Гишүүдийн сэтгэл “гадаалсан” жил
2016-01-05

Цаг тооллын хуанли эргэж, энэ парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн он   хаалга тогшин орж ирлээ.

 

Парламентын шинэ оны ажлын эхний өдөр даруухан, бараг нам жимхэн эхэллээ.  Хуваарийн дагуу даваа гаригт нам, эвслийн  бүлгүүд тус тусдаа харуул хамгаалалтыг чангатган  хаалттай хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх хууль тогтоолын төсөл болон цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэдэг.  Харин энэ удаад эрх баригч АН-ын, сөрөг хүчин МАН-ын, “Шударга ёс” эвслийн бүлэг аль аль нь хуралдсангүй.

 

Харин бие даагчдын зөвлөл мэдээлэл хийж,  байр сууриа илэрхийллээ. Уг нь сонгогчид энэ парламентад 3 бие даагч гишүүнийг төлөөллөөрөө илгээсэн. Гэвч шинэ жилийн өмнөхөн гишүүн С.Ганбаатар ХҮН-д  /бараг өөрийнх нь үүсгэн байгуулсан нам/ элссэнээр Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн хоёр л бие даагчаараа үлдлээ. С.Ганбаатар гишүүн ХҮН-д элссэнээр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн отгон нам ногоон гэрлээр парламентад суудалтай боллоо.  “Шударга ёс” эвслийн бүлгийн Г.Уянга гишүүнийг мөн ХҮН-д элсэн гэсэн яриа байсан ч тэрбээр “ХҮН миний сонголт биш” гэдгээ илэрхийлсэн.

 

Ц.Даваасүрэн гишүүнийг МАН-даа эргэн элсэж магадгүй гэсэн яриа байдаг. Гэхдээ одоогоор энэ зөвхөн яриа төдий байгаа бөгөөд Ц.Даваасүрэн гишүүний зүгээс ч түдгэлзсэн  байр суурьтай байгаа.  Ер нь бүрэн эрхийн сүүлийн хугацаандаа УИХ-ын гишүүдээс нам сэлгэн холбирох  үзэгдэл нэгээр зогсохгүй явагдаж магадгүй шинжтэй.  УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАН-д элсэнэ гэсэн яриа гараад мөн намжсан. Тэгвэл УИХ-ын дэд дарга Л.Цог  МАН-ын “Алтан сарнай”-н шинэ жилийн цэнгүүнд ганцаар торойн зогссож харагдсан түүнийг намаа солих нь гэсэн шивэр авир яриа чих дэлсэж байна лээ.

 

УИХ шинэ оны өмнөхөн Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан.  Энэ хуулиар УИХ-ын сонгуулиас 60 хоногийн өмнө намууд эвсэн оролцдгийг хаажээ. Тэгээд ч пропорцианалиар нэр дэвшигчдийн хувьд нам нь аль нэг тойрогт ялалт байгуулаагүй тохиолдолд парламентад сонгогдох найдвар байхгүй. Энэ нь улс төрийн хоёр том хүчин жижиг намуудаа хуулиар шахаж, парламентад сонгогдох  боломжийг нь хаасан гэж зарим гишүүд үзэж байгаа. Энэ нь   парламентад гурав дахь хүчний орон зай хумигдаж байна гэсэн үг. Тиймээс зарим намууд тарах, бусад намтай нэгдэхийг үгүйсгэхгүй. Жишээлбэл, ИЗНН Сонгуулийн хууль батлагдахын өмнөхөн АН-тай нэгдэх нь гэсэ яриа гараад намжсан. Харин эдүгээ  ирэх сонгуулиар аль нэг намтай сонгуульд эвсэн орох, намын жагсаалтаар сонгогдох найдваргүй болсон тохиолдолд ИЗНН-ынхан АН-тай нэгдэх нь гэсэн яриа биеллээ олохыг үгүйсгэхгүй.  Намуудын улс төрийн тохироо хэр явагдахаас л хамаарах зүйл. Энэ мэтээр ирэх сонгуулийн хугацаа дөхөхийн хэрээр улс төрд элдэв үзэгдэл өрнөсөөр байх биз. Харин парламентын үйл ажиллагааны тухайд мөлгөрдүү явагдаж магадгүй.

 

Шинэ оны ажлын эхний өдөр Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төсөл, намуудын зөвшилцөн санал нэгдэж боловсруулсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын төслийг УИХ-д өргөн барьж байна. Хэдийгээр өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцээд батлагдлаа гэхэд энэ парламентын үед хэрэгжилт нь мэдрэгдэхгүй. Гишүүд ч хуулийн төсөлд хайнга,   хоноцын сэтгэлгээгээр хандах магадлалтай. Ирэх өдрүүдэд хэлэлцэх хуулийн төслүүдэд гишүүд хүч өгөн, сөргөөлцөлдөөд байх нь юу л бол. Хаана хаанаа эв эеийг сахиж, сонгуулийн өдрийг хүлээх байх.

 

Оны эхний ажлын өдөр Төрийн ордонд чуулганы завсарлагааны дараах өдрүүд шиг нам жим, ажин түжин байлаа. Иймэрхүү дүр төрх цаашдаа ч давтагдах биз ээ.

 

УИХ дахь нам эвсэл, УИХ-ын гишүүд шинэ жилийн уур амьсгалаасаа гарч амжаагүй баярлаж явцгаана гэвэл эндүүрэл. Эрхэм түшээд  зургаахан сарын дараа болох сонгуульдаа сэтгэл шулуудаад,  Төрийн ордонд тогтохгүй байгаа даг.

 

Н.Энхбат

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХЭРХЭН ИРГЭДИЙГ ХУУРАХ ГЭЭД БОДЛОГ БОЛОЖ ЖҮЖЭГ НАЙРУУЛАН ТОГЛОЖ ЯВНА
2016-01-05
Зочин:
Гишуудийн сэтгэл гадаалсан жил нэртэй энэ зуйлийг уншаад бодлоо! Унэнээ хэлэхэд энэ жил л гишуудийн сэтгэл гадаалсан биш бур эхнээсээ гадаалчихсан байсан юмшигээ!!!
2016-01-05