“Харвони” эмийг худалдаалж эхэллээ
2015-12-31

Элэгний С вирусийг эмчлэх “Харвони” эмийг үйлдвэрлэгч “Гилеад Сайнс” компани, Монгол Улс дахь албан ёсны борлуулагч “Омбол” компани нь тус эмийг энэ сарын 28 ний өдрөөс эхлэн хепатитийн С вирусийн халдвартай, эмчилгээ шаардлагатай бүртгэгдсэн иргэдэд цахим жороор түгээж эхэлжээ.



“Харвони” эм орж ирэх хүртэлх хугацаанд Эрүүл мэнд, Спортын яам нь Хепатитийн С вирусийн халдварын эрт илрүүлдэг, оношилгоо, эмчилгээний удирдамжийг боловсруулсан байна. Улмаар бүх аймаг, дүүргийн, мөн улсын болон хувийн томоохон нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ-ийн 130 гаруй эмчийг тусгайлан сургажээ.


Орон нутгийн эмнэлгүүдэд С вирус тоолох шинжилгээ хийгдэж эхлээгүй. Иймээс иргэд заавал Улаанбаатар хотод ирж С вирус тоолох шинжилгээг хийлгэх ёстой. Ингэхдээ шинжилгээ хийх эрх авсан эмнэлэг, лабораториудад хандах юм. Мөн аймгууд эрх бүхий эдгээр лабораториудтай гэрээ хийж сорьцоо өөрсдөө эсвэл мэргэжилтэн урьж бэлтгүүлэн шинжилгээг хийлгэж болно.

 

Дараа нь шинжилгээнд хамрагдсан иргэд Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн эмнэлэгт байрлах нийт 14 эмийн сан, аймаг тус бүрт нэгдсэн эмнэлэгт байрлах нийт 22 эмийн сангаар эмийг олгоно. Эмийн сангуудын дэлгэрэнгүй жагсаалтыг Эрүүл мэнд, спортын яам, ХӨСҮТ, “Омбол” компанийн цахим хуудаснаас авч болно.

 

Элэгний С вирүст халдварын эмчилгээ, оношлогооны талаар лавлаж тодруулах зүйлээ Эрүүл мэнд, спортын яамны www.mohs.mn Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 454921, 450443, 99008084, 99157794 дугаарын утсанд холбогдож асуух болон www.nccd.gov.mn вэб хаягт хандаарай.

Shuud.mn
Сонин хачин