Туул тууль болох нь
2015-12-21

Хатан туул гэж дээдлэн ирсэн гол минь бидний нүдэн дээр үгүй болсоор байна. Ард түмэн нь санаа зовж чадах бүхнээ хийж явахад ашиг хонжоо хайсан томчуул Туул голыг минь юу ч үгүй сорсоор. Туул голын бохирдол болон ширгэлтэд нийслэл Улаанбаатар хотын байгаль орчны бохирдол нөлөөлдөг. Мөн өөр олон чухал нөлөө бий. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн хаягдал Туул голд цутгадаг. Хоёрдугаарт, Заамар дахь алт олборлолт. Гуравдугаарт, Туул голд цутгадаг олон жижиг гол, горхи хүний буруутай үйл ажиллагаанаас болж сүүлийн жилүүдэд их ширгэсэн. Дөрөвдүгээрт, арьс ширний үйлдвэрүүд бохироо дутуу цэвэрлэн цутгадаг. Тавдугаарт, мөнх цэвдэгтэй хэсгийн хөрстэй хэсэгт барилга, байшин ихээр барих болсон зэрэг хүний буруутай олон шалтгаан бий.

 

Үүнээс гадна 1950-60-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг огтолсон. Мөн цаг уурын дулаарлаас шалтгаалан ус нь ууршихад нөлөөлсөн.

 

Манайд бохирдлын түншингээ бүрэн шалгах боломж нь хүртэл байдаггүй гэнэ. Байгаль орчин хэмжилзүйн төв лабораторийн хүчин чадал, техник тоног төхөөрөмж хомс байдгаас шалтгаалан Туул голын усанд нянгийн болон хүнд металлын шинжилгээ хийгдэхгүй байна. Туул голын 13 цэгээс сар бүр усны сорьц авдаг.

 

Энэ сорьцод хийсэн шинжилгээний дүнгээр голын Туул-хадан ба Туул-Сонгины хэсэгт маш их бохирдолтой нь тогтоогдсон. Энэ хэсгүүдэд төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдээд гарч буй ус нийлснээр Сонгино доод, Шинэ цэг, Хадан хясааны орчмоор голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж усны бохирдлын хэмжээ ихэсдэг байна.

 

 

Нийслэлчүүдийн ундны усны хэрэгцээг Туул гол дангаараа хангадаг. Тэгтэл хэдэн жилийн өмнө дэлхийн хамгийн их бохирдолтой голын тавдугаарт орсон судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргачихсан. Дан ганц энэ судалгааны хариу ч биш бид өөрсдөө Туул гол дээрээ очиход хэр их бохирдсон нь нүдэнд ил харагдана. Хамаг бохироо уух ус ругаа цутгачихсан, хэдэн төгрөгийн төлөө алт олборлох нэрийдлээр голдоо угаачихна. Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйн жишгээр Туул голд бохироо цутгасан арьс ширний үйлдвэрийнхэнд нүд хуурсан хариуцлага тооцож, хэдэн төгрөгөөр торгочихно. “Битгий хамаг буруугаа чихээд бай! Бид улирлын чанартай юмаа хийдэг шүү” гэж уурсах нэгэнтэй нь ч таарлаа.

 

Улаанбаатар хотод өнгөрөгч оны байдлаар ноос ноолуур боловсруулах 27, арьс шир боловсруулах 28, өлөн боловсруулах 16 үйлдвэр ажиллаж байна. Гэвч эдгээр үйлдвэрийн дийлэнх нь ус цэвэрлэх байгууламжтай хэрнээ бохироо Төв цэвэрлэх байгууламжинд нийлүүлдэг нь хүндрэл учруулдаг байна.

 

Туул голын эрэг орчимд барилгын материал буюу элс хайрга олборлодог 146 нэгж үйл ажиллагаа явуулдаг байх юм. Эдний үйл ажиллагааг түр хугацаагаар хааж байсан удаа байх боловч эргээд бүтээн байгуулалтын ажил зогсох, барилгын түүхий эдийн хомсдолд орж барилгын үнэ нэмэгдэх гэх зэрэг шалтгаанаар буцаан эрхийг нь олгодог байна.

 

Бас нэг том асуудал бол Туул голын ойролцоо алт олборлодог 97 нэгж газар байдаг нь голын бохирдол, ширгэлтэд ихээр нөлөөлдөг юм. Алт олборлолт гэхээр Заамар гэж санаанд орж ирнэ. Заамар Улаанабатаар хотоос 180 км зайтай хэдий ч баруун талаар Туул гол урсч байдаг. Энэ газарт Засгийн газрын 1993 оны “Алт олборох тухай” хөтөлбөрийн хэмжээнд Заамарын нутаг дэвсгэрийн гуравны нэгд хайгуулалт, олборлолтын эрх олгосон байдаг. Энэ үеэс Заамарынханд экологийн том асуудал гарч эхэлсэн бөгөөд Туул голд ч аюул учруулж эхэлсэн юм.

 

Хайгуул олборлолтын эрхээ авсан компаниуд газрыг нь сэндийчиж, байгаа бүгдийг нь авчихаад яваад өгнө. Мөн эднээс гадна нөгөө алтны нинжа нар голын усанд шууд алтаа угаацгаана. Усны нөөцийг үрэлгэн ашиглана. Голын сав, ус, орчин тойрон нь мөнгөн ус мэтчилэн хүнд төмөрлөгөөр бохирддог. Заамар сумын Засаг дарга Заамар дахь алт олборлогч уурхайнууд нөхөн сэргээлт хийсэн ч эргээд нөгөө л нинжа нар металл хайгчаа барьж ирээд газрыг нь сэндийчээд, голын усанд алтаа угаачихсан байхтай нүүр тулдгаа хэлсэн. Нинжа нар гэхээр нүдэнд ядарсан нэгэн төсөөлөгдөж байна уу? Гэтэл жийп хөлөглөсөн нөхөд байдаг гэх. Мөнгө хичнээн хэрэгтэй байвч уух усандаа хор хийгээд гишгэх газраа сүйтгээд явдаг тэд ч маш их буруутай.

 

Өдрөөс өдөрт бохирдол нь ихсэж, ус нь багасгах Туулаа хамгаалах цаг нь аль хэдийнэ ирсэн. Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бохирыг илүү сайн цэвэрлэх шинэ технологийг нэвтрүүлэх нэн шаардлагатай байна. Байгаль орчин хэмжилзүйн төвийг хэрэгтэй тоног төхөөрөмжөөр хангаж дан ганц Туул гол ч бус бусад олон голд шаардлагатай судалгааг явуулахад анхаарах нь нэн тэргүүний асуудал юм. Мөн алт олборлогч компаниудад хяналт өндөр тавьж Заамар сумын нутагт нөхөн сэргээлт эрчимтэй явуулах шаардлагатай. Туул гол руу бохироо цутгаж буй арьс ширний үйлдвэрүүдэд торгууль оноогоод өнгөрөх биш илүү том хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох цаашлаад хууль дүрмээ үл сахиж байгальд хор уршиг учруулж буй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох хүртэлх алхмыг хийж эхлэхгүй бол бид удахгүй уух усгүй болох нь.

 

Төр засгийн зөв бодлого юу юунаас илүү дутагдаж байна. Хууль хэрэгжилт хүн бүхэнд адил тэгш баймаар байна. Хүмүүс биднээс шалтгаалах эдгээр асуудлыг яагаад энэ олон жил шийдэж чадахгүй улам даамжруулах ёстой вэ? Өнгө мөнгө хайж өөрсдийн ирээдүйг, эх болсон нутаг усаа хэр удаан сүйтгэх ёстой вэ? Хууль гаргагчид, хууль сахиулагчид хаана байна вэ?

 

Хөл толгой нь мэдэгдэхгүй явсаар байтал дусал усгүй болох цаг ирэх вий!  

 

Г.Анужин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гол усаа хайрлацгаая
2015-12-22
Зочин:
Дандаа алт идээд,уугаад амьдар л даа энэ мулгуу тэнэгүүд. энэ сайхан булаг,горхи,усаа бузарлаад,өөрсдөө гадагшаа гарё амьдарна гэж бодож байвал андуурал шүү.гол усны эзний хорлол хүртэж л таарна даа ва
2015-12-21
vuv:
3 станцын үнсэн сангийн зургыг тбвисан байна
2015-12-21