Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залав
2016-01-11

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдөр тохиож буйтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийн уг эхийг залах ёслол өнөөдөр 11 цаг 40 минутад Төрийн түүхийн музейд болов.

 

Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Үндсэн хуулийн 24 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв нар хүндэтгэлтэйгээр заллаа.

 

 

Хүндэтгэлийн ёслолын үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ, жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд улс орон даяар тэмдэглэдэг шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг тохиолдуулан ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залж, иргэд олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаатайгаар Төрийн түүхийн музейд байрлуулах Үндсэн хуулийн уг эхийг иргэд, олон нийт үзэж танилцах боломжтой гээд ардчилсан шинэ Үндсэн хуулиа туйлбартай сахиж, хүндэтгэж явахыг хүслээ.

 

 

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ, Улсын Их Хурлын даргын санаачлагаар шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залж иргэд, олон нийтэд толилуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ удаагийн ёслолын нэг онцлог нь Үндсэн хуулийн уг эхийг залах ёслолд шинэ Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүдийн төлөөлөл оролцож байгаа явдал юм гээд Монгол Улсад өнгөрсөн 25 жилд гарсан улс төр, нийгмийн өөрчлөлт, хөгжил цэцэглэлт нь шинэ Үндсэн хуулийн үзэл санаа үнэн зөв байсны илэрхийлэл юм гэдгийг онцлов.

 

 

 

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг уламжлалтай.

 

 

Үндсэн хуулийн уг эхийг залах ёслолд шинэ Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын зарим гишүүд оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

Shuud.mn
Сонин хачин