Гатлага онгоц осолдож, зорчигчид амиа алджээ
2015-12-20

 

Индонезийн Сулавеси арлын Колака боомтоос өчигдөр 7.00 цагт хөдөлсөн “K-1” гэх гатлага онгоц осолдож, сураггүй алга болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Гатлага онгоц боомтоос хөдөлснийхөө дараахан аюулын дохио илгээсэн байна. Учир нь онгоц 4-5 метрийн өндөр давалгаанд цохигдож, хөдөлгүүрийн хэсэг нь ажиллагаагүй болжээ.

 

Тус гатлага онгоцонд нийт 118 хүн зорчиж яваа бөгөөд аврагчид өнөөдөр тус онгоцны зорчигчид болох хоёр хүүхдийн цогцсыг олж, 23 хүнийг аюулгүй аварсан гэнэ.

 

Гатлага онгоцыг хайхаар хоёр усан онгоц эрэлд гараад байна.  Аврагчид ахмадтай холбоо тогтоосон бөгөөд өнөөдөр 8.00 цагт холбогдоход тэрбээр “Хөлгийн давцан дээр ус орж эхэлсэн” гэж мэдэгджээ.

 

Албаны хүмүүс “Хөлөг дээр бага насны 19 хүүхэд, хөлгийн багийн 10 гишүүн болон 89 зорчигч зорчиж яваа” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин