Санта манай хаалгыг ч тогшино
2015-12-19

Санта, чи хууль бусыг ямар агуу өршөөнөм бэ. Юутай өгөөмөр энэрэнгүй вэ.

 

Татварын ерөнхий газрын даргын бахархан мэдээлснээр бол энэ сарын 14-ний байдлаар 5789 хуулийн этгээд тайлангаа ирүүлснээр 5 их наяд төгрөгтэй дүйх хэмжээний хөрөнгө, орлого ил болжээ.

 

Хүмүүс дуу алдаж байна. Манай улсын төсөв хэд билээ. Арай 4 тэрбум доллар гээгүй байгаа гээд. Сүүлийн илэрсэн дүнгээрээ бол ДНБ-ий 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг нуун дарагдуулсан” жирийн иргэд” татвар төлөхөөс зайлсхийж байсан хэрэг. Энэ амжилтын тайлан улам зузуурсаар байна.

Ердөө 7 хоногийн дотор нууц байгаад ил болсон 5 их наядын тайлан шууд нэг их наядаар нэмэгдэж 6.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө орлого ил болж,  572.1 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгджээ.

 

Нийт  55 иргэн, 314 аж ахуйн нэгж, байгууллагын 6500 орчим нэр төрлийн 27.4 сая ам.доллар буюу 42.7 тэрбум төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг ил болгон нөхөн мэдүүлж, нийт 6.6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөөд байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 1.98 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлж байна гэж Ерөнхий сайд өнгөрөгч баасанд чуулганы индрээс илтгэлээ.

 

“Арьяабал, Төрийн сүлд” гэдэг чинь харин энд болж байгаа юм биш үү. Тэрбумын үнэтэй “Хаус” барилгууд сардаа захиалга аваад зарагдчихдаг гэхэд итгэдэггүй нэгэн байлаа би. Одоо бол гайхах юм алга. Өөр тэгээд гадагшаа офшор билүү боршур гэдэг дансанд байршаад “баригдашгүй” болоод гарчихсан мөнгө хөрөнгө бол цаана нь дархан  үлдсэн л байгаа.  

Хөрөнгө бэлтэй нэгэндээ атаархаад байгаа юм биш. Ариун цагаан хөдөлмөрөөр ийм хөрөнгө хурааж болох байсныг харалгүй хаагуур нь  зөрчихөв. Төрийн албан хаагч болох, намын гишүүн болох нь тэрбумтан болох шат байсаан гэж яагаад ухаарсангүй вэ.

 

Яасан ч өндөр дархлаатай өршөөлийн хууль байдаг юм.  Төрийн албан хаагч гэр бүл, хамаатан садныхаа нэрээр нууж байсан орлого, үл хөдлөх хөрөнгө зэргээ ил болгон тайлагнасан нөхцөлд тэр нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хүрээнд мэдээлэл нь нууцлагдах ёстой л гэнэ. Авлигын эсрэг хуулийн 13.8-д байгаа заалтыг Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй уях шаардлага үүсэж буй л гэнэ.

Авлигын эсрэг хуулийн хүрээнд төрийн өндөр дээд албан тушаалтан болон төрийн албаны 38 мянган хүн Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг. Түүгээр дамжиж нууцын зэрэглэлд байх ёстой мэдээлэл нь ил болох нөхцөл үүсээд байгааг тооцож зохицуулна л гэнэ. Мөн сахилгын хариуцлага хүлээлгэх заалт нэр дурдсан хуульд туссан байгаа нь төрийн албаныхны дунд сонор сэрэмжтэй хүлээлт үүсгэчихсэн байгаа л гэнэ.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газарт ч урьд хожид байгаагүй ажлын ачаалал үүсчихсэн байна гэнэ.  Ингэж өндөр давалгаа авсан эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах шаардлагатай л гэнэ. Татварын ерөнхий газар бүрэн бүрэлдэхүүнээрээ амралтын өдрүүдэд ч ажиллаад байхад барахааргүй нуусан хөрөнгийн тайлан ирж байгаа гэнэ.

 

Эдгээр өршөөгдсөн хөрөнгийн эзэд цэнхэр улаан сарнайн сүлд наадамдаа буруугийн дарамтгүй вальс эргэж, оны шилдэг улс төрчидтэй хундага тулгаж ихэмсэглэх биз.   

 

Атар талхаа дөрөв хуваан зарж байгаа захын хорооллын дэлгүүрийн лангуунаас ам долларын такстай улс төрчдийн шинэ жилийн саа хүртэл дэндүү том зай гарчихжээ. Гэсэн ч бид ёолкондоо бэлдэж байна. Санта сахалт энэ шинэ жилээр манай хаалгыг тоож тогшиж магадгүй. Учир нь ирэх жил сонгуультай шүү дээ.

 

Б.Хэгжүүн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
3 terbum dollar gesen ug bolj bna
2015-12-19