Үрийн улаан буудайг татвараас чөлөөлөхийг дэмжив
2015-12-25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа 1.30 цагийн дараа эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэх хэлэлцэж байна. Уг төслөөр импортын улаанбуудайг татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа  асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Гишүүдийн асуултад ХХАА-н сайд Р.Бурмаа хариулж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Ганбат:

-Гурилын үнэ дэлхийн зах зээлд хямд байгаа. Гэтэл манайд гурилын үнэ өндөр байна. Хэдхэн хүмүүсийн эрх ашгийг бодож гурилын үнийг бариад байгаа юм уу. Нөгөө талаас махны үнэ хэтэрхий хямд байна. Махны үнийг гадаадад экспортлох юу болсон бэ? Цагаан сарын өмнө гурилын үнэ хэд болох вэ? Сэлэнгийн хил даваар Орост 1 кг гурил 500 төгрөг байхад манай Баянхонгор аймагт 1100 төгрөг байгаа юм.

 

-Үрийн улаан буудай 48 мянган тонн хэрэгтэй. 28 тонн нөөц дутагдаад байгаа юм. Үүнийг энэ хуралдаанаар оруулж байна. Таваарын улаан буудайг гааль, нөөцөөс чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн. Таваарын улаан буудайг 128 тн-ыг импортлох шийдвэр ҮАБЗ-өөс гаргасан. Компаниудыг үүнийг оруулж ирж байгаа. Мөн гурилыг импортоор оруулж ирнэ. Ингэхдээ гурилын үнийг өсгөхгүй байх  бодлого  барьж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Үрийг бэлтгэх хэрэгтэй. Чухал асуудал хэлэлцэж байна. Цаашдаа үрийн бодлогодоо ямар зүйл баримталж байна вэ? Өнгөрсөн жил цаг агаарын нөхцөл байдал амаргүй байсан. Энэ үед үрийг хадгална гэдэг амаргүй. Үрийг хаанаас  оруулж ирэх вэ?  Үр гэдэг нэрийн дор манайхан таваарын буудай шахчих гээд байдаг. Үүнийг хэн хариуцаж, хянах вэ?

 

-Тариаланчдын улаанбуудайг худалдаж авсны дараа импортын буудай авч байна. Гэхдээ тариаланчдадаа бодлогын гэрээ хийж байна. Тариаланчдаа дэмжиж, I гурил кг нь 800 төгрөгөөс хэтрэхгүй байх, талхны үнэ нэмэхгүй байх талаар гэрээлсэн.

 

ХХААЯ-ны  Газрын дарга н.Болорчулуун:

-Бид 20 мянган тонн үр авахдаа санхүүгийн боломжийг шийдвэрлэхээр 16 тэрбум төгрөг төсөвлөөд хасагдсан. Бусад эх үүсвэрээс санхүүжихээр шийдвэрлэж байна. Аж ахуйн нэгж манайд нутагшсан үрийг оруулж ирэхээр ярьсан. ОХУ, Буриадаас үр авдаг байсан. Гэтэл өнгөрсөн жил Буриад ургацынхаа 80 хувийг алдсан учир үр байхгүй гэсэн. Бид Сибирь зэрэг газрын үрийг судалж байна.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулав. Гишүүдийн олонхи нь үрийн улаан буудайг татвараас чөлөөлөхийг дэмжсэн юм.   Чуулганы хуралдааны дараагаар Төсвийн байнгын хороо хуралдаж, дээрх төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэв. Үдээс хойшхи хуралдаанаар уг хуулийн төслийг эцэслэн батлах юм байна.

 

Дараагаар нь зарим гишүүдийг байнгын хороон бүрэлдэхүүнээс чөлөөлөх  асуудлыг хэлэлцэв.

Эдүгээ Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ.

 

 Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин