Д.Галбаяр: Би өөрийгөө олох гэж хичээж л явна
2016-01-07

Шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн “Шуугиан таригч” инээдмийн уран сайхны киноны найруулагч, “Go adventure” студийн захирал Д.Галбаяртай уулзаж ярилцлаа.

 

 

-“Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа” гээд содон нэртэй олон кино таны бүтээл. “Шуугиан таригч” гэж бүр их содон нэр юм?

 

-Юмны нэр их учиртай байдаг. Тэр ч утгаараа аливаа уран бүтээлийн нэр их чухал. Анхлан бол “Миний сэрүүн зүүд” гэдэг нэр өгөхөөр төлөвлөж байсан. Тэгээд кино бүтэх явцад жаахан тийм мятрангуй нэр өгмөөр санагдаад “Шуугиан таригч” гэж нэрлэсэн. Уран бүтээлч хүн зурвасхан төрсөн санаагаа шигтгэх, гэнэт орж ирсэн бодлоо бүтээл болгох тохиолдол байдаг. Тийм тохиолдлоор л энэ нэр гэнэт  санаанд орж ирээд, тэгээд л нэрлэчихсэн хэрэг.

 

-Таны тав дахь уран бүтээл. Дахиад инээдмийн төрөл?

 

-Инээдмийн төрөл жанрын бүтээл хийхэд амархан юм шиг харагдаж болох ч хүнд баяр баясал түгээхийн хажуугаар нэвт гарсан санааг давхар илэрхийлнэ гэдэг амаргүй. Яагаад энэ төрлийн кино дагнан хийгээд байна вэ гэвэл миний өссөн орчинтой холбоотой. Аавыгаа дагаад театр дамжиж, тайзны ард л гүйж өссөн. Би 20 жил аавтайгаа хамт амьдрахдаа үргэлж инээд дунд байдаг байсан. Хоёрдугаарт, Галбаяр гэдэг хүн нэг ийм бүтээл хийдэг юм шүү гэж үзэгчид мэддэг, хийх киног нь хүлээдэг байгаасай гэж, өөрийгөө таниулах, илэрхийлэх нэг төрөл жанртай байх гэж л зорьж байна.

 

-Хошин шог, инээдэм гэхээр багахан хугацаанд хүн баясгахаас биш үлдэх, ухаарах зүйлгүй гэдэг. Энэ тал дээр таны бодол?

 

-Манайхан хуучин нийгмийн үзэл хандлагаасаа одоо хэр нь салаагүй байна. Гэтэл дэлхийн кино урлагийн чиг хандлага хаашаа явж байна вэ. Гайхширал, санаанд оромгүй үйл явдал, байлдан дагуулалт гээд энэ зүйлс рүү явж байна шүү дээ. Тэгэхээр төрөл чухал биш. Хамгийн гол нь тухайн уран бүтээл үзэгчдийн таашаалд нийцэх л ёстой. Хүн өнөөдөр кино театрт ухаарал олох гэж ирэхгүй шүү дээ. “За өнөөдөр нэг хүмүүжчихье” гэж очихгүй.  Жишээ нь одоо “Стар Варс” кино театруудаар гарч байна. Тэр киног очиж үзээд хүн ухаарал олж авахгүй, авах гэж ч очихгүй. “Хэлэх гэсэн санаа нь юу байна” гэж үзэхгүй шүү дээ. Тэгсэн хэр нь монгол киног болохоор “Гол санаа нь юу юм бэ” гэж асууна, эрж хайна. Тэгэхээр гайхшируулсан, сонирхолтой кино хийх нь чухал болохоос заавал ухааруулсан, сургамжилсан байх албагүй.

 

-“Шуугиан таригч” киноны агуулга, хэлэх гэсэн санааны хувьд?

 

-Уг нь бид өөрсдөө гол санаагаа яриад  тийм санаатай, ийм  далд утгатай гээд байхаасаа илүү үзэгчид өөрсдөө тэр санааг нь олж харж, ярьж байвал илүү үр дүнтэй юм л даа. Тэгж байж л уран бүтээлчдийн зорилго биелдэг. Энэ киноны хувьд нэгдүгээрт Монгол хүний үнэ цэнийг харуулахыг зорьсон. Гадаад улс оронд монголчууд очоод ажиллахаар чадамж нь дээгүүрт үнэлэгдээд байна. Гэвч Монгол хүн монголдоо хэрэгтэй байна шүү дээ. Монгол хүн, монгол хүнээ гэх үнэ цэнийн асуудал үгүй болж эхэлж байна. Үүнийг л өгүүлэхийг зорьсон.

 

-Киноныхоо гол дүрд өөрөө тоглосон байна билээ?

 

-Миний хувьд энэ бүтээл тэнгэрт байгаа хоёр эрхэм хүний хүслийг биелүүлсэн кино байлаа. Нэгдүгээрт аав минь намайг жүжигчин болоосой гэж хүсдэг байсан. Аавынхаа хүслийг биелүүлсэн.  Хоёрдугаарт Амбий хэмээх агуу жүжигчинтэй энх тунх байхад нь хоёр ч уран бүтээл дээр ажиллах гэж байгаад ажиллаж чадаагүй юм. Тэгвэл энэ кинон дээр Амбий ахынхаа гэргий Солонго эгчтэй хамтарч ажилласан.

 

-Жүжигчний мэргэжлээс айдаг гэж ярьж байсан. Ямар тохиолоор тоглов?

 

-Аав минь энх тунх байхдаа “өөрийнх нь мэргэжлийг өвлөх хүүхэд байгаа юу” гэж хүмүүс асуухаар “миний дунд хүү” гэж хариулдагсан. Ханийнхаа хүч өгсөн урмын үгэнд зориг орж, С.Жавхлан андын шахалтаар, эцэг тэнгэрийн хүсэл захиасыг биелүүлхээр энэ кинонд тоглохоор шийдсэн юм. Тэгээд ч энэ киноны Баадайгын дүр их  гэгээн дүр. Бүр нэг хүнд өгөхөөс хайран санагдаад, өөрөө л тогломоор санагдаад байсан. Хүмүүс намайг “аавтайгаа адилхан” гэдэг л юм. Тэгтэл энэ кинон дээр өөрийгөө хараад би өөрөө хүртэл “нээрээ л адилхан юм”  гэж уулга алдсан шүү.  Жүжигчний мэргэжил хэцүү ч амттай бас сайхан юм билээ.

 

-“Видео сан” монгол киног үнэгүйдүүлж байна гэж та хэлж байсан. Өөрийн хийсэн киногоо видео санд өгч байгаа юу?

 

-Оруулж байгаа. Видео сангууд гарч ирснээрээ үзэгчид илүү тав тухтайгаар гэртээ кино үзэх боломжтой болсон. Гэвч эсрэгээрээ үзэгчдийн залхуурал бий болоод байна. “Шуугиан таригч” киног бид 10 сарын хугацаанд хийсэн. Аливаа уран бүтээлийг хийхэд багагүй цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө санхүүгийн асуудал явагдаж байдаг. Тэгэхээр шинэ киног “Видео санд орчихоор нь үзчихнэ дээ” гэх биш театрт нь ирээд үзвэл илүү сайхнаар хүлээж авч ойлгох болов уу гэж би боддог юм.

 

-Таван киноны ард гарсан найруулагчийн хувьд залуу уран бүтээлчдэд юуг хэлэх вэ?

 

-Уран бүтээлч хүн хамгийн түрүүнд өөрийгөө олох нь чухал. Би одоо ч өөрийгөө олох гээд хичээж л явна. Монголын кино бүтээгч залуучууд чадлынхаа хэрээр маш сайн ажиллаж байгаа.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайн жүжигчин болох юм биш үү? Бас кино найруулга дээр ч өөрийгөө олохыг хичээж яваа нь харагддаг. Амжилт хүсье.
2019-01-13
Зочин:
odoo boltol oloogui ebgui gar be ene chin
2016-01-07
Amr:
Nerii ni buruu tavisan bhiin manai setguulch nar unen hariutslagui yum aa D.Galbayar sh dee
2016-01-07
Amr:
Galbayar geechee
2016-01-07
d:
Uran buteeliin undur amjilt husiy.Saihan ehnertei saihan zaluu
2016-01-07
ee:
atsaaraa saihan badgiiin muuhai huuhen.huuchin n deer.
2016-01-07
oo:
saihan ehnertei aztai zaluu shuu.
2016-01-07
ee:
atsaaraa saihan badgiiin muuhai huuhen.huuchin n deer.
намуунаа:
үнэхээр аавтайгаа адилхан юмаа. дүүдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье
2016-01-07