Зөрчилтэй дүрвэгсдийг буцааж эхэлжээ
2016-01-12

Германы Засгийн газар зөрчилтэй дүрвэгсдийг Австри улс руу буцааж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын дүрвэгсдийн асуудал хариуцсан төвөөс мэдээлснээр “Герман улсаас орогнол хүсээгүй. Бичиг баримтын зөрчилтэй иргэдийг Австри руу буцааж эхэлсэн” гэжээ. “AFP” агентлаг “Австри руу буцаж буй хүмүүсийн 90 хувь нь Афганистан, Марокко, Алжир улсын иргэд” гэж мэдээлэв.

 

Өнгөрсөн оны эцсээр Германы удирдлагууд Афганистанаас ирж буй дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, “Сири болон Иракийн иргэдийг бодвол афганистанчууд илүү амар тайван нөхцөлд байгаа” гэсэн юм. Германы тал зөрчилтэй гэх 200 гаруй иргэнийг Австри руу илгээсэн аж.

 

Кёльн хотын эмэгтэйчүүд рүү халдсан хэргийн дараа Канцлер дүрвэгсдэд орогнол олгохоо түр зогсоож, “Хэрвээ энэ асуудалд дүрвэгсэд хамааралтай бол орогнол олгох асуудлаа эргэн харна” гэж мэдэгдсэн юм.

 

Эмэгтэйчүүд рүү халдсан этгээдүүд африк болон араб гаралтай иргэд болохыг хохирогчид мэдэгдээд байгаа. Гэхдээ тус хотын цагдаагийнхан эмэгтэйчүүд рүү халдсан этгээдүүдийг дүрвэгсэд гэдгийг баталж чадахгүй байгаа юм. Халдлагатай холбоотойгоор зургаан этгээдийг баривчилж, 20 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин