Үндсэн хуулийн өдөр
2016-01-13

Өнөөдрөөс 24 жилийн өмнөх энэ өдөр буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлан мөрдөж эхэлжээ. Мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргаж байжээ.

 

Шинэ Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат “Монгол Улсын Үндсэн хуулийг улс даяар мөрдөж эхэлснийг зарлан тунхаглах ёслол үйлдэх тухай” зарлигийг 1992.02.01-ний өдөр 07 тоот зарлиг гаргасан нь өдгөө Үндэсний төв Архивын сан хөмрөгт эх хувиараа хадгалагдаж буй аж. Энэхүү зарлигийг Үндэсний төв архивын цахим сайтад бичигдэн үлдснээр хүргэж байна.

 

"Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагт буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлснийг нийтэд зарлан тунхаглаж нийслэл Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд төрийн шинэ бэлгэ тэмдэгийг өргөн мандуулах ёслол үйлдэж, энэ үеэр нийт аймаг, хот, сум, хороо, дүүрэг, орон нутгийн хотын төвд ёслолын цуглаан хийж, ёслол үйлдэх мөчид Монгол Улсын Төрийн шинэ далбааг Төрийн ордон, аймаг, хот, сум, хороо, дүүрэг, орон нутгийн хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дээр хүндэтгэлтэйгээр өргөн мандуулахыг зарлиг болгосон байна. Мөн Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газруудад тухайн улсын цагаар мөн өдрийн 12 цагт Монгол Улсын Төрийн шинэ далбааг өргөн мандуулахыг зарлигджээ.


Монгол Улсын Төрийн шинэ далбааг өргөн мандуулах үеэр Төрийн дууллыг улс даяар эгшиглүүлж, ёслолын буудлага хийхийг үүрэг болгосон байна" хэмээн тэмдэглэсэн байна.


1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ.


Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хайрт аавдаа АҮХ батлалцсаны 24 жилийн ойн мэнд хүргье
2016-01-13
Зочин:
үндсэн хуулийн өдөр бол бүрэн утгаараа бол 11 сарын 26 шүү дэ. 1924 оны энэ өдөр монголчууд түүхэндээ үндсэн хуульт бүгд найрамдах засаглалтай улс боллоо гэдгээ дэлхий нийтэд зарлаж анхдугаар үндсэн хуулиа баталсан өдөр. харин 1992.01.13 өдөр бол үндсэн хуулиа шинэчлэн баталсан өдөр. Монголчууд үндсэн хуулиа 1940, 1960, 1992 онуудад шинэчлэн баталж байжээ. Намууд улсын түүхэн энэ өдрүүдйиг өмчилж авсны гайгаар 1924.11.26 гэдэг өдөр түүхийн тавцнаас арчигдахад хүрч байна да
2016-01-13