Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулав
2016-01-08

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

 

 

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 46 минутад эхэлж, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

 

Засгийн газраас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан юм.

 

 

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Я.Содбаатар, С.Одонтуяа нар үг хэлж хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үг хэлсэн гишүүд их, дээд сургуулийг хөтөлбөрөөр нь шахаж байгаа ч гэлээ инженер, эдийн засагч, эмч гээд бүх мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их сургууль хүртэл байгаа тул их, дээд сургуулийн тоог нь цөөрүүлэх, нэгтгэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчин, чадварлаг багш мэргэжилтнүүдээр хангахад анхаарах, малчдын хүүхдийг 6-8 насанд нь сургуульд элсүүлдэг байх уян хатан тогтолцоог бүрдүүлэх, түүнчлэн орон нутагт эрх олгох замаар малчдын хүүхдүүдийн амралтыг мал төллөх үеэр олгодог байх нь зүйтэй юм гэдгийг хэлж байв. Мөн боловсролын хууль эрх зүйн орчин, бодлого нь тогтвортой байхад анхаарах, боловсрол нь ашгийн төлөө байх ёсгүй, хүний хөгжил рүү чиглэсэн төсвийг хасдаггүй байх, залуучуудаа төлөвшүүлж хүмүүжүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох үүднээс амьдрах ухааны чиглэлээр дагнасан дээд сургууль байгуулах, түүнчлэн төрийн өмчийн бус их, дээд сургуулиуд энэ чиглэлээр мэргэжил олговол төрөөс хувьсах зардал олгодог байх, мөн төрийн байгууллагуудын байрыг цөөлөх, нэгтгэх замаар боловсролын салбарын барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэйг хэллээ.

 

Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

 

 

Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хуульд нийцүүлэх үүднээс уг тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзээд уг асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хассан юм. Учир нь энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар урт хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичгээс бусад төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар баталж байхаар зохицуулжээ.

 

Цэцийн 16 дугаар дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулав

 

Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа танилцуулсан юм.

 

 

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалт, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү оролцсон байна.

 

Иргэн П.Ундрах-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 зүйлийн 43.3.8 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад "шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэж заасан нь тэдгээр талуудад зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг олгосон бөгөөд харин давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхийг тусгаагүй байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгг буюу давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргахтай холбоотой харилцааг журамласан хэсэгт "... энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж зааж, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн тухайд давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхийг тусгалгүй орхижээ. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зөвхөн шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид гомдол гаргах эрх олгосныг дурдаад эдгээр нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянуулахаар ханджээ.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43,3.8 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтын “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгг давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтын “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Харин цэцийн 16 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмжүүжин танилцуулсан юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг тус байнгын хороо энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

 

 

Цэцийн гишүүний танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулав. Байнгын хорооны дарга болон цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар чуулганы нэгдсэн хуралдаанд байгаагүй тул гишүүдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хариулт өгсөн юм. Энэ үеэр тэрээр цэцийн дүгнэлтийн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулга хийсэн цэцийн гишүүнээс цэцийн тухайн шийдвэрийн үр дагаврын талаар гишүүд асууж тодруулдаг байх зайлшгүй шаардлагатай. Иймээс Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд, эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсаны дараа дэгийн хуулийн шинэ зохицуулалтын дагуу энэ асуудлыг хэлэлцэх шаардлагатай тул цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулах горимын санал гаргасан юм. Ингээд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь нь дэмжсэн тул цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулав.

 

 

Дараа нь Улсын Их Хурлаас шинэ оны босгон дээр баталсан Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг сонссоноор чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин
incorvuz@mail.ru Утас:88671597:
incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-09