа гарагт шүүнэ
2015-12-18

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан  Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд шүүх хурал энэ сарын 21 буюу ирэх даваа гарагт болохоор товлогджээ.

Үүнтэй холбоотой мэдээллийг өнөөдөр Л.Гансүх нарын өмгөөлөгчид сэтгүүлчдэд хийх байсан ч Б.Мөнгөнтуяагийн бие муудаж, эмнэлэг рүү явснаас хэвлэлийн бага хурал хойшилсон.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаан таван өдөр үргэлжилж, шүүхийн шийдвэр гарч байсан.

 

Тэднийг Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутган шүүсэн юм. Шүүхээс тэднийг гэм буруутай гэж дүгнэсэн. Ингэхдээ Л.Гансүхийг бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож алба тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт үйлдлийг гардан зохион байгуулсан хэрэгт буруутган 4.6 жилийн хорих албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ял оноосон.

 

Харин Эм Жи Эл Эс Би компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарыг бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутай гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, албан тушаал эрхлэх хугацааг хоёр жилээр хасах шийдвэрийг шүүхээс гаргаж байсан.

 

Ингэхдээ Б.Мөнгөнтуяагийн цагдан хоригдсон 203 хоногийн хугацааг мөнгөн хэлбэрт шилжүүлж, торгох ялыг эдэлсэнд тооцсон. Харин Н.Даваахүүгийн цагдан хоригдсон 46 хоногийн хугацааг ялаас хасч, үлдсэн 10 сая 52 мянган төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэв. Түүнийг торгох ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг сануулсан.

Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нараас хоёр тэрбум таван зуун гучин есөн сая долоон зуун гучин есөн мянга найман зуун жаран төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Багануур ТӨХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Л.Гансүхийг өнөөдрөөс эхлэн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлж, түүний цагдан хоригдсон хоногийг ялаас хасахаар шийдвэрлэсэн билээ.


Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Торгууль ,төлбөрөө төлсөн юм байгаа биз дээ Төлөөгүй бол давж заалдах шатны шүүхээс хорих ял оноох юм байна шүү
2015-12-18