190 найрагчийн хайрын шүлгийг нэг номоос
2015-12-28

Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлээс санаачлан “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” номын хоёр дахь цувралыг хэвлүүлжээ. Энэхүү номын нээлт өнгөрөгч ням гарагт боллоо. Номыг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан эрхлэн, залуу яруу найрагч Б.Алтанхуяг, М.Батбаяр нар эмхэтгэн хэвлэлд бэлтгэсэн юм байна. Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн хэвлэх үйлдвэр номыг хэвлэн гаргажээ.

 

“Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” хоёр дахь цувралд билгүүн номч Б.Ринченгийн бүтээлээс эхлээд тун саяхан шинэхэн номоо өлгийдөн авсан яруу найрагч Д.Эрдэнэзулайн шүлгийг хүртэлх 190 яруу найрагчийн хайрын шүлэг багтжээ. Төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодол, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа нар "Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” номын нээлтийн хүндэт зочид байсан юм.

 

Энэхүү номын эхний цуврал нь 2014 онд хэвлэгдэн гарсан. Тухайн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” чөлөөт уншлага зохион байгуулж, уг уншлагад оролцсон найрагчдын хайрын шүлгээр эл номыг бүтээж байсан билээ.

 

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин