Өвлийн өвгөн ааваас хэн юу хүсэв
2015-12-31

 

Хэдхэн цагийн дараа 2015 он улиран одож 2016 он айлчлан ирэх гэж байна. Шинэ жилийг  хүн бүхэн хүлээдэг ч, хүүхэд  багачуудын хамгийн их хүлээдэг баяр. Тиймээс урлаг соёлын  уран бүтээлчдийн хүүхэд насны дурсамж, өвлийн өвгөн ааваас юу хүсдэг байсан, өөрөө өвлийн өвгөн аав байсан бол хүүхдүүдэд юу бэлэглэх байсан талаар сонирхлоо.

 

Шинэ жилээр авч байсан хамгийн гоё бэлэг чавга

МУСГЗ, МҮОНТ-ын сэтгүүлч Г.Золжаргал

 

-Шинэ жилээр хүүхэд байхдаа авч байсан, санаанаас тань гардагггүй бэлэг?

 

-1970 онд шинэ жилээр чавга бэлгэнд авч байсан юм. Чавга гэдэг зүйлийг анх удаа авч үзсэн болохоор санаанаас гардаггүй юм.

 

-Тэгвэл одоо өвлийн өвөө хүслийг чинь биелүүлье гэвэл?

 

-Нэг сайхан “Коньки”-той л болмоор байна даа. /инээв.сур/

 

-Та өөрөө өвлийн өвгөн байсан бол хүүхдүүдэд юу бэлэглэх вэ?

 

-Будгийн харандаа бэлэглэнэ. Хүүхдүүд л хамгийн гэгээн зүйлийг зурж, тэрийгээ хамгийн гоё өнгөөр буддаг шүү дээ.

 

Өвлийн өвөөгөөс энх тайван, эрүүл энхийг л хүснэ

Найруулагч Б.Чингүүн

-Хэдхэн цагийн дараа шинэ он гарлаа. Та хүүхэд байхдаа хэрхэн баярладаг байсан дурсамжаа хуваалцаач?

 

-Намайг бага байхад чихэр, жимс, мандарины үнэр л хамгийн сайхан санагддаг байсан. Одоогийнх шиг юм юм элбэг биш байлаа. Тэр ч утгаараа шинэ жил дөхөхөөр энэ үнэр л санаанд буудаг юм. Тухайн үед шинэ жилийн баяраас илүүтэй, шинэ жилийн баярын уур амьсгал нь өөрөө их хүлээлт байж билээ. Уут дүүрэн бэлэг хамгийн гоё байсан даа.

 

-Өвлийн өвгөнөөс ямар бэлэг хүсэх вэ?

 

-Өвлийн өвгөнөөс би энэ хорвоод энх тайван, эрүүл энхийг л хүсэх байхдаа.

 

-Тэгвэл эсрэгээрээ өөрөө өвлийн өвгөн байсан бол хүүхдүүдэд ямар бэлэг өгөх байсан бол?

 

-Хүүхдүүдэд зөвхөн энэ өдөр бэлэг өгөх биш, тэр жилийн 365 хоног дуусаад дараа жилийн энэ баярын өдөр ирэх хүртэл өдөр бүр баярлуулах тийм хүслийг нь л биелүүлэх байсан болов уу.

 

 “Хүмүн Чингис” номыг бүх хүүхдэд өгмөөр байна

СУИС-ийн багш, доктор Д.Даваасүрэн

 

-Хүүхэд байхдаа авч байсан хамгийн гоё бэлгээ нэрлэвэл?

-Сургуулийн шинэ жилээр өвлийн өвгөнөөс алимтай бэлэг авах л хамгийн сайхан байсан. Манай нутагт шинэ жил дөхөхөөр л дэлгүүрт алим ирдэг, ээж аав авч өгдөг байсан ч, өвлийн өвгөнөөс авах бүр л сайхан байдаг байж билээ.

 

-Одоо өвлийн өвгөн таныг ямар бэлэг авах вэ гэвэл?

 

-Яг тийм бор цаасан ууттай бэлэг л авья гэх байхдаа. Тэгээд тэр нь алимтай байвал бүр гоё. Хүүхэд нас л хамгийн сайхан дурсамжтай хэсэг ч болов тэр үедээ очиж, ядахдаа тэр үеийнхээ мэдрэмжийг мэдрэх ийг л хүсдэг болдог шиг байна.

 

-Та өөрөө өвлийн өвгөн байсан бол хүүхдүүдэд?

-Би хүүхдүүдэд энэ жилээрХ. Цэвлээ гуайн хэвлүүлсэн  “Хүмүн Чингис”  гэдэг  номыг л чаддагсан бол бүх хүүхдэд өгмөөр байна. Тэр ном бол хүүхдийн гэлтгүй, өнөөгийн монгол хүн нэг бүрийн уншмаар, бодмоор, дууриамаар ном.

 

Хүүхдүүдэд элэг бүтэн байх мөнхийн жаргал бэлэглэнэ

Дуучин О.Гантулга

 

-Хэдхэн цагийн дараа он солигдлоо.  Энэ цаг үед та хүүхэд байхдаа авч байсан хамгийн гоё бэлэгээ дахин нэг санавал?

 

-Хүүхэд байхдаа ааваасаа хамгийн гайхалтай бэлэг авч байлаа. “Монтакристо гүн”  гэдэг номыг аваад үнэхээр шимтэн уншиж байлаа.

 

-Өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг байсан уу. Одоо та юу хүсмээр байна?

-Итгэдэг байсан шүү. Одоо бол өвөөгөөс хүсэх зүйл цөөхөн дөө. Монголчууд минь л үргэлж инээж баярлаж, аз жаргалаар дүүрэн, эрүүл энхийн жаргалаар дүүрэн байхыг л хүсмээр байна.

 

-Тэгвэл өөрөө өвлийн өвгөн байсан бол?

 

-Хүүхдүүдэд хэзээч дундрашгүй хайр, халамж, хайртай бүхний нь элэг бүтэн байлгах мөнхийн жаргал бэлэглэнэ ээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БОЛЬЁ ОО
2015-12-31
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2015-12-31
зочин:
элбэгдорж новшийг зайлуулж өгөөч,АН гэгч мафийг сөнөөж өгөөч гэж хүсье.
2015-12-31
Зочин:
БОЛЬЁ ОО