Р.Жигжид: Хууль зөрчөөгүй гэдгээ хариуцлагатай хэлье
2015-12-23

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Уул уурхайн сайд Р.Жигжидийг “Гутайн даваа” ХХК-д хууль зөрчиж ашиглалтын лиценз олгосон гэж үзэн огцрохыг шаардаж, Төрийн ордны гадаа жагсаал хийж байгаа.  Үүнд Уул уурхайн сайд Р.Жигжид “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр хариулт өглөө.

 

Р.Жигжид “2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль УИХ-аар батлагдсан. Уг хуулийн дагуу 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдөр “Журам, гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын 120 дугаар тогтоол батлагдсан. Энэхүү хууль, журмын хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Далд уурхайгаар олборлох нөхцөлд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харгалзан шийдвэрлэх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй” тухай лавлагааг гарган өгч ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх үүссэн байна. Тиймээс би хууль зөрчиж зөвшөөрөл өгөөгүй гэдгийг хариуцлагатай хэлье” хэмээв.

 

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Гутайн даваа” ХХК нь Монгол Канадын хамтарсан аж ахуйн нэгж аж. Монголын тал компанийн 51 хувийг, Канадын тал 49 хувийг эзэмшдэг. Ашигт малтмалын газраас тус компанийн өргөдлийг хуулийн дагуу хянан үзээд 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр MV-019023 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нарийвчилсан үнэлгээг маш сайн хийлгэж, Авирмэд багш шиг мэдлэгтэй,туршлагатай шударга хүмүүсээр магадлан хийлгэх хэрэгтэй. Ашиглалтын технологийн картыг мөн шалгуулж, яс мөрдүүлэх. ҮҮнд ямар химийн бодис хэрэглэх, байгаль орчинд яаж нөлөөлөх,ууршилт явагдаж л таарна даа Хонгорынхоны гашуун хэлмэгдэлийг мартаагүй шүү хяналт,шалгалтыг хилээр орж ирсэнээс,саармагжуулж устгах хүртэл маш үнэн зөвөөр хийх
2015-12-24