АСЕМ-аар 800 хүн байнгын ажлын байртай болно
2016-01-06

АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт ирэх долдугаар сард манай улсад зохиогдоно. Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд, зочид буудлын үйлчилгээний салбарт ажиллах иргэдийн сонгон шалгаруулалт “Корпорате” зочид буудлын “Улаанбаатар” танхимд үргэлжилж байна. Сонгон шалгаруулалтаар 800 хүн байнгын ажлын байраар хангагдах юм. Зочид буудлын салбарт ажиллах, байнгын ажлын байртай болох хүсэл сонирхолтой олон хүн тэнд цугларсан байв. Тэдний ихэнхи нь залуу хүмүүс харагдана. Харин ажилд авах зочид буудлын зүгээс ямар шаардлага тавьж буйг зарим менежерүүдээс тодрууллаа.

 

 

“Альфа” зочид буудлын хүний нөөцийн менежер Д.Насанжаргал:

-Манайх шинээр ашиглалтанд орж байгаа зочидж буудал. Хоёрдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Манайх шинэ зочид буудал учраас шинэ баг бүрэлдэхүүн бүрдүүлж байгаа.  Ресепшин, ерөнхий болон ахлах менежер, үйлчлэгч, хаалгач, угтагч гээд нийтдээ 20 гаруй орон тоон дээр ажилтан шалгаруулж авна. Байнгын ажлын байран дээр түр гэрээтэйгээр биш хөдөлмөрийн гэрээ байгуулах ажилтан авах учраас тогтвор суурьшилтай ажиллах, ажлын туршлагатай, зочид буудлын чиглэлээр их дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ 3 дээш жил ажилласан хүнийг сонгож авна. Миний харж байгаагаар ажлын туршлага, ур чадвар муутай хүмүүс буюу зарим нь оюутан, эсвэл дөнгөж төгссөн залуучууд ажил их хайж байгаа юм шиг байна.

 

 

“Сант өргөө” компанийн ахлах менежер Д.Мөнхзул:

-Манайх одоогоор ашиглалтанд ороогүй, бэлтгэл ажлаа хангаад явж байгаа зочид буудал. Зочид буудлын менежер, өрөөний үйлчлэгч, зөөгч, бармен зэрэг нийт 33 мэргэжлийн ажилтан шалгаруулж авах юм. Тогтмол авах цалингийн хэмжээг 300 мянга төгрөгөөс эхлэх юм. Мэргэшсэн ур чадвартай, ажлын туршлагатай хүмүүсийг ажилд авна.

 

 

Нийтийн үйлчилгээний газрын дарга Б.Нямсүрэн:

-Сонгон шалгаруулалтаар сонгогдсон хүмүүсийг сургалтанд хамруулна. Сургалтанд хамрагдаад үнэхээр ажлын ур чадвар сайтай бол байнгын ажлын байранд авахаар төлөвлөсөн. Нийтлэг тавьж байгаа нэг шалгуур бол мэргэжлийн үнэмлэхтэй байна. Бүртгүүлж байгаа байдлыг харахад манай залуучуудын боловсролын түвшин нэлээд өндөр болжээ. Ихэнхи нь дээд сургууль төгссөн, мэргэжилтэй залуус юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин