Алд дэлэм андуурсан гүтгэлэгүүдийн цаана юу байв
2015-12-25

 

Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дуулиант хэвлэлийн хурал хийж “Хөгжлийн банкнаас МИАТ ТӨХК-ийн шинэ Боинг онгоцыг худалдаж авах ажиллагааг санхүүжүүлж, үнийн дүнг нэг дор шилжүүжүүлж, олон улсын практикаас гажууд, үрэлгэн зарцуулсан” гэж мэдээлсний мөрөөр сурвалжиллаа.

 

Бодит байдал дээр эрхэм гишүүд намын даалгавраа биелүүлэх гэж улайрснаас болсон уу алд дэлэм алджээ. Боинг онгоцыг худалдаж авахад шаардлагатай хөрөнгийн 85 хувийг АНУ-ын Эксим банк МИАТ ТӨХК-д баталгаа гаргах замаар хөнгөлөлттэй санхүүжүүлж, үлдсэн 15 хувийг АНУ-ын нэр бүхий томоохон арилжааны банкууд ашигтай нөхцөлтэй зээлээр санхүүжүүлсэн юм байна. Боинг худалдан авах ажиллагаа нь бизнесийн сонгодог стандарт экспортын зээлийн санхүүжилтийн загвараар хэрэгжсэн бөгөөд зээлийн хугацаа нь 8 жил, хүү нь 4 хувь аж. Хөгжлийн 
банк үүнд ямар хамаатай байв гэдэг асуулт тулгарна.

 

Тэгвэл энэ санхүүжилтийг олж авах, зээлийн материал бүрдүүлэхэд Хөгжлийн банкнаас МИАТ ТӨХК-д санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлсэн юм байна. Зээлийн эхний шалгуур урьдчилгаа мөнгө байршуулах хугацаанд харин Засгийн газрын тогтоолын дагуу 83 сая долларын гүүрэн зээл өгч, арилжааны банкнуудын санхүүжилт орж ирмэгц МИАТ ТӨХК Хөгжлийн банкны зээлийг 100 хувь хүүгийн хамт эргэн төлжээ. 


 

Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд бизнес эрхэлж байгаагүй, бизнесийн зээл авч үзээгүй болохоор арилжааны зээлийг эргэн төлөх механизмыг мэдэхгүй байж гэж цайруулж болох юм. Нөгөө хоёр нь улаан бизнесчин, байнгын зээл авдаг хүмүүс атлаа зээлийн энгийн журмыг мэдэхгүй юм шиг аашилж, илт гүтгэлэгийн чанартай зүйл ярьж явсныг нь намын даалгавар биелүүлсэн гэж л ойлгохоос өөр тайлбар олдохгүй нь. Банк хэн нэгэнд зээл өгчихөөд бүх төлбөрөө эхэнд нь хүлээж авбал цаашид хүү авч чадах уу? Энэ нь зээл гэж тооцогдох уу, худалдан авалт болж таарах уу? Банкны гол орлого нь хүү, хүүгийн зөрүү шүү дээ. Ялангуяа экспортын дэмжлэг үзүүлдэг том банкнууд хэзээ ч төлбөрийг нэг дор хүлээн авахгүй. МИАТ ТӨХК бүх төлбөрөө нэгмөсөн хийчихье гэж хүслээ ч арилжааны банкууд зөвшөөрөхгүй. Тэгээд ч МИАТ ТӨХК, монгол улсын хувьд тийм том хэмжээний төлбөрийг нэг мөр хийх санхүүгийн бяд суугаагүй байна. Жирийн жижиг бизнес эрхлэгч ч үнэмшихгүй ийм зүйлийг УИХ-ын гишүүний өндөр суудлаас ярьж явах нь ичгүүртэй л баймаар юм.

 

Дээр нэр дурдагдсан гурван гишүүн Хөгжлийн банкыг муучлан гутаах намынхаа даалгаврыг биелүүлэх гэхдээ бас нэг үл бүтэх зүйл ярьсан нь: “Монгол улсын Хөгжлийн банк нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэгчийг ямар ч тендергүйгээр сонгон шалгаруулсан” гэх гүтгэлэг авай.

 

Бодит байдлыг очиж нягталваас Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа өнөөдрийг ямар ч төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй, ганц удаа ч шууд гэрээ байгуулаагүй байна. Зохих байгуулагуудаас сонгон шалгаруулсан, арилжааны банкны зээлийн нөхцлийг хангасан төсөл, хөтөлбөрт Засгийн газрын өгөх чиглэлийн дагуу л санхүүжилтийг Хөгжлийн банкны тухай хуулийг чанд баримтлан олгож иржээ. Эрхэм гишүүдийн ахин төө хэртэй андуурсан зүйл нь Хөгжлийн банкнаас ямарваа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаггүй аж. Хөгжлийн банкны харилцааг Монгол улсын Хөгжлийн банкны тухай хууль гэх тусгайлсан хуулиар зохицуулдаг юм байна.

 

УИХ-ын эрхэм гурван гишүүний олон нийтэд сүр бараатай мэдээлж, гүтгэлэг явуулсан бүх асуудлыг Үндэсний Аудитын Газраас гүйцэтгэлийн аудит явуулаад "ямар нэг зөрчилгүй" хэмээн дүгнэсэн тайлан ч гарсан байна. 
Эрхэм гурван гишүүний цаг, оюунаа барж, нэр төрөөрөө дэнчин тавин хийсэн бүх мэдээлэл бүхэлдээ үндэслэлгүй, гүтгэлэг байсан нь ийнхүү тогтоогдлоо. МАН-ын зүгээс УИХ дахь гишүүддээ хатуу даалгавар өгч, шахаж байж мэдэгдэл нэртэй гүтгэлэг хийлгэсэн бололтой.

 

Алдана алдана гэхэд алд дэлэм алдсан гүтгэлэг хол явах уу? Булан тойрч амжилгүй үнэнд гүйцэгдлээ шүү дээ.

 

Г.Мөнгөнчимэг

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
MAN iinhan bugd luibarchid. Idsen uusandaa hanaj tsadahaa baisan gahainuud. Eh ornoo ted nar l hudaldsan. Songuuliin margaash shorond orohoos uhtlee aij yahaasaa ch butsahaa baigaad suuj chadahgui baigaa shuu dee.
2015-12-27
Зочин:
Hudalaa uls turchdiin nuur tsarai in endee
2015-12-25