Баянхонгорт бэлчээрийн даац хэтэрчээ
2015-12-18

Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр Баянхонгор аймгийн Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан суманд ажиллажээ. Тус аймагт 2015-2016 оны өвөл 20 сумын 104 багийн 11.859 өрхийн 3.7 сая мал өвөлжиж байна.

 

Гурванбулаг суманд Архангай аймгийн Хангай, Завхан аймгийн Отгон, Их-Уул сумаас  17 мянган мал орж ирсэн нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлжээ. Мөн Байдраг сумын хойд, Баацагаан сумын зүүн хойд, Баянлиг сумын ихэнх нутагт бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрчээ. Энэ нь өнгөрсөн зун зуншлага оройтсон, бэлчээрийн өвс, ургамлын ургалт гүйцээгүй, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүйгээс, мөн өнгөрсөн жил 2.6 сая байсан малын тоо 3.0 сая давж өссөн нь даац хэтрэхэд нөлөөлжээ.

 

Аймгийн хэмжээнд энэ жил нийт 6724 тн хадлан, 467 тн тэжээл, 483 тн гар тэжээл бэлтгэсэн байна. Аймаг, сумын нөөцөд 1250 тн өвс, 650 тн тэжээл бэлтгэхээс нийт өвсний 78 хувь, харин тэжээлийн 32.9 хувийг бэлтгэжээ.

 

Цасны хэмжээ тал газартаа 10-30 см зузаантай байна. Ялангуяа Байдраг суманд  өдөр бүр цас хялмаалан орж, өнгөрсөн сараас эхлэн 40 хэмээс давж хүйтэрсэн нь өвөлжилт хүндрэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар  нийт 94 өрхийн 381 иргэн 5 аймагт отроор явж байна. 11 дүгээр сарын 20-ны өдөр цагийн байдал хүндэрч болзошгүй Баянбулаг, Гурванбулаг, Заг, Хүрээмарал суманд төрөлжсөн мэргэжлийн эимчийн баг томилж, үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

 

Мал бэлчээрт гарахад хүндрэлтэй байна

 

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар улсын нөөцөөс тодорхой хэмжээний өвс үнэгүй, тэжээлийн үнийг 50 хувь хямдруулах шийдвэр гаргасныг дуулгаж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг санууллаа. Ялангуяа үнэгүй олгосон өвсийг өвөлжилт хүнд байгаа малчны хотонд хүргэх, хууль бусаар дамлан худалдаалах, борлуулахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсан.

 

Мөн тус аймгийн Бөмбөгөр сумын хүн эмнэлэг, Баян-Овоо сумын Цагдаагийн тасагт улсын нөөцөөс автомашин олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Одоогоор тус аймгийн Байдраг, Заг, Баацагаан, Баянлиг суманд өвөлжилт хүндэрч, бэлчээрийн даац хэтэрсэн, Баян-Овоо суманд цас орж хайлж, нэмж цас орсноос мөсөн ул тогтож, цагийн байдал хүндэрч эхлээд байна.

 

Иймд аймгийн Онцгой комисс шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлэх, ялангуяа өвөлжилт хүндэрсэн суманд байгаа жирэмсэн эх, өндөр настан, бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг анхааралдаа авахыг үүрэг болголоо. 

 

Одоогийн байдлаар тус аймгийн Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Гурванбулаг, Заг, Баянбулаг, Бууцагаан гэсэн долоон суманд өвөлжилт хүндэрч гуу жалгандаа 30-40 см, талдаа 10-20 см-ийн цастай, мал бэлчээрт гарахад хүндрэл учирч байна. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Belcheeriig tureestei bolgoh heregtei
2015-12-22
Unen ug:
Ene jil haana 40 gradus davj huitersen yum ve yumiig davsalj surjignehee boli
2015-12-18
Зочин:
БОЛЬЁ ОО
2015-12-18