Тэд чадлаа
2015-12-31

 

Олон хүний халуун сэтгэлийн хүч, чадна гэсэн итгэл, бүтээх л ёстой гэсэн зүтгэлийн үр шим, тэднийг нэгтгэн зангидсан нэгдмэл зорилгоо биелүүлжээ. Үлгэрийн орон, хүүхэлдэйн баатруудын зургаар ханыг нь чимэглэсэн сэтгэл татам, дотно, дулаахан, будаг нь хатаж амжаагүй шинэхэн цэцэрлэг өчигдөр орой үүдээ нээлээ. Хэдэн сарын өмнө Болдко сэтгүүлчийн санаачлан эхлүүлсэн Болдкогийн цэцэрлэг уйгагүй хичээл, зүтгэл, махруу хөдөлмөр, олон хүний халуун сэтгэлийн хүчээр босож, хүүхэд багачуудын цовоо, хөөрхөн дуу, тоглох шулганах яриатай энэ орой нээлтээ хийсэн юм.  

 

NTV телевизэд “Чухал яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Болдко эмзэг бүлгийн 30 хүүхдийг цэцэрлэгтэй болгох ажлыг санаачлан эхлүүлж, тусч, халуун сэтгэлээр бүрэлдсэн багийнхаа хамтаар Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах хуучин барилгыг засаж, янзлан, цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан билээ.

 

Болдкогийн цэцэрлэгийн ханан дээрх нэг зурааснаас эхлээд шавар, шохой, цемент, будаг, багачуудад зориулсан аяга, таваг, тоглоом, гудас, хөнжил гээд бүгд эргээд хариу нэхэхгүй халуун сэтгэлийн илчээр бүтсэн гэж бодохоор олны сайхан сэтгэлээр бахархана. “Эд бүгд олны тусч сэтгэлийн дэмээр бүтсэн ч тэднийг энэ хүртэл зангидсан нь хамгаас чухал” гэдгийг цэцэрлэгийн ажилд хандив өргөсөн хүмүүсийн нэг “Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор онцолж байлаа.

 

 

Энэхүү цэцэрлэгийг хүрэлцээгүйн улмаас улсын цэцэрлэгт хамрагдаагүй, төлбөр байхгүй учир хувийн цэцэрлэгт явж чадахгүй байгаа амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлого багатай айлын хүүхдүүдэд зориулан босгосон. Энэ онд нийслэлд 50 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн статистик тоо баримт байдаг. Тэдний ээж, аав, эгч, ах хэн нэг нь ажил хийлгүй хүүхдээ хараад гэртээ сууж байгаа. Гэртээ тоглож байсан хүүхэд хэн нэгний анхаарал болгоомжгүйгээс түлэгдэх, гэмтэж бэртэх зэргээр эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байна. Энэ бүхэнд сэтгэл зовниж басхүү туслахыг хүссэн Болдко сэтгүүлч цэцэрлэгийн ажлаа эхлүүлсэн билээ.

 

Тэрбээр “Сэтгэл сайхан байна. Зөндөө олон хүмүүс ирчихсэн. Энэ бол дандаа манай хандивлагчид бие, сэтгэл, эд хөрөнгө бүх талаар бидэнд тус болсон хүмүүс. Хамгийн гол нь энэ хүмүүсийн хүч хөдөлмөрөөр юу хийсэн бэ гэдгээ өөрсдөд нь харуулах гэж өнөөдөр  цуглуулсан. Хүмүүст ам бардам, нүүр дүүрэн юм үзүүлж чадсандаа баяртай байна.  Цэцэрлэгийн ажил 70 гаруй хувьтай явж байна” гэж ярьсан.

 

 

Болдкогийн цэцэрлэгийн хийгдээгүй үлдсэн жижиг, сажиг ажил ганцхан хоногийн дараа ургах 2016 оны нэгдүгээр сард дуусна. Тэгээд улсад хүлээлгэж өгөх санаатай байгаа, тэднийг дэмжинэ байх гэдэгт найдаж буй гэнэ билээ.

 

Гэртээ байгаа хүүхэд, эцэг, эхчүүдэд олон, цөөхөн нь гол биш цэцэрлэгтэй болох л хамгийн чухал. Өчигдөр Болдкогийн цэцэрлэгт хүүхдээ өгөх хүсэлтэй ээж, тэнд хүмүүжих хүсэлтэй багачууд ирсэн байсан. Үргэлж гэртээ суудаг тэд хэсэгтээ л хөөрцөглөн хөвгүүд хүн аалз, ганган улаан машинаар тоглож, охид тэрэгтэй хүүхэлдэй түрж, Маша, баавгайн дүртэй тоглоом тэвэрч, шулганан гүйлдсэн. Тэдний нүднээс баяр гэрэлтэж байсан.

 

Болдко сэтгүүлч хэдэн сарын өмнө цэцэрлэг байгуулахаар санаачилахдаа, түүний зангидсан сэтгэл, зүтгэл нийлсэн багийнхан тэдэнд халуун сэтгэлээр тусалсан хүн бүхэн бүрдүүлэхдээ магадгүй ийм өдрийг, хүүхдүүд ингэж баярлахыг зүрхнээсээ хүсэж байсан байх. Тэгвэл тэд хүссэндээ хүрч чадлаа. “Фэйсбүүк ямар хүчтэй юм бэ. Болдко фэйсбүүкээр цэцэрлэг барьчихлаа” гэж ярих хүмүүс байна. Харин Болдко сэтгүүлч “Фэйсбүүкийн хүчтэй гэж тооцоолсондоо бус энд оролцсон монгол хүмүүсийн сэтгэл ямар агуу юм бэ гэдгийг харууллаа. Өнөөдөр амьдрал ямар байгаа билээ. Баян, чинээлэг, мөнгөтэй хүмүүс цэцэрлэг байгуулсангүй. Хөрөнгө чинээ цуглуулж, чадсан бололцоотой компаниудаас тусалсангүй. Бид бүгдээрээ нийлээд үүнийг хийлээ” гэсэн.

 

Хөрөнгөлөг, сейф, авдар дүүрэн мөнгөтэй хүмүүс бус зүгээр л хүн тусалъя гэсэн сэтгэлтэй бүхэн, өөрийн боломж, бололцооныхоо хэмжээгээр энд тав, арав, тавь, зуугаар хандив өргөсөн. Тэр алс Архангай, Ховд аймгаас хоёр эмээ бидэнд гар утасны 2000 нэгж явуулсан гэж ярьж байсан. Болдкогийн цэцэрлэг босоход чин сэтгэлийн угаас дэмжиж, тусалсан хэн бүхэнд гүн талархая.

 

 

 

 

 

 

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
баяр хүргэе баячууд хийж чадаагүй зүйлийг хийлээ Ажил үйлс чинь өөдрөг байхын ерөөл дэвшүүлье
2016-01-01
munkhuu:
Boldkod mash ih bayarlalaa. Uils tani yrgelj delgerch yavah boltugai1
2015-12-31
zuzu:
Yostoi mundag uymaaa
2015-12-31
jak:
tand bolon demjsen hvn bvhend bayr hvrgie
2015-12-31
Энхбаатар:
Ийм хүмүүс олон байвал. улс орон маань хурдан хөгжинө дөө.
2015-12-31