“Талын түмэн адуу”-ны баяр болно
2016-01-13

 

“Талын түмэн адуу” өвлийн баярыг Хэнтийчүүд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус аймгийн Засаг даргын ивээл доор Батноров сумын захиргаа, “Мөнх Харилцаа” Монгол-Хятадын зөвлөл, гэрэл зургийн “Тусгал” бүлэг хамтран энэ сарын 15-17-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулна. Монгол орны өвлийн аялал жуулчлалын хөгжилд нэгэн өнгө нэмж, нүүдэлчин монголчуудын олон мянган жил уламжлан ирсэн гайхамшигт адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, талын салхи ханхлуулсан адуучин залуусын гарамгай  чадвар, Монгол хүн, адуу хоёрын салшгүй шүтэлцээг сурталчлах, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой өвлийн наадмаар олон сонирхолтой арга хэмжээ болно.

 

Тухайлбал, мэргэжлийн зурагчид 1000 адууны зураг авч, адуучин залуус адуу уургалах, эмнэг сургах, ташуур, уурга шүүрэх зэргээр мал маллах чадвараараа өрсөлдөнө. Мөн хамгийн сайхан Батноров хийцийн эмээл, эдлэл хэрэглэлтэй морьтон хосыг шалгаруулж, адуучин залуус, үзэгчдийн дунд адууны тухай дууг хэн сайн дуулах вэ тэмцээн зохиох аж. "Торгон тар" богино зайн бооцоот уралдаан, тайга нохдын хөтөлгөө, ан хөөлгөх гэх мэт олон сонирхолтой арга хэмжээ болно. Түүнчлэн шилдэг гэрэл зургийг шалгаруулан арга хэмжээний хүрээнд нийт 75 хүнийг шагнаж урамшуулах юм байна.

 

 “Талын түмэн адуу” өвлийн баяр наадмыг зохион байгуулагчид үзэгчидтэй хамтран Батноров сумын сургуулийн дотуур байрны номын санг тохижуулах, ном хандивлах сайн үйлсийн аяныг энэ үеэр өрнүүлэх юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин