Сонгуулийн хуулинд “хүлэгдсэн” эрх чөлөө
2015-12-28

Сонгуулийн тухай хуулийг УИХ өнгөрсөн баасан гаригт баталлаа. Сонгуулийн тухай хууль нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулийн суурь хууль. Тиймээс энэ хуульд зааснаар нам, эвсэл, нэр дэвшигчид сурталчилгаагаа явуулдаг. Сонгуулийн хуулийн 5.4-т “Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээх үүрэгтэй” хэмээн дөрөв дэх засаглалын үүргийг тодорхойлохоо мартаагүй ч бусад зүйл заалтаараа эрхэнд нь халдаж хумьжээ.

 

Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигч бүр л сонгогчдодоо таалагдах гэж өндөг шиг өөгүй хүмүүсийн дүрд тоглон иргэдийг бялууруулдаг. Өөрсдийг нь гүтгэсэн сөрөг мэдээлэлд СЕХ хариу тайлбар хийж байна хэмээн хуурай хууль уншаад хиймэл дүр эсгэдэг. Хэнийх нь үнэн, зөвийг сонгогчид өөр өөрсдөдөө тунгаан шүүхээс бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд дамжуулах үүргээ л гүйцэтгэнэ.

 

Сонгуулийн сурталчилгааг Монголын үндэсний радио, телевизээр л үнэ төлбөргүй нэвтрүүлдэг. Мэдээж хуулийн хүрээнд нэр дэвшигчид цаг, хуваарийн дагуу оролцдог. Харин бусад хэвлэл мэдэлээл арилжааны, хувьд шилжсэн. Тиймээс ч сонгуулийн жил хэвлэл мэдээллийнхэн  нам, нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл сурталчилгааг тодорхой ханштайгаар үзэгч, уншигдчдад хүргэдэг. Сонгуулийн хуулийн  69.1-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана” гэж заажээ. Харин энэ сурталчилгааны хугацаа шинээр нэр дэвшин өрсөлдөж байгаа хүмүүст өөрийгөө таниулах боломж олгох уу.

 

Цаашлаад хуулийн 69.6-д “Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно”,  69.7-д “Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдаж, захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих ба энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарах ба радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд захиалагчийн нэрийг дурдана” гэж хуульчилсан байна. Харин дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд “зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуулийн 69.9-д тусгажээ.

 

Түүнчлэн хуулийн  69.10-т “Энэ хуулийн 69.6, 69.7-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” хэмээн хэвлэлийнхний “амыг барих”-аа мэдэгдлээ.

 

Хуулийн 71.7-д “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” хэмээн хэвлэл мэдээллийн байгууллагын дотоод асуудалд халдсан байх юм.

 

Нам, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулахыг хориглосныг сонгогчид мэдүүштэй. Гуйгаагүй байхад үүд тогшиж, хаалганы завсар шургуулж, хашаа давуулан шидсэн нэр дэвшигчдийн сурталчилгааны материалыг ариг гамтай хадгалж байгаад буцааж өгөх юм уу, хаашаа юм. Гэтэл УИХ-ын сонгуулийн хуулиар нэр дэвшигч санал хураах өдрөөс 24 цагийн дотор сурталчилгааны материалаа буулгах заалтыг хасч, хугацаагүй болгосон байдаг.

 

Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байхаар хуульчилсан. Ингэхдээ хуулийн 83.7-д “Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевиз сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” гэж үнэ ханшийг нь тогтоож өгчээ.

 

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн ханшийг тогтоохдоо хуулийн  83.9-т “Аймаг, сумын хэмжээгээр нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг дараах баримтын хамт аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ” гэжээ.

 

Хэрвээ сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт ирүүлээгүй телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглох аж. Өнөөдөр гурилын үнэ өндөр, махны үнэ буурч байгаа нь зах зээлийн ханшаараа явагдаж байгаа процесс. Аливаа үйлдвэрлэлийн бизнесийн үнэ ханшийг төр барьдаггүй. Хэрвээ үнэ ханшийг төр зохицуулдаг бол буугаад буугаад хөөс нь дарагдаагүй байгаа орон сууцны үнийг хөрсөн дээр нь буулгачих хэрэгтэй.  Хэвлэл мэдээллийн хэрэгсэл захиалагч, уншигч, тандалтаасаа гадна реклам, сурталчилгаагаар санхүүгээ зохицуулдаг. Угийн цаг наргүй ажилладаг хэвлэл мэдээллийнхэн бидний хувьд сонгуулийн сурталчилгааны үеэр үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл ажиллах нь ердийн үзэгдэл. Ажлын ачаалал, сэтгүүлчдийн ур чадварыг, байгууллагын нэр хүндийг тооцож редакцийн зүгээс ч сонгуулийн сурталчилгааны ханшийг тогтоодог. Харин ирэх сонгуулиар редакцийн бодлогоор бус хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааны ханшийг дээрээс тогтоон барих нь. Хуулиар заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 11-16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэнэ.

 

Нэр дэвшигч, нам, эвсэл буюу тэдгээрийн сонгуулийн штаб сонгуулийн сурталчилгаанд зориулж сонгуулийн сурталчилгааны цахим хуудас ажиллуулах нь хуулиар нээлттэй. Сонгуулийн сурталчилгааны цахим хуудсаас өөр бусад цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд тухайн цахим хуудсаар зөвхөн сонгуулийн сурталчилгааны цахим хуудсын хаяг, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриаг сурталчлах юм байна.

 

Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурьдах аж. Сурталчилгааг явуулахдаа бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглох юм. Энэ хуулиар заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгажээ.

 

Цаашлаад хуулийн заалт зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг олж тогтоох боломжгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудасны Монгол улсаас хандах хандалтыг сонгуулийн санал хураалтын хугацаа дуустал хязгаарлан хатуу арга хэмжээ авахаар хуульд тусгасан байна.

 

Ийнхүү ирэх сонгуулиар хэвлэл мэдээллийн байгууллагынхан редакцийн болдлогоор бус энэ парламентын баталсан хуулинд “хүлэгдэж” ажиллах нь ээ. 

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
songoh hun baihgui uchir songuuld sanalaa uguhgui baih l zam bain daa
2015-12-29
Зочин:
ЛУЙВАРЫН СОНГУУЛД БҮҮ ОРОЛЦ
2015-12-29
0000:
сонгуулийн хууль сонгуулд нэр дэвшэх зарчим зэргээс үзхэд монголын ард түмэнд үнэндээ сонголт байхгүй гэдэг нь тодорхой байсан одооч байсаар л байна ийм байхад ганц зөв арга бол сонгуулд оролцохгүй байх явдал биш шатарын хүү болсоор өнөөг хүрлээ одоо болхуу биднийг сонгохгүйбол тэд хэзээч төрийн толгойд гарч чадахгүй өнөөгийн энэ луйварин тогтолцоог энгэж байж л хална
2015-12-29
Зочин:
jagsaaltaar songogdohoo bolimoor yum aa.
2015-12-28