Жон Бойега: Би ганцхан бүсгүйг хайрлахыг хүсч байна
2015-12-28

Нэрт найруулагч Ж.Ж.Абрамсын бүтээл “Оддын дайн” цувралын шинэ анги “Оддын дайн: Хүч сэргэсэн нь” киноны гол дүрийг бүтээсэн залуу уран бүтээлч Жон Бойегагийн www.indianexpress.com сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-1999 оноос үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн “Оддын дайн” цувралын шинэ анги нээлтээ хийгээд удалгүй кино чартуудыг тэргүүлж байна. Таны тоглосон уран бүтээл үзэгчдийг ийнхүү байлдан дагуулж буйг харах ямар байна?

 

-Зүгээр л энэхүү уран бүтээлийн нэг хэсэг байна гэдэг миний хувьд гайхалтай байсан. Энэхүү уран бүтээлд тоглосон уран бүтээлчдийн дунд миний нэр багтсан явдлыг нэг өгүүлбэрээр тайлбарлавал далайн дороос авдартай эрдэнэс олсонтой л адилхан. Бүхий л хүчээ дайчилсан кино маань амжилт олж, олон мянган хүнийг байлдан дагуулж буйг хараад сэтгэл хөдөлж байна. Үнэхээр би чадлаа гэж үү. Үнэхээр би “Оддын дайн” киноны зураг авалтад оролцож, нэг хэсэг нь болсон гээд л төсөөлөл мэт бодлууд намайг эзэмдсээр л байна.

 

-2009 оноос л “Оддын дайн” киноны шинэ анги нээлтээ хийнэ хэмээн хэвлэлүүд бичсэн. Зураг авалт гурван жил үргэлжилсэн. Миний сонссоноор та уран бүтээлч дундаас хамгийн сүүлд сонгогдсон гэж. Энэ үнэн үү?

 

-Тиймээ үнэн. Хамгийн сүүлд сонгогдсон жүжигчин. Хар Стормтрооперийн дүрийг авахын тулд гурван удаа шалгаруулалтад оролцсон. Эхний хоёр шалгаруулалтаас хасагдаад гэртээ харих замдаа үхэхийг хүссэн. Шалгаруулалт бүр хүнд хэцүү байсан учир би их шантарч байлаа. Гэртээ очоод хүйтэн шүршүүрт орж байхдаа “Ингээд л бууж өгч болохгүй. Чи чадварлаг уран бүтээлч болох ёстой” гэж бодсон. Намайг дахин шалгаруулалтад оролцож байхыг найруулагч Ж.Ж.Абрамс хараад “Хүү минь миний өрөөнд ороод ир. Чи өөрийгөө авъяастай гэж боддог бололтой. Одоо би чамайг шалгах болно” гэж инээмсэглэн хэлэхэд зүрх минь зогсох шахсан. Тэр өрөөнд Жон Бойега гэх залуугийн тархи сэтгэл дотроо хуримтлуулсан бүхэн гарсан. Би бүх зүйлээ шахаж, хэрхэн гэртээ харьснаа мэдээгүй. Сарын дараа намайг “Оддын дайн” киноны шинэ ангид тоглохыг урьсан. Миний амьдралдаа мэдэрсэн хамгийн сайхан агшин. Би энэ өгүүлбэрийг сонсоод  яг л жаал шиг уйлсан.

 

-Хүнд сорилтыг давж, “Оддын дайн” кинонд тоглосон Жон Бойегаар бахархаж байна. Чиний насны залуус хайр дурлал, мөнгө, охин ярьж байхад чи дэлхийн шилдэг цувралд тоглож чадлаа шүү дээ. Мэдээж өөрөөрөө бахархаж буй байх?

 

-Тиймээ, өөрөөрөө бахархаж байна. Кино нээлтээ хийхээс хэд хоногийн өмнөөс л миний нойр хүрэхээ больсон. Нээлтийн үеэр ямар үг хэлэхээ их удаан бэлдсэн. 23 настай залуугийн хувьд том амжилт үзүүллээ. Энэхүү уран бүтээлд тоглож чадсанаар миний ирээдүйн зам үнэхээр тод гэрэлтэж чадаж байна. Миний гэрэл гэгээг бэлдэж өгсөн кино багийнхаа урмыг хугалахгүй сайн жүжигчин болох болно.

 

-Тэгээд нээлтийн үеэр ямар үг хэлэв?

 

-“Маш их баярлалаа. Арьсны өнгийг минь үл тоон энэхүү уран бүтээлд оролцуулсан найруулагч болон кино багийнханд баярлалаа” гэсэн.

 

 

-Үнэхээр ингэж хэлсэн гэж үү?

 

-Тиймээ.

 

-Чамтай танилцаж, уулзаж, болзохыг олон охид, бүсгүйчүүд хүсч буй байх. Хайрын тухай ямар бодолтой байдаг вэ?

 

-Үнэнийг хэлэхэд, би охидын дунд байхдаа их ичимхий л дээ. Одоо хүртэл охидтой ярилцаж чаддаггүй. Бусад шиг охидтой болзохыг их хүсдэг ч ичимхий зангаасаа болоод олон боломжоо алдаж байлаа. “Оддын дайн” кино нээлтээ хийсний дараа миний инстаграм, твиттер зэрэг хүмүүсийн өргөн хэрэглэдэг олон нийтийн сүлжээнд намайг дагах охин, бүсгүйчүүдийн тоо гэнэт л нэмэгдчихсэн. Тэд бүгдээрээ намайг “халуухан”, “царайлаг” хэмээн бичсэн байсан. Харахад хөгжилтэй байсан ч тийм ч их таалагдаагүй. Би гэр бүлийнхээ хүмүүжлээр их хуучинсаг болсон. Тиймээс би жинхэнэ хайраа гарч ирэх хүртэл хэн нэгэнтэй уулзаж, учрахаас зайлсхийх болно. Би ганцхан бүсгүйг хайрлахыг хүсч байна.

 

-Чамайг дагах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь чи алдартай болж байна гэсэн үг. Өөрийгөө ийм өндөрлөгт хүрнэ гэж төсөөлж байсан уу?

 

-Тиймээ. Би найман настайгаасаа л уран бүтээлд тоглож, олон кинонд оролцсон. Намайг мэддэг, хайрладаг хүмүүс бий. Гэхдээ тэдний дэмжлэг дэлхийд алдартай болгох хэмжээнийх байгаагүй л дээ. 30 наснаасаа өмнө олонд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болохыг хүссэн учир их хөдөлмөрлөсөн.

 

-Шинэ цувралын нууц хэдийнэ задарсан. Залуу уран бүтээлчийн хувьд олон гайхалтай уран бүтээлчтэй хамтран ажиллаж, туршлага хуримтлууллаа. Кино багийнхан дундаас хэний зөвлөгөөг их авсан вэ?

 

-Хамгийн залуу нь би байсан. Тиймээс бүгдээс нь зөвлөгөө авч, жүжиглэлтэндээ анхаарсан. Гэхдээ олон уран бүтээлч дундаас жүжигчин Харрисан Фордын зөвлөгөөг их авсан. Форд намайг “жаалаа” гэж дуудна. Намайг зураг авалтад орж байхад энэ эрхэм хаанаас ч юм бэ гараад ирчихдэг. Үнэхээр сүнс шиг.

 

-Их загнуулсан уу?

 

-Үгүй ээ, харин ч эсрэгээрээ.

 

-Чамайг ангуучилж байна уу?

 

-Хэн.

 

-Сэтгүүлч, зураглаач, фэнүүд гэх мэт?

 

-/Инээв/. Гэнэт л олны хараанд орчихоор их эвгүй юм байна лээ. Гэрийн минь гадна зогсох хүмүүсийг харахаар би өөрөөсөө ичих шиг болдог юм.

 

-Өмнө нь тоглосон кинонууд тань ихэвчлэн муу хөвгүүний дүр байсан?

 

-Тиймээ, кино хэдий дэлгэцэнд гардаг ч гэлээ амьдралыг өгүүлэх ёстой.

 

-Тоглосон кинонууддаа чи хар тамхи татаж, архи ууж танхайрдаг. Бодит амьдрал дээр чамд муу зуршил бий юу?

 

-Бий. Гэхдээ би архи болон хар тамхи хэрэглэх дургүй. Видео тоглоом тоглох их дуртай. Аав минь хорт зуршлуудаас хол байхыг багаас минь сургасан. Би аавынхаа үгнээс ер гардаггүй.

 

 

-Нээлтийн дараа “The Hollywood Reporter” сэтгүүлийн эрхлэгч Тодд Маккарти таны жүжиглэлтийг таван хошуугаар үнэлж “Жон Бойега энэхүү кинонд тоглосноор залуу уран бүтээлчдийн эрэн үеийг эхлүүллээ” хэмээн бичсэн. Та үүнийг олж уншсан уу?

 

-Тиймээ. Уншсан. Надад таалагдсан.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин