Ц.Цолмон сайд аа, хүний амь эрсдчихээд байхад ажлаас нь чөлөөлөөд л болоо юу
2016-01-07

Өнгөрсөн сарын 23-нд нислэгийн дадлага, сургуулилт гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн онгоц осолдож, нэг алба хаагч амиа алдсан харамсалтай явдал болсон. 


Хэдийгээр тус онгоцонд явж байсан арваад хүний биеийн байдал сайжирсан ч гэлээ нэгнийх нь бие хүнд хэвээр байгаа юм. Уг нисдэг тэрэг хөөрөх зурвасаас 310 орчим метр өндрөөс гэнэт хажуу талаараа унасан ба тус ангийн захирагч, хурандаа Н.Отгонбаяр жолоодож явсан тухай эх сурвалж хэлж байлаа. Хамгийн гол нь, энэхүү осол гарах болсон шалтгааныг тус яамны зарим алба хаагч онгоцны баталгаат хугацаа нь дууссан байсан учраас осол гарсан гэж тайлбарлаж буй юм. Гэтэл ийм хариуцлагагүй, хүний амь нас сүйдэж бүхэл бүтэн айлын амьдрал орвонгоороо эргэчихээд байхад БХЯ-ны удирдлагууд нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх төдийхнөөр шийдсэн байгаа юм. Чөлөөлөх ч гэж дээ, уг осолтой холбоотойгоор ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн явдал юм.

 


Уг нь энэхүү осол гарсны дараа хэрэгт холбоотой хүмүүс болон БХЯ-ны холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хатуухан хариуцлага тооцох тухай яриа гарч байсан ч өнөөдөр ийнхүү ганцхан хүн л өөрийн хүсэлтээр ажлаа өгч буй нь харамсалтай. 

 


Өмнө нь ийм хэрэгт холбогдсон хүмүүст хатуухан арга хэмжээ авч байсан тохиолдол бий. Хэрвээ уншигчид санаж байгаа бол Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2007 оны зургаадугаар сарын 14-нд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явсан ОБЕГ-ын 15 албан хаагч “Ми-8” нисдэг тэрэгний ослоор зуурдаар амиа алдсан хэрэг гарч байхад Ерөнхий сайд байсан М.Энхболд Засгийн газрын гурван сайдыг огцруулах саналыг УИХ-д оруулж байсан. Гэтэл энэ удаад хүний амь нас эрсдчихээд байхад ослын хариуцлага хүлээх этгээд нь тодорхойгүй байсаар эцэст нь огт эзэн холбогдогчгүй болох нөхцөл бий боллоо гэж хардаж байна. 
Тус яамны удирдлагуудын хийсэн мэдээллээр бол дээрх анги өглөө, оройдоо төлөвлөгөөт нислэг хийдэг гэж байгаа юм. Гэтэл байнгын төлөвлөгөөт нислэг хийдэг байсан онгоц яагаад осолдох болов гэдэг нь сонирхолтой. Эх сурвалжуудын хэлж буйгаар онгоцыг жолоодож явсан тус ангийн захирагч хурандаа Н.Отгонбаярыг туршлагатай нисгэгч хэмээн хэлж байсан. Тиймээс л онгоцны баталгаат хугацаа нь дууссан учраас энэхүү осол гарчээ гэж хэлэх гээд байгаа юм. Онгоцны баталгаат хугацаа дууссан гэдгийг тус газрын учир мэдэх хүмүүс хэлж ярьсаар байхад энэ талаар тус яамны удирдлагууд одоог хүртэл ам нээхгүй байгаа нь хачирхалтай. Бүр цаашлаад гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр онгоцны хар хайрцгийг уншуулахаар зэхэж байгаа хэрнээ уг онгоцыг үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчдийг нь оролцуулахгүй байх арга саам хэрэглэж байгаа талаар нэгэн өдөр тутмын сонин онцолсон байна билээ. Мэдээж ямар ч хүн өөрийн буруутай үйлдлээ олны өмнө ил болгодоггүйтэй адил тус яамны удирдлагууд үнэнийг олон нийтэд өчихөөсөө эмээж буй дүр төрх харагдаж байна. Гэтэл тус яамны удирдлагууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр амиа алдсан алба хаагчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж ар гэрийхэнд нь тусалж дэмжих ажлын хэсэг байгуулж, осолдсон цэргийн алба хаагчдад онцгой анхаарал хандуулан ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэгдсэн хэмээх сүржин мэдээллийг тараах болсон. Мэдээж энэхүү осолд өртсөн алба хаагчид эрх мэдэлтнүүд шиг онгоц хөлөглөж сайн дураараа яваагүй. Тэд ажил үүргээ гүйцэтгэж явсан учраас энэ зэргийн туслалцаа дэмжлэгийг салбар яамнаасаа авах нь зүйн хэрэг. Яг үнэндээ тус яамны хэдэн дархлагдсан өнгөлөг, мөнгөлөг хурандаа нар эрх мэдэл албан тушаалын төлөө бусдын амь насыг золиход ч бэлэн болсон тухай бид өмнө нь баримт нотолгоотойгоор мэдээлж байсан. Магадгүй сая гарсан “Ми-8” нисдэг тэрэгний осол дахиад гарахыг үгүйсгэхгүй. Ийн хэлэхийн учир нь Зэвсэгт хүчинд хоёр нисэх анги байдаг.

 

Тодруулбал, 303 дугаар нисэх ангид ачааны, суудлын “Ми-171”, 337 дугаар “Ми-24”, “Ми-8” гэсэн хоёр, хоёр онгоц байдаг. Эдгээрээс 2008 онд ОХУ-аас бэлгэнд ирж байсан “Ми-24”, “Ми-8” онгоцуудын засвар хоорондын баталгаат хугацаа дуусч нислэг зогссон. Гэтэл тус яамны нэгэн мөнгөлөг хурандаа эдгээр онгоцуудыг нисгэх гэж нэлээн чармайж, доод албан тушаалын хүмүүстээ “Ми-24”, “Ми-8” онгоцуудыг нисэг гэсэн шаардлага тавьж байгаа талаар бид өнгөрсөн оны хоёрдугаар сард нэр устай нь олон нийтэд ил болгож байсан. 

 


Тиймээс л сая осолдсон “Ми-8” нисдэг тэргийн онгоц хоороондын баталгаат хугацаа нь дууссан байхад энэ олон хүний амь насаар тоглож нэгийг нь нөгөө ертөнцөд явуулчихав уу гэж хардаж буй юм. Энэ нь зөвхөн сэтгүүлчийн харсан өнцөг бус БХЯ-ны олон арван алба хаагчийн хүсэлт гэдгийг анхааралдаа авна уу Ц.Цолмон сайд аа.



Эх сурвалж:

 
Shuud.mn
Сонин хачин
munkh:
Said udirdlagaar hangaj chadahgvi dgaagaas armias gemt hereg salhaa bolliloo tsolmon saidaa uuruu es zvitei ogtsorvol yaasan uym be
2016-01-07