Үндэсний үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн болно
2016-01-11

Аж үйлдвэрийн салбарт энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгож буйтай холбогдуулан “Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн  зөвлөгөөн”-ийг нэгдүгээр сарын 15-нд “Туушин” зочид буудалд зохион байгуулна.

 

 

Төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий тус зөвлөгөөнийг Аж үйлдвэрийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөний үеэр Чингис бондын үр дүн, ЖДҮХС-аас олгосон зээл,  Аж үйлдвэрийн талаар баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэхээс гадна төрийн худалдан авалтыг дэмжсэн санамж бичгүүдэд гарын үсэг зурна. Тодруулбал, Аж үйлдвэрийн яам, БСШУЯ хамтран ажиллах санамж бичиг, АҮЯ, НЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичгүүдийг тус тус байгуулах юм. Мөн ГОК, МАК, Оюутолгой зэрэг томоохон үйлдвэрүүдтэй хамтран ажиллах санамж бичиг, худалдааны сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллах санамж бичиг, “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хоршоо” болон жижиг сүлжээ дэлгүүрүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичгүүдийг  байгуулна.

 

Мөн “Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн  зөвлөгөөн”-д Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар илтгэл тавина. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагууд, ТӨУҮГ-ууд, улсын төсөв, хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод болон орон нутгийн төлөөлөл, үйлдвэрлэгчид оролцоно. 

 

Shuud.mn
Сонин хачин