УИХ, орон нутгийн сонгууль хамтдаа явагдана
2015-12-28

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн баасан гаригт батлагдсан Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Сонгуулийн хуулийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, УИХ-д суудалгүй улс төрийн бүх намуудын санал бодол, шаардлага, тэмцлийн үр дүнд харилцан зөвшилцөж хуулийн хугацаанд баталсныг мэдээллийн эхэнд онцлов. Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийг 2013 онд Р.Бурмаа гишүүнээр ахлуулан байгуулсан. Явцын дунд Су.Батболд болон О.Баасанхүү нарын гишүүд УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Сонгуулийн хуулийн нэгдсэн ажлын хэсэг Р.Бурмаа нарын гишүүдийн хуулийн төсөл дээр суурилж явахаар ойлголцож, гурван хуулийн төслийг нэгтгэж өнгөрсөн долоо хоногт баталсан.

 

МАН болон парламентад суудалгүй улс төрийн намууд сонгуулийн автомат машины хяналтын тооллогыг 100 хувь хийе гэдэг зарчмын байр суурь дээр нэгдэж, шаардлага тавьсан. Үүний үр дүнд хар машины 50 хүртэл хувьд нь техникийн тооллого хийхээр хуульчлагдсан байна. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Хамгийн маргаан дагуулсан асуудал бол хар машины тооллогын асуудал байсан. Ардын нам ард түмэндээ итгэдэг. АН хар машинд итгэдэг. Тиймээс хар машинд итгэх ард түмний эргэлзээг тайлах шаардлагыг МАН болон бусад 21 нам тавьсны үр дүнд хоёр автомат машин тутмын нэг нь гараар тоологдох боломжтой боллоо. Ингэснээр сонгууль шударга болж МАН ард түмэнтэйгээ хамт ялалт байгуулах боломж бололцоо бүрдсэн гэж бид үзэж байгаа" гэв. Ингээд хуульд орсон тодорхой өөрчлөлтүүдийг танилцуулав. Тухайлбал, МАН анхнаасаа хүнээ сонгох тогтолцоог дэмжиж байсан. Гэвч зөвшилцөл явагдсанаар 48:28 гэсэн тогтолцоо буюу 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгогдохоор болсон. Гэхдээ гарсан дэвшил бол сонгогч намын нэр дугуйлахдаа хүнээ харж сонголтоо хийх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, аль намаас ямар хүмүүс дэвшсэн жагсаалтыг сонгогчдод өгнө. Сонгуулийн тогтолцоог бүсчлэх саналыг эрх баригч нам оруулж ирсэн. Харин УИХ-д суудалгүй улс төрийн бусад намуудын саналыг харгалзан хуучнаар нь явуулахаар шийдвэрлэв. СЕХ-г татан буулгаж "Улс төрийн зөвлөл" гэгчийг байгуулах гэж байсныг хасуулсан. СЕХ сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй байгууллага байхаар тусгагдсан. Саналын хуудсанд нам, эвслийг УИХ-д суудалтай, суудалгүйгээр нь ялгалгүй УДШ-д бүртгүүлсэн дарааллаар нь бичихээр болсон байна. Эмэгтэйчүүдийн квот 20 байсныг 30 болгожээ.

 

Орон нутгийн сонгуулийн намын листийг үгүй болгож, 100 хувь мажоритор тогтолцоогоор явагдахаар болсон. Өмнөх хуулиар УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгууль нэг өдөр, аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын сонгууль аравдугаар сард болдог байсан. Харин шинэ хуулиар УИХ, нийслэл, аймгийн ИТХ-ын сонгууль нэг өдөр хамтдаа, сум, дүүргийнх тусдаа явагдахаар болсон.

 

Сонгуулийн сурталчилгааны хугацааг Р.Бурмаа нарын гишүүдийн төсөлд 14 хоног байсныг 18 болгож нэмэгдүүлсэн.

 

18 насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон гэдэг шалтгаанаар шүүхийн шийдвэрээр ялагдсан хүмүүс УИХ-ын гишүүн болсон тохиолдол өмнөх сонгуулиар Өвөрхангай аймагт гарсан. Шинэ хуулиар үүнийг засч, 18 нас хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон бол тухайн нэр дэвшигчийг жагсаалтаас хасах заалтыг үгүй болгосон.

 

Улс төрийн намуудын таван хувийн босгыг хэвээр үлдээсэн гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

 

Мөн энэ үеэр ипотекийн найман хувийн зээлийг МАН зогсоолоо гэх ташаа мэдээлэлд залруулга хийсэн юм. Энэхүү ташаа мэдээллийг анх олон нийтэд тараасан АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр уучлал гуйгаагүй учраас МАН-ын нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан. Найман хувийн зээл зогссон асуудалд МАН ямар ч хамааралгүй нь шүүхээр тогтоогдоно гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцэд дээрх асуудлаар хандсан иргэн Базар "Бодь даатгал" ХХК-д ажилладаг. Энэ нь АН-ын угшилтай компани гэдгийг хүмүүс бараг мэднэ гэж тэрээр хэлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
huivaldah gej
2015-12-30
Зочин:
Hudlaa shaagaad baih umaa. Chi muu odoo humuusiig teneg gej bodoo u. Tanai namiin J. Enhbayar gej neg erguu tsetsed uguu biz dee. Yamar ichihgui shaadag gar ve ene chin.
2015-12-28