Ө.Баттайван: Сайн хөрөг чамтай ярилцана
2015-12-25

 

“Би хөрөг зургаас хүмүүний анирыг эрдэг” хэмээн алдарт гэрэл зурагчин Анри Картье-Брессон нэгэнтээ хэлсэн байдаг. Тэр л анирыг хайж 20 гаруй жил хөрөг зургаар дагнан уран бүтээл туурьвиж яваа гэрэл зурагчин Ө.Баттайвантай ярилцлаа. Энэ цагийн  эгэлгүй яруу найрагчдын хөрөг зураг бүхий “Монгол зохиолч 2016” цагалбарын нээлтийн үеэр түүнтэй уулзсан юм.

 

-“Монгол зохиолч 2016” цагалбарт яагаад заавал яруу найрагчдын хөргийг буулгахаар шийдэв?

 

-“Хөрөг зургийн 21” төслийг хэрэгжүүлж эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. 2015 оны эхний нэг сард утга зохиолын их мастер 19 хүний үзэсгэлэнг гаргасан. Байгалийн зурагтай, хүүхний зурагтай гээд цагалбарууд янз янз л байдаг. Ач холбогдлыг нь бодоод үзэхлээр яруу найрагчдын зохиол бүтээлийг уншаад ерөнхий төсөөлөл л авсан байдаг. Тэр жаахан төсөөллөөс  тэрний дараагийн үе, үр хүүхдэд очих мэдээлэл хомсдож эхэлдэг. Тэгэхээр бид энэ эрхэм хүмүүсийг үр хойчдоо танилцуулах, үлдээх ёстой юм байна гэдгийг олж харсан. Ерөөсөө л яруу найрагчдыг үе үеийн хүмүүст таниулж мэдүүлэхийг л зорилоо.

 

-Цагалбарт 12 зохиолчийн хөрөг байна. Хэрхэн сонгосон хэрэг вэ?

 

-Шүлэг, яруу найрагч, зохиол бүтээл тогтмол бичиж туурвидаг таван мянга гаруй хүн байдаг юм билээ. Мэдээж бүх хүнийг багтаана гэж үгүй болохоор бүтээл туурвил нь уншигчдад илүү хүрсэн, бодитой, даацтай, ёстой л нөгөө мастеруудыг сонгох нь зөв гэж бодсон. Тиймдээ ч өнгөрсөн оны нэгдүгээр сард 19 хүний хөрөг бүхий үзэсгэлэнг дэлгэсэн. Тэдгээр 19 хүнээс дахин шүүлт явуулж 12-ыг нь сонгосон байгаа. Хулан, Мэнд-Ооёо гуай, Төрбат гуай байхгүй. Байх ёстой хүмүүс орхигдсон учраас бусад нь гомдохоор хатуу шүүлт хийсэн дээ. Ер нь тэгээд зурагчин хүн цаг хугацааг зогсоож чаддаг ч ухрааж чаддаггүй болохоор бүгдийнх нь л хөргийг мөнхөлж үлдээхийг хүсдэг юм.

 

 

-Яруу найрагч Р.Эмүжин, Г.Галсансүх нарын хөрөг байгааг харахад үе үеийн уран бүтээлчийг сонгосон бололтой?

 

-Тийм. Гэхдээ үе үеийн гэхээсээ илүү ерөөсөө л хийж бүтээснээр нь үнэлсэн. Залуу үеийнхнээс Галсансүх, Аюурзана, Эмүжин гэсэн гурван хүний хөрөг байгаа. Галсансүх бол яруу найргийн ертөнцөд өөрийн гэсэн өнгөөр хувьсгал хийж чадсан гэж зохиолч, уран бүтээлчид үздэг. Аюурзана бол угаасаа  л сайн яруу найрагч.

 

-Урианхайн хөргийг гол зургаа болгосны учир?

 

-Урианхай бол гүн ухааны шүлэг бүтээлүүдээрээ алдартай. Өөрөө их тийм нийтэч зантай хүн. Харин энэ зурган дээр нэг жаахан ядрангуй, бодолд орсон царайтай байгаа юм. Аль нэг зүйлд дургүйцсэн ч юм уу, таагүй байдлын илэрхийлэл болж харагдах шиг болсон. Зарим хүн Ринчен гуайтай ч адил гэж хэлдэг. Тиймээс хэрхэн өөрөөр гаргах вэ гэж нэлээн ажилласан. Ер болж өгдөггүй ээ. Зүгээр л гоё зураг гараад байдаг. Явж явж сүүлийн хэдхэн кадрын нэгнээс энэ зураг гарсан юм. Яахав, мань хүн багахан төвөгшөөсөн байх л даа. Жаахан залхаад, хөмсгөө зангидаад ирмэгц нь тав, зургаан кадр аваад дуусгасан.  Тэгээд ч монгол дээл хувцастай, монгол зүс царайтай учраас “Монгол зохиолч” гэдэг нэрийг тодотгохын тулд сонгосон байгаа.

 

-Зохиолчид өөр өөрийн өвөрмөц араншинтай байдаг. Тэд камерын өмнө өөрийнхөөрөө байж чаддаг болов уу?

 

-Моделуудын шаардлага бол их өөр байдаг. Харин зохиолчдын зургийг авахад тэр бүр хүндрэл гараагүй. Тэд гоё сайхан харагдах гэж гадаад үзэмжиндээ анхаараад байдаггүй. Дотор нь байгаа оюун санаа, бүтээлийн сайхныг л нэгдүгээрт тавьдаг учраас “Би ийшээ харахаар хамар хачин гарчихдаг. Тийшээ харахаар муухай гардаг” гэх юм байгаагүй. Ажиллахад маш дөхөм байсан.

 

 

-Хөрөг зургийн үнэ цэнэ юунд оршдог юм бол?

 

-Нэг сайхан байгалийн зураг засч янзлаад, гайгүйхэн шиг жаазанд хийгээд өндөр үнэ хэлчихэд хэрэгтэй нэг нь аваад л явна. Гэтэл хэн ч юм бүү мэд нэг хүний хөрөг барьчихаад заръя гэхээр хүн яаж хүлээж авах уу. Үнэхээр мундаг хөрөг байвч онгорхой ноорхой хувцастай нэг нөхрийн зургийг хэн ханандаа өлгөхийг хүсэхэв дээ. Харин хөрөг зургийн жинхэнэ үнэ цэнэ нь хүний сэтгэлийн бүр гүнд хүрч, нуугдсан зүйлийг олж хөнддөгт байгаа юм. Нэг сайн хөрөг томхон угаалгаад өлгөчихөд таньж мэддэг хүмүүст нь санагалзал, бодрол төрүүлдэг. Ер нь сайн хөрөг чамтай ярилцана.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
hend heregtei yum ene galsansuh emujin:
AVARGUUD ALGA SHIVDEE BUURLUUDAA ORUULAHGUI
2015-12-25